Саяхан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэр бүлийн маргааныг шийдвэрлэх орчин нөхцлийг сайжруулах, шүүгчдийг мэргэшүүлэх талаар гаргасан шийдвэрийг уншаад маш их талархан хүлээн авлаа.
Миний бие 20 гаруй жил анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллахдаа гэр бүлийн маргаантай олон хэрэг шийдвэрлэж байсан.Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг маргаан ихсэж байгаа нь нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэгтэй салшгүй холбоотой гэж хувьдаа үздэг. Гэр бүл цуцлалтаас улбаалан олон хүүхэд өнчирч байгаа тоон үзүүлэлт нь нийгмийн сэтгэл эмзэглүүлсэн асуудлын нэг яах аргагүй мөн.
Одоогийн байдлаар шүүгчид ИХШХШТХ- иар гэр бүлийн маргааныг бусад төрлийн хэргүүдтэй адил орчинд шийдэж байгаа. Гэтэл гэр бүлийн харилцаа нь онцлог шинжтэй, бусдаас нуух хаах зүйл ихтэй эмзэг харилцаа бөгөөд энэ хэргийг шийдвэрлэх орчин нөхцөл нь зайлшгүй тайван дулаан уур амьсгалтай орчин нөхцөл шаарддаг. Энэхүү бодит байдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оновчтой олж хараад, гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхэд тусгай орчин бүрдүүлсэн шийдвэр гаргасан нь ихэд талархууштай ажил болжээ. Тэр ч битгий хэл гэр бүлийн шүүх гэдэг тусдаа дагнасан шүүх байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ талаар дагнан бэлтгэгдсэн шүүгч ажиллах нь хүртэл ач холбогдолтой юм.
Учир нь нийгмийн оршин тогтнох үндэс суурь болсон гэр бүлийн харилцааг шийдвэрлэхэд тайван уур амьсгалтай, ая тухтай орчинд маргааныг мэргэшсэн шүүгчээр шийдвэрлүүлнэ гэдэг бол тухайн хэргийг шийдвэрлүүлэхээр ирж байгаа гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйд хүртэл нөлөөлж маргаан тэмцлээ хойш тавьж, үр хүүхдээ өрөвдөх уужуу сэтгэлээр магадгүй эвлэрээд гарах боломжтой юм. Энэ нь нийгмийн амьдралын анхдагч суурь давхарга болох нэгэн гэр бүлийн амьдрал салах, үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх цаашлаад эцэг, эхгүй өссөн хүүхдийн тоо цөөрөх гэх мэтээр хэлээд байвал дуусахгүй олон эерэг үр дагаварууд гарах юм.
Гэр бүл бол хүүхэд амьдрах, хөгжих,төлөвших анхдагч орчин байдаг. Тиймээс хүүхэд хамгааллын асуудлыг гэр бүлийн орчин, эцэг эхийн үүрэг, хариуцлага, гэр бүлийн бусад гишүүдийн оролцооноос салган авч үзэх боломжгүй. Түүнчлэн хүүхэд эцэг эх, гэр бүлийн бусад гишүүдийн хамт байх нь тэдний дээд эрх ашигт нийцдэг тул хүүхэд хамгааллын бодлого,стартеги нь хүүхдийг гэр бүлд нь бүр боломжгүй бол түүнийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх гэсэн оновчтой зөв шийдвэр гарах эхлэл болно гэж үзэж байна.
Иймд гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэдэг дагнасан шүүхтэй, мэргэшсэн шүүгчтэй байх явдал нь шүүгчийн гаргаж байгаа шийдвэр нь оновчтой, алдаагүй байх эргээд насанд хүрээгүй нялх балчир хүүхдийн эрх ашигт хүртэл эерэг нөлөөлөх чухал ач холбогдолтой гэж үздэг. Үндсэн хуульд дагнасан шүүхтэй байхыг зөвшөөрсөн, нэгэнт хориглоогүй учраас гэр бүлийн дагнасан шүүх байгуулах боломжтой бөгөөд дагнасан шүүх байгуулах хөрөнгө мөнгө, зардал гээд эдийн засгийн хувьд асуудал ихтэй боловч монголын мянга мянган гэр бүл, тэдний үр хүүхдийн түүнчлэн бидний ирээдүй хойч үеийнхний төлөө хийж байгаа том хөрөнгө оруулалт бөгөөд шүүхийн шинэтгэлийн бас нэг чухал алхам гэж үзэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах байр, орчин нөхцлийг гэр бүлийн харилцааны мөн чанар, маргааны онцлогт нийцүүлэх, шүүгч эвлэрүүлэн зуучлагчийг нэг байранд төвлөрүүлж, тэдгээрийг мэргэшүүлэх боломжийг бүрдүүлэхээр санаачлага гарган ажиллаж байгаад талархаж байгаагаа дахин хэлэхийг хүсч байна
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа