Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгдэхүүн” л дээ

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх  Ж.Цолмонтой ярилцлаа.

– Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын асуудалд анхаарал хандуулах цаг нь болжээ. Ялангуяа энэ салбарт бэлтгэгдэж байгаа оюутнуудыг сургахад сургуулийн бааз чухал  байр суурь эзэлдэг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

– Их, дээд сургуулиуд оюутнуудаа сайн бэлтгэхийн тулд  сургуулийн баазыг сайн бэлтгэх нь чухал. Энд анагаахын  их сургуулийн баазын талаар онцолбол хоёр зүйлийг хэлмээр байна. Аливаа улсын анагаахын сургууль нь бааз эмнэлэгтэй байж сайн эмч нарыг бэлтгэх боломж бүрдэнэ. Эмнэл зүй, оношлогоо эмчилгээ нь практиктай  уялдаагүй боловсрол олгох,  өвчтөн асарч үзээгүй, ажилбар эмчилгээг гардан хийх боломжгүй сургалттай сургуулийн оюутан нь сайн эмч болох магадлал бага. Тийм учраас тус сургуулийг төгссөн эмч хүний хувьд, багшилж байсан хүний хувьд, дэд сайдын хувьд, сургуулийн удирдах зөвлөлийн даргын албыг таван жил хашиж байсан хүний хувьд сургуулийг бааз эмнэлэгтэй болгох явдал амин чухал асуудал байж хамтран зүтгэгч, мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ шургуу хөөцөлдөж ажилласан.Энэхүү төсөл нь олон сая долларын хөрөнгө санхүүжилт шаардсан, улсын төсөв, хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй байсан учраас  бид шийдвэрлэх гарцыг эрэлхийлж олон байгууллагуудад хандаж байв. Эхний ээлжид  АНУ-ын Мянганы сорилтын сан, АХБ, ДЭМБ, Койка, ТИКА зэрэг байгууллагуудад хандсан ч дорвитой үр дүн гараагүй.Эцэст нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар эрүүл мэндийн салбарт хэд хэдэн том төслүүд хэрэгжиж эхлээд амжилттай явж байсан тул Япон улсаас Монгол улсад суугаа үе үеийн элчин сайд болох Ичихаши, Тодокоро, Шимизу нар болон элчин сайдын зөвлөх Кикучи, Хаяши нар бидний санаачлагыг маш нааштайгаар хүлээн авч дэмжсэн. Тийм дэмжлэг авах хэмжээнд хүртлээ итгэлийг дааж чадварлаг ажиллаж, атгасан гар шиг цул байсан манай эрүүл мэндийн салбарын хамт олондоо би талархдаг юм. Энэ ялдамд элчин сайд асан Шимизу гуайг тусгайлан дурдаж, баярласнаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Шимизу гуай гурван сарын өмнө нутаг бүр мөсөн буцсан. Нэг зорилгын төлөө  ажилласан бидний ажил өнөөг хүртэл  үр дүнгээ өгч байгаа нь анагаахын салбарт зохих хувь нэмэр оруулсан болов уу.

– Нэг төслийг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа шаарддаг.  Тэгэхээр сургуулийн бааз эмнэлэгтэй болоход таны хувь нэмэр байсныг мэднэ. Хэзээ эмнэлэг маань баригдаж дуусах вэ?

– Орчин үеийн боловсрол, сургалт-эрдэм шинжилгээний шаардлага стандартыг бүрэн хангасан цогцолбор “University hospital”-тай болох хүсэл 1-2 жилийн дотор шийдэх асуудал биш. Сургуулийн бааз эмнэлэг байгуулах асуудал үе үеийн Эрүүл мэнд, Боловсролын салбар, Анагаахын сургуулийн удирдлагуудын бодлогын хүрээнд тавигдаж байсан асуудал. Бид түүхээ мэдэж, ой санамжтай байх ёстой. Би анх их сургуулийн эмнэлгийн эхлэл суурийг тавьж АШУҮИС-ийн дэргэд “Эрхэс “ эмнэлгийн 40 ортой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон   НАСС-ийн 25 ортой эмнэлгийн зөвшөөрлийг Удирдах зөвлөлийн даргын хувьд дэмжиж олгож байсан. Тухайн үеийн сургуулийн удирдлага үүнд ихээхэн талархлаа илэрхийлж “Ингээд бид удахгүй том эмнэлэгтэй болох эхлэл маань тавигдлаа” гэж байсан. Харин төслийн хувьд багагүй хугацаа шаардаж  хэрэгжүүлсэн  нь ийм учиртай.

Япон улсад мөрдөж буй дүрэм журмаар бол буцалтгүй тусламж хүртэж буй орон нь НҮБ-ын ангиллаар ядуу, буурай хөгжиж буй орон байх ёстой байдаг. Харин Монгол Улсын эдийн засаг ялангуяа 2008-2010 онуудад үлэмж хэмжээгээр өсч дундаж орлоготой орны тоонд багтдаг болсонтой холбоотой юм. Нэгэнт Монгол Улс ядуу, буурай хөгжиж буй орны тоонд багтахгүй болсон тул Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж хүртэх асуудал  эгзэгтэй болж ирсэн. Харин ч Япон түншүүдийн маань аливаа зүйлд уйгагүй ханддаг, эхэлсэн бол дуусгадаг, ярьсан бол хийдэг хөдөлмөрч тууштай зан чанар нь  асуудалд  нааштайгаар  хандаж, дэмжлэг үзүүлсэн нь төслийг хэрэгжүүлэх том боломж олгосон юм. Япон улсаас Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламжийн сүүлчийн төсөл нь тус сургуулийн бааз эмнэлгийн төсөл байлаа.  Харин үүнээс хойш хэрэгжүүлэх бүх төслүүд нь буцалтгүй тусламж бус, зөвхөн  хамтын ажиллагааны төслүүд байх юм. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд Монголын талаас шийдэх ёстой газрын асуудал нэлээд бэрхшээлтэй, ярвигтай байсан. Төслийн нийт өртөг 60 гаруй сая доллар, 2018 онд сургууль  орчин үеийн бааз эмнэлэгтэй болох юм.

– Сүүлийн үед АШУҮИС-ийн багш, оюутнууд захиралдаа хариуцлага тооцож, огцруулах асуудлыг ярих боллоо. Иимэрхүү байдал МУИС дээр үүсч удирдлага нь солигдсон.Та  энэ тал дээр юу хэлэх вэ?

– “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэж үг байдаг даа. Асуудал байгаа болоод захиралдаа хариуцлага тооцох асуудлыг хөндсөн байлгүй дээ.Ер нь засгийн эрх барьж буй нам мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай, боловсон хүчнээ байршуулдаг нь тогтсон жишиг. Үүний тод жишээ бол 2012-2016 онд Ардчилсан нам эрх барихдаа бүх шатанд халаа сэлгээ хийж, тэр тусмаа эрүүл мэнд, боловсролын салбар хамгийн ихээр өртсөн шүү дээ.

– Таныг  сургуулийн захирлаар томилогдоно гэсэн мэдээлэл хэвлэлээр бичигдээд байгаа. Энэ хэр ортой зүйл вэ?

– Миний нэр яригдаад эхлэнгүүт янз бүрийн дайралт, доромжлол, гүтгэлэг ирж байгаа. Үүнийг тарааж байгаа эзэн нь ч тодорхой. Миний хувьд  улс төрд хорь гаруй жил зүтгэж, хат суусан хүний хувьд иймэрхүү зүйлийг тоодоггүй. Ийм зүйлд анхаарах  цаг, зав ч алга. “Хэлсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэдэг байх аа.Би өөрөө энэ сургуулийг төгссөн, энэ сургуульд багшилж ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан, энэ сургуульд эрдмийн зэрэг цолыг хамгаалж анагаах ухааны магистр, докторын зэрэг хамгаалсан. ЭМШУИС-ийн удирдах зөвлөлийн даргаар тасралтгүй  таван  жил ажилласан.Мөн Эрүүл мэндийн дэд сайдаар таван жил, гурван Засгийн газарт ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн салбарын шаардлага, хэрэгцээнд нийцсэн боловсон хүчин бэлтгэх асуудлаар  Боловсролын яамтай бодлогын болон хяналт-гүйцэтгэлийн шийдвэрийг гаргаж,хамтран ажиллаж байсан. Ингээд бодохоор ажил амьдралын минь он жилүүд яах аргагүй энэ сургуультай холбогдсон, анагаахын сургуулийн бүтээгдэхүүн мөнөөс мөн байгаа биз.  Тиймээс салбарын удирдлагын зүгээс надад итгэл хүлээлгэж, санал тавибал татгалзах зүйлгүй.

– АШУҮИС –ийн сургалтын чанарт иргэд сэтгэл дундуур явдаг. Та энэ тал дээр юу хэлэх бол?

– Монгол Улсад 2015-2016 оны хичээлийн жилд 3500 гаруй оюутан төрийн болон хувийн хэвшлийн сургуулийг анагаахын чиглэлээр төгссөний 22.2 хувь нь ажлын байраар хангагдсан байна. Харин үлдсэн 70 гаруй хувь нь ажлын байргүй гэсэн үг. Эмчийн мэргэжил бол цаг тутам мэдлэгээ нэмж зузаатгаж байхын зэрэгцээ, дадлага байнга хийж байх шаардлагатай мэргэжил. Яг хөгжимчин хүн шиг. Хөгжимчин хүн давтахгүй бол хөгжмөө дарж чадахаа больдог. Тамирчин хүн дасгал сургууль, бэлтгэлээ  хийхгүй бол амжилт гаргаж чадахгүй. Яг үүнтэй адилхан. Тэгэхээр анхнаасаа тааруухан  төгссөн эмч хүн ажилгүй хэдэн жил суучихаад дараа нь эмчийн ажил хийнэ гэдэг их хэцүү.   Үүний зэрэгцээ Монгол Улс 10000 хүн амд ногдох эмчийн тоогоор 31.6 байгаа нь дэлхийд дээгүүр байр эзэлдэг буюу энэ үзүүлэлт Япон улсад 17.0, БНХАУ-д 15.0 дэлхийн дундаж 13 байна. Тэгэхээр бид тооны хойноос бус чанарыг эрхэмлэх цаг болсон. АШУҮИС-ийн сургалт, бэлтгэгдэн гарч буй “бүтээгдэхүүний” чанар шаардлага хангахгүй байгаа талаар олон жил ярьж байгаа. Сэтгэл ханамжийн судалгаанаас үзэхэд хүн амын 70-80 хувь нь эрүүл мэндийн салбарын ажилд тааруу болон хангалтгүй гэсэн дүн тавьсан байсан. Үүний зэрэгцээ ДЭМБ-ын жишиг стандартаар 1 эмчид 3 сувилагч ногдох ёстой байхад харин манай улсад 1эмчид 1.2 сувилагч буюу нэг л сувилагч ногдожбайгаа нь эргээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Япон улсад 10000 хүн амд 118, сувилагч, Германд 115, ОХУ-д 75 сувилагч ногдож байхад харин манай улсад 37.5 байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Тийм учраас  ойрын ирээдүйд оюутны элсэлтийн тооны хойноос хөөцөлдөх явдлаас эрс татгалзаж “бүтээгдэхүүн”-ий чанарт онцгой анхаарах цаг болсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд “чанарын баталгаатай”, ёс зүйтэй, сэтгэлтэй, цаашдаа  хүний эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ гүнээ ухамсарласан, үүрэг хариуцлагаа мэдсэн эмч,олон сайн мэргэжлийн сувилагч нарыг бэлтгэх нь амин чухал тулгамдсан асуудал болоод байна. Би дэд сайдаар ажиллаж байхдаа өөрөө санаачлан Сингапур улсын Темасекийн сан, БНСУ-ын ЭМ-ийн яаманд санал тавьж тасралтгүй хөөцөлдсөний үр дүнд 100 сувилагчдыг  жил болгон Сингапурт сургахаар,  86 эмчийг багаар нь БНСУ-д дадлагжуулах, сургах гэрээ хэлэлцээр байгуулж эхний 100 сувилагч, 86 эмч 2012 оны эхний хагас жилд багтаж явуулж амжсан. Харамсалтай нь, энэ сургалт тэгсхийгээд  зогссон байна билээ. Хэрэв энэ ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байсан бол 430 гаруй эмч, 500 гаруй сувилагч нараа сургах байлаа.Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлоготой уялдуулж элсэлтийг авах нь зүйтэй. Эцэг эхийнхээ хэдэн төгрөгийг баран байж амьдралынхаа зургаан жилийг зориулсан оюутнууд маань гараад ажлын байртай баймаар байна. Анагаахын сургуульд орох босгыг өндөрсгөж, сургалтын чанар, төгсөгчдийн чанарыг дээшлүүлэх шаардлагатай байна. Иймд анагаахын сургуулийн хувьд дан ганц оюутны төлбөрөөр санхүүждэг бус санхүүжүүлэх өөр эх үүсвэрүүдийг эрэлхийлэх хэрэгтэй. Мөн багш нарын чадамж, ёс зүйг дээшлүүлж үүрэг хариуцлагыг тооцдог тогтолцоог боловсронгуй болгохын хажуугаар их дээд сургуульд багшилж буй багш нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг одоогийн төвшнөөс сайжруулах, сургуульдаа багшилж байгаагаараа бахархах, итгэл үнэмшлийг төрүүлж, ингэснийхээ  хэрээр сайн, чанартай бүтээгдэхүүн гаргах зүй ёсны шаардлага тавьж чадахуйц, тэр нь үйлчилдэгтогтолцоог бий болгох шаардлагатай байна. Анагаахын сургуульд төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг арай өөр байх ёстой болов уу. Яагаад гэвэл төгсч гарч байгаа хүмүүсээс маань хүний амь нас, эрүүл мэнд шалтгаална.  АШУҮИС-т өөрт нь төсөв хөрөнгөө арвижуулах олон өргөн боломж бий.  Гагцхүү үүнийгээ олж харах, зөв менежмент, удирдлагаар хангах хэрэгтэй байна.

– Одоо эрүүл мэнд болон сургуулийн талаар бус харин таны хийж ирсэн нам, олон нийтийн ажлын талаар сонсвол уншигчдад сонирхолтой байх ?

– Түрүүн хэлсэн эмч больё гэснээрээ эмч болж, багш гэсэн нэр хүндтэй ажлыг хийж, эрдмийн зэрэг хүртэж, салбартаа зүтгэсэн. Үүний зэрэгцээ  өөрт байгаа цаг, энергээ, сурсан мэдсэнээ нийгэмдээ зориулъя гэсний үүднээс хүмүүнлэгийн ажил хийж, хүүхэд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрхийн төлөө олон ажлууд хийж байсан, одооч хийж байна. МАН-ын Бага хурлын гишүүнээр арван жил, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр  зургаан  жил, намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагын дэд тэргүүнээр есөн  жил ажиллалаа. 2012 онд нам  ялагдаж, манай намынхан бүгдээрээ ажилгүй болсон. Би Н.Удвал сайд  дээр 2012 оны есдүгээр  сард ороод  би ажлаа өгье,  та багаа сайхан бүрдүүлээд ажилла гээд л гарч байсан.Сонгуулийн үр дүнгээр төр солигдоход төрийн ажлыг авсан шигээ өгдөг байх хэрэгтэй. Түүнээс хойш эрдэмтэн хүнийхээ ажлыг хийж гадаадын их, сургуулиудын урилгаар лекц уншиж, мэргэжлийн чиглэлээр олон улсын хурлуудад оролцож, мөн  ном бичиж, намын ажилд оролцож, намаа ялуулахын төлөө журмын нөхдийн хамт зүтгэсэн.

– Та ингэхэд яагаад сонгуульд нэр дэвшээгүй юм бэ?

– Сонгуулиар тойрог аваагүй.  Ц.Даваасүрэн гишүүн маань намдаа эргэж  орсон учир, баталгаатай суудал авчрах хүн гэж намын удирдлагууд үзсэн. Энэ шийдвэрийг би хүндэтгэсэн. Харин Ц.Даваасүрэн гишүүн “би 2020 онд Хөвсгөлд дэвшихгүй чи тойргоо аваарай” гэж хэлсэн. Өөр тойрог авч болох л байсан. Гэтэл улс төрд миний өмнө байна уу, хожуу байна уу орж ирсэн нь хамаагүй, хамтран зүтгэж байсан эмэгтэйчүүд маань адилхан л тойрог авахын төлөө өөрсдийн  бүхий л хүч чадлаа  дайчлан ажилласан. Би намынхаа даргад “Хөвсгөлийн тойрог надад оногдохгүй бол би бусдынхаа тойргийг авахгүй ээ” гэж хэлсэн энэ  амандаа хүрсэн.  Харин энэ удаа эмэгтэй гишүүд маань намайг  чин сэтгэлээсээ дэмжиж  АШУҮИС-ийн захирал болгохыг хүсч, үүнийгээ илэрхийлж  өөрсдөө санаачилга  гаргаад,  гарын үсгээ зурж  УИХ-ын дарга, Ерөнхий Сайд, ЗГХЭГ-ын дарга, БСШУС-ын сайдад хүргүүлсэн байна билээ. Үүнийг хэн нэгэн  нь намайг албан тушаал горьдоод гарын үсэг зуруулаад явсан гэж хэвлэлээр гүтгэн, доромжилсон.  Би нэг ч удаа янз бүрээр хэлүүлэхдээ шүүх, цагдаа болж байгаагүй. Харин энэ удаа би шүүхэд өгнө гэж бодож байгаа. Чимээгүй, хүлээцтэй,тэвчээртэй, ухаантай байгааг минь дорой буурай, арчаагүй, чадваргүй, чадалгүй гэж ойлгож, яаж ч болно гэж бодож байгаа бол тийм зүйл  байхгүй шүү гэдгийг хэлье. Сонгуулиар манай нам ялж МАН-ын Удирдах Зөвлөлөөс Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж, миний охины нэр дээр байсан орон сууцны нэг давхарт байрлах жижигхэн шүдний эмнэлгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж миний нэрийг татсан. Хэдийгээр би тэр ашиг сонирхлын зөрчил гэж үзсэн юмыг арилгасан ч авч хэлэлцээгүй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг маань дараа нь шийдвэр гаргах төвшинд ашиг сонирхлын зөрчил үүсэхийг хэлэх байх.  Түүнээс сайд болно гээд л олж авсан мэргэжлээрээ ард түмэндээ тустай, хэрэгцээтэй юмаа хийхгүй явдаг улс төрч, төрийн албан хаагч цөөхөн байх аа. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой.Хамгийн гол нь эмэгтэйчүүд бид эмэгтэй квотоо алдаагүй нь том амжилт. Одоо БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа маань эрүүл мэнд, боловсролын салбарыг уялдаатай ажиллах талаар хувь нэмрээ оруулах боломж гэж бодож байгаа. Эрүүл мэнд, спортын салбарт намайг мэддэг байсан бол боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт мэддэг болж олон сайхан хамт олонтой болж байна.

В.Сарантуяа

shuurhai.mn

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …