Архангай аймаг газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор сум бүрт 10 га газар шийдэж өгсөн байна.
Энэ талбайд тухайн сумаас газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдийн оролцоотой төмс хүнсний ногоо, малын ногоон тэжээл зэргийг тариалж нутаг орныхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой болж байгаа юм. Тухайлбал, сумынхаа иргэдийн төмс хүнсний ногооны хэрэгцээг хангахаас гадна сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны хүнсэнд нийлүүлж болно гэдгийг аймаг, сумын удирдлагууд хэлж байна. Цаашид газар тариалангийн чиглэлээр сумдын иргэдээс дэмжлэг хүсвэл хөрөнгө санхүү, зээл тусламжид хамруулж дэмжихээ аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан мэдэгдэж байгаа юм.
Архангай аймгийн хөгжлийн нэг хөшүүрэг нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, газар тариалан юм. Газар тариаланг сум бүрт хөгжүүлэх бодлого барьж байгаа бөгөөд үүний дагуу тариалангийн болон бэлчээрийн бүс нутгуудыг тодорхой болгож бүсчлэн тогтоож, сум болгонд 10 га газрыг ийнхүү шийдэж өгчээ.