Ж.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын санг С.Эрдэнэ та дампууруулсан

Өнгөрсөн мягмар гарагт нээлтээ хийсэн УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр эхний асуудлаа хэлэлцлээ. Эдийн засгийн нөхцөл, байдалтайгаа уялдуулан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар болон Сангийн яамнаас долоон төрлийн татварыг нэмэх заалт бүхий 2017 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү асуудлыг хаврын ээлжит чуулган хөшгөө нээсэн даруйдаа анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Ингээд өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

“Ерөнхий сайд чи тэр үед Сангийн сайд байсан”

С.Эрдэнэ: Эдийн засгийг сэргээх гэж аж ахуйн нэгж рүүгээ дайрч болохгүй. Дээрээс нь Засгийн газар маш удаан ажилласан. Хурдан ажилласан бол байдал өөр байж болох байсан шүү дээ.
Б.Чойжилсүрэн: Нөхцөл байдал ингэж хүндэрсэн учраас Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан. ОУВС-тай хөтөлбөрт тохирсон. Энэ хөтөлбөрийн дагуу долоон төрлийн татвар нэмэх асуудлыг оруулж ирсэн.
Ж.Эрдэнэбат: Эдийн засгаа хэрхэн сэргээх тал дээр олон улсын банк санхүү болон бусад байгууллагатай ярилцаж олон ажил хийж байна. Засгийн газар удаан байна гэж олон хүн шүүмжилж байна. Яагаад удаад байсан гэдгийг ОУВС-тай хөтөлбөрт хэрэгжүүлэх гэж байгаагаас харж болно. Хөтөлбөртэй холбоотой шийдвэр гаргах явц удаад байсан гэдгийг хэлье. Миний бие Сангийн сайд байсан нь үнэн. Гэхдээ яагаад танай нам МАН-ыг хамтарсан Засгийн газар байгуулъя гэчихээд найман сарын дараа хамтрахаа болъё гэсэн юм бэ. Магадгүй хамтарсан Засгийн газар ажиллаад байдал сайжирсан бол өнөөгийн хүнд нөхцөл байдал үүсэхгүй байсан байх. Та 5.5 тэрбум ам.долларын их өрийг яаж, юунд зарцуулах гээд байна гэх юм. Энэ мөнгөөр АН-ын тавьсан өрийн хугацааг л сунгаж байгаа юм шүү дээ. Өнөөдөр Нийгмийн даатгалын санг С.Эрдэнэ та дампууруулсан.

С.Эрдэнэ: Ерөнхий сайд чи тэр үед Сангийн сайд байсан. Би биш чи дампууруулсан.

“Зорилтод бүлгийн хүүхэд хүнсний талон, мөнгөө ч авна”

Д.Сарангэрэл: Захиргааны аргаар хүмүүсийг 55, 65-тай тэтгэвэрт гаргаж байгаа. Энэ асуудлаа засах хэрэгтэй байна. Хүүхдийн мөнгийг олгох асуудалд тодорхой мэдээлэл хэрэгтэй байна.

Б.Чойжилсүрэн: Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай. Тэтгэврийн санд жил ирэх тусам улсын төсвөөс олон тэрбум төгрөгийн татаас авч байна. 2019, 2020 онд л гэхэд 2.3 их наяд төгрөгийг Тэтгэврийн санд улсын төсвөөс татахаар байгаа. Өмнөх Засгийн газар зориг гаргаад энэ ажлыг хийсэн бол өнөөгийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Хүүхдийн мөнгөний тухай ОУВС-гаас тавьж байгаа шаардлага бий. Зорилтод бүлгийн хүүхдийн 60 хувьд олгоно гэснийг 40 хувь болгоод үлдсэн 20 хувьд нь хүнсний талон өгөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр зорилтот бүлгийн хүүхэд мөнгөө ч авна, хүнсний талон ч авна гэсэн үг.

“Хадгаламж эзэмшигчдэд 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байлгүй дээ”

Б.Энх-Амгалан: Хувь хүний хадгаламжийн хөрөнгийг 10 хувь болгоно гэж байна. Хадгаламжаа татчихвал яах вэ, мөнгөө татаад үл хөдлөх хөрөнгө болгоод төлөвлөсөн төсөв тасарвал яах вэ.

Б.Чойжилсүрэн: Ийм эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголбанк, Сангийн яамнаас мэргэжилтнүүд сууж ярилцсан. Банкнаас мөнгөө татвал бодит салбар рүү хөрөнгө оруулах байх гэж тооцоолсон. Нэг жилд хадгаламж эзэмшигчид 10 хувийн татвар төлөх ухамсар байгаа байлгүй дээ. Хадгаламжийн 15 хувийн хүү байгаа. Энэ тогтолцоог өөрчлөх л хэрэгтэй гэж бодож байна.

Засгийн газар 5.01 их наяд төгрөгийн өртэй

Ж.Энхбаяр: Засгийн газрын өрийн үлдэгдэл хэд байгаа вэ. Энэ тоо хэрэгтэй байна. “Эрдэнэт”-ийг төрд авсан. Энэ мөнгө төсвийн хаана суусан юм бэ. Би хайгаад олсонгүй. Мөн 2018 онд төлөх өр байгаа. Бонд гаргах талаар мэдээлэл өгөхгүй юү.

Б.Чойжилсүрэн: Засгийн газрын өрийн үлдэгдлийн талаар тооцоолол хийсэн. 5.01 их наяд төгрөг байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах эх үүсвэрийг тодотголд суулгаагүй. Та зөв харсан байна. 49 хувийг худалдаж авсан талтай хэлэлцээр хийж байгаа. 2018 онд өр төлнө. Үүнд зориулж 2017 онд бонд гаргахаар төлөвлөсөн байгаа.

“Би лав худлаа төсөв батлахгүй”

Ч.Хүрэлбаатар: ОУВС-тай хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх гэж байгаад сайшаалтай хандаж байна. Гэхдээ хэлэлцээ маш муу болсон байна. Эдийн засгийн өсөлтийг 2017 онд 3.1 хувь гэж тооцоолж төсвөө баталсан шүү дээ. Гэтэл яагаад 2017 онд эдийн засгийн өсөлт буурна гэж тооцоолсон юм бэ. Том төсөл, хөтөлбөрүүд хөдлөхгүй юм уу. Та нар төмөр замаа хөдөлгөхгүй гэж ОУВС-тай тохирсон юм уу. Яагаад.

Б.Чойжилсүрэн: Хэлэлцээр муу хийсэн гэж та дүгнэж байхад, энэ бол таны л дүгнэлт. Эдийн засгийн өсөлтийг -0.2 болгож оруулж ирсэн. Төсвийн тодотголыг нөөцтэй тооцоолчих гэж ОУВС-гийнхан хэлсэн. Ингэж хасахтай тооцохгүй бол ОУВС-гийнхан захирлуудын зөвлөлөөр оруулахад хэцүү гэж хэлсэн. Аль аль талдаа болгоомжтой хандсан. Бодит байдал дээрээ 2017 онд эдийн засгийн өсөлт хоёр хувь болохоор байгаа. Том төсөл, хөтөлбөрүүдээ бүгдийг нь хөдөлгөнө. Бүгдийг нь хөдөлгө гэх шаардлага хүртэл ОУВС-гийнхан тавьж байгаа. Гэхдээ 2018, 2019 оны төсөвт шилжүүл гэсэн байгаа.

Ч.Хүрэлбаатар: ОУВС тэгвэл худлаа төсөв баталчих, хасах болгочих гэж хэлсэн юм байна шүү дээ. Би л лав тэгж худлаа төсөв батлахгүй. Ингэж хэн хэнээ хуураад яах вэ. Хоёрдугаарт он шилжүүлж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 20 гаруй тэрбум биш шүү. Дор хаяж хоёроор үржүүлэх ёстой шүү. Ингэж худлаа хэлж болохгүй.

Б.Чойжилсүрэн: Ч.Хүрэлбаатар дарга жаахан хэтрүүлчих шиг боллоо. Ер нь бол санхүүжилтийн дүн өндөр байна. ОУВС-гийнхны хэлснээр эдийн засгийн өсөлт нэмэх байвал захирлуудын зөвлөлөөр тодорхой санал шүүмж гарна гэсэн. Нөөцтэй байх тал дээр хаа хаанаа боловсруулалт хийсэн.

“Иргэдэд хүндээр тусгахгүйн тулд зөөлөн бодлого барьж байна”

Х.Нямбаатар: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хайр найргүй зарцуулсны хохирлыг нь бидний үеийнхэн, биднээс хойш үеийнхэн эдлэх боллоо. С.Эрдэнэ гишүүн та 2004 оноос хойш нийгмийн даатгалын санг удирдсан. Арвижуулах талаас нь юу хийв гэдгийг асуумаар байх юм. Архангай аймгийн Хайрхан суманд нийгмийн даатгалын хоёр байцаагчид зориулж байр барьсан, Баянхонгор аймагт Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн нэг тэрбум гаруй төгрөгөөр 40-ын бедон тараасан. Энэ бүхний золиос нь бид, бидний үеийнхэн болж байна. Одоо алдагдлыг бууруулахын тулд тэтгэврийн насыг нэмэх нь. Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах талаар юу хийхээр зорьж байна вэ гэлээ.

Б.Чойжилсүрэн: Тэтгэврийн насыг нэмээд байхад л 2018 онд улсын төсвөөс тэтгэврийн санд 460 тэрбумын татаас олгоно. 2020 онд 286 тэрбумын татаас олгохоор байгаа. Тэтгэврийн сангийн орлого, зарлагыг ойрын хугацаанд баланслах боломжгүй байгаа. Тийм учраас аж ахуйн нэгж, иргэдэд хүндээр тусгахгүйн тулд зөөлөн бодлого барьж байна.

“Сайд нарын бензин, шатахуун, цалинтай холбоотой зардлыг нэмээгүй”

Ө.Энхтүвшин: Бүх сайд нарын төсөв нэмэгдсэн гэж хэвлэлээр мэдээлж байна. Дээд тал нь 160 тэрбумаар нэмэгдсэн гэж байна. Гэтэл та бүхэн төр бүсээ чангална гэсэн, аль нь үнэн юм бэ

Б.Чойжилсүрэн: Бүх сайдын төсөв нэмэгдсэн талаар зохион байгуулалттай ч юм уу мэдээлэл тавигдаж эхэлсэн. Боловсруулсан төслийн хамгийн том нөлөөлөл нь ипотекийн зээлийн санхүүжилт болох 111 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж 51.8 тэрбумаар нэмэгдүүлсэн, мах сүүний анхдугаар аяныг үргэлжлүүлэхэд 35 тэрбум суулгасан. Хөгжлийн банк, Засгийн газар хоёр өр, авлагаа салгасан. Хөгжлийн банкнаас санхүүжих дүн гээд 80 гаруй төсөл арга хэмжээ байсан нь Засгийн газарт ирж, санхүүжүүлэхээр болсны дагуу төсөв ерөнхийлөн захирагч нарын нэр дээр тавьсан зардал өссөн дүн харагдаж байгаа.

Ж.Эрдэнэбат: Хариуцаж байгаа салбар дээр нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зардал тавигдсан учраас нэмэгдсэн гэдгийг ойлгоорой. Нэг сайдын зардал огт нэмэгдээгүй нь Шадар сайдынх. Сайд нарын бензин, шатахуун, цалинтай холбоотой зардал огт нэмэгдээгүй гэдгийг хэлье гэлээ.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …