УИХ-ын дарга хариуцлагын асуудлыг шинэ төвшинд гаргаж тавилаа

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийгээд буй энэ үед төрийн гурван өндөрлөг нэг асуудалд санал нэгдсэн нь онцлууштай хэрэг болоод байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлага, ёс жудгийг нэхэж байна. Төрийн алба, төрийн албан хаагчийн чадавх сулралд орж болохгүйг сануулж байна. Төрийн ажлын тогтсон дэг жаяг алдагдаж байна. Энэ гашуун ч гэлээ гарцаагүй зөв сануулгыг урьдын адил нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж болохгүй. Сонгууль болгоны дараа хийгддэг төрийн албаны халаа сэлгээ бараг байх ёстой хэм хэмжээ, дүрэм журам болж хэвшихэд хүрлээ. Намын нэрээр гул барьж, төрлийн болон бүлэглэлийн хэлхээгээр төрийн албыг торлох үзэгдэл байсаар байна. Үүнийг дагаад төрийн албаны тогтсон дэг жаяг алдагдаж байна. Энэ байдлыг халахгүй бол мөнгөтэй, баялагтай байлаа гээд хөгжихгүй, урагшлахгүй” хэмээн тодотгосон нь эрх баригчид хариуцлагын асуудлыг энэ дөрвөн жил шинэ шатанд гаргаж, цаг ямагт нэхэхээр шийдсэнийг илтгэж байна. УИХ-ын дарга М.Энхболд парламент бүрдсэний дараа “Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага” гэж хэлсэн удаатай. Үүнээс үзвэл өмнөх парламент шиг хариуцлагагүй байдлыг хавтгайруулж, түүнээс үүдсэн хор уршгийг ард нийтээрээ, улсаараа үүрэхгүйн тулд МАН-ын тэргүүлж буй Засгийн газар хариуцлагыг жанжин шугамаа болгох нь гэж ойлгож болохоор байна. М.Энхболд даргыг ийнхүү цаг ямагт, шат шатандаа хариуцлагын асуудлыг нэхнэ гэж хатуу мэдэгдсэний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч мөн хариуцлагын асуудлыг үгийнхээ эхэнд хөндсөн нь спикерийн үг хоосон байгаагүйг, зүй ёсны үг байсныг дахин бататгав. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголд олдохгүй нэг зүйл байна. Тэр бол хариуцлага. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана. Монгол Улсад мөнгөгүй хийж чадах ажил бол мөнгө л байгаа юм.
Үнэхээр хариуцлагатай улс болъё гэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй” гэсэн юм. Монгол төрийн номер нэг, хоёр дахь эрхэм ийнхүү хариуцлагын асуудлыг хөндсөн. Харин үүнээс өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төр захиргааны байгууллагын удирдлагуутай уулзах үеэр “Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байгааг Ерөнхий сайдын хувьд ч энэ улсын иргэний хувьд мэдэрч байна” гэсэн юм. Ийнхүү төрийн гурван өндөрлөг хариуцлагын асуудал Монголын төрд тулгамдсан асуудлын нэг болсныг дуу нэгтэйгээр хэлж байна. Үнэндээ төрийн өндөрлөгүүд ингэж нэгэн дуугаар дуугарах болсны үндэс нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчид төдийгүй төрийн албаныхны дунд хариуцлагын асуудал уланд хаягдсаныг илтгэж буйн нэг хэлбэр. АН-ынхан ингэж хариуцлагыг үгийн сангаасаа хасч, дураараа авирлаж байх үед төрийн тэргүүн Ц.Элбэгдорж энэ талаар өнөөдрийнх шиг хүчтэй дуугарсан уу гэвэл үгүй. Мэдээж ингэх шалтгаан түүнд бий. Учир нь тэр тэртээх найман жилийн өмнө АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээр өдгөөгийнхөө суудалд сууж байсан.
Тийм учраас энэ намын болж бүтэхгүй, буруу булхайг хамаагүй чанга дуугаар зарлах нь хувь хүний совест талаасаа ч зохимжгүй асуудал. Харин шинэ Засгийн газар бүрдэж, УИХ-ын дарга нь, Ерөнхий сайд нь сураг алдарсан хариуцлагын асуудлыг хөндөж эхлэнгүүт хэлэх үгээ хэлж байгаа бололтой юм. Түүний хувьд ингэж чанга дуугарсан нь өөр нэг шалтгаантай. Тодруулбал, энэ хаврын чуулган бол Ц.Элбэгдоржийн хувьд сүүлийнх. Ямартай ч тэр “буцахдаа” өнгөрсөн дөрвөн жилийн назгайрал, завхралыг ил цагаан биш ч далдуур ч болов хэлээд авлаа. Гэхдээ түүний үгтэй үггүй Ардын намынхан хариуцлагын асуудлыг цаг ямагт хөндөнө гэдгээ нэгэнт мэдэгдчихсэн. Улс төрийн ууган хүчин, тулхтай удирдагчид гэдгээ тэд энэ дөрвөн жилийн хугацаанд харуулж чадна гэсэн бүрэн итгэлтэй байгаа. Тийм ч учраас УИХ-ын дарга М.Энхболд “Та бид Монгол түмнийхээ итгэл найдварыг хором зуур ч мартах эрхгүй. Энэ удаагийн УИХ Монголын түүхэнд сайнаар үлдэх олон зүйл хийгээсэй хэмээн хүсч байна” гэсэн нь иргэдийн их итгэлийг зүтгэлээр хариулах чин эрмэлзэлтэй байгааг нь бүрнээ илтгэж байгаа юм. Тэгээд ч “УИХ-ын энэ удаагийн бүрэлдэхүүнд итгэл тавьж байгаагаа би өмнө нь хэлж байсан” хэмээх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг энэ парламентад хийж бүтээх их хүсэл, чин эрмэлзэл байгааг олж харсных биз ээ.
Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг жинтэй, даацтай, хариуцлагатай байгааг ч илтгэж байгаа юм. Ямартай ч энэ цаг мөчөөс спикерийн хэлсэнчлэн хариуцлагын асуудал нэн тэргүүнд яригдаж, тэр чинээгээр төрийн ажил цалгар назгайралгүй явах нь гэж ойлгож, бас хүлээж болохоор боллоо.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …