Шүүхийн сэтгэл судлалын сургалт 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Шүүгчдэд салбар дундын мэдлэг, ур чадвар зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ жил Шүүхийн сэтгэл судлалын сургалтын хөтөлбөрийг баталж, эхний сургалтыг зохион байгуулж байна. Шүүгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаандаа хувь хүний онцлогт тохирсон стрессийг даван туулах аргуудыг эзэмших, шууд бус ялгаварлалыг таньж мэдэх, түүнээс сэргийлэх мэдлэг, хандлага олгоход энэ удаагийн сургалтын зорилго оршиж байгаа.Та бүхэн Шүүхийн сэтгэл судлалын сургалтад хамрагдсанаар оюуны болон сэтгэл хөдлөлийн итгэлцүүрийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж, харилцаанд мэдрэмжтэй байх, сэтгэл хөдлөлийг хянах арга зүйд суралцах юм” гэлээ.
Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд “Хуульч мэргэжлийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр лекц уншсанаар энэ өдрийн сургалт эхэлсэн.
Дараа нь “Монголын санхүүгийн зах зээлийн холбоо”-ны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Сэтгэл зүйг удирдах нь (Mind control)”, “Шууд бус ялгаварлал, давуу тал өгөх, түүнээс сэргийлэх нь (bias)”, “Оюуны болон сэтгэл хөдлөлийн итгэлцүүр, тэдгээрийн ялгаа(IQ ба EQ)” сэдвээр сургалтыг удирдан явууллаа.
Сургалтад Улаанбаатар хотоос 15, орон нутгаас 37, нийт 52 шүүгч оролцсон.