Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ.
Авто тээврийн үйлчилгээний төвийн П.Дэлгэрнаран “Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явахаар боллоо. Энэ нь, иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж байна гэсэн үг” гэлээ.
Тус чиглэлд Монгол Улсын “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж.
Дашрамд дурдахад, том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн яам, Дорнод аймгийн ЗДТГ, Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд оролцлоо.