Өмгөөлөгч хүн худалч, увайгүй гүтгэгч байж болохгүй

Аливаа улс орон эр цэргүүдээрээ төдийгүй өмгөөлөгчдөөрөө хамгаалагддаг гэж Францын нэрт хуульч Мари Жан Жак Дюпен хэлжээ. Түүнийхээр өмгөөлөгч нь нийгэмд ийм их үнэ цэнтэй хүн юм байна. Угаасаа хүн төрөлхтний түүх сөхвөл эртний ромчууд гэмтнийг гэсгээн цээрлүүлэх шүүгчидтэй болсон цагаас эхлэн  өмгөөлөгч нарын хэрэгцээ гарч иржээ. Монгол хэлний язгуурыг хөөгөөд үзэхээр өмөг түшиг, өмөлзөх, өмөөрөх гэсэнтэй бараг ялгаагүй сонсогдоно. Энэ утгаар харин өмгөөлөгч гэсэн албан ёсны нэр томъёог манай улсад 1924 оны Шүүх таслах ба прокурорын газруудын дагаж явах дүрэмд анх хэрэглэхдээ “Төлөөнөө заалдагч” гэсэн байв. Хожим нь хүмүүсийн эрх ашгийн төлөөнөө шүүхэд заалдагчийг өмгөөлөгч хэмээн нэрийджээ. Орчин цагт тэднийг хууль зүйн асар өндөр ур чадвартайгаас гадна туйлын цэвэр ариун ёс суртахуунтай  байхыг амьдрал аяндаа шаардах болсон байна. Бусдын эрх ашгийн төлөө үргэлж өмөлзөх учраас арга ч үгүй биз. Гаажтай нь өмгөөлөгчөөр ажиллаж буй 1600 гаруй хуульчдаас үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хөсөрдүүлж, өнгө мөнгөний хойноос хэтэрхий улайран ёс жудгаа алдагсад цөөнгүй ажээ. Сүүлийн жилүүдэд зарим нь бүр телевизээр шоу үзүүлбэр үзүүлэгч юм уу, эсвэл хэн нэгэнд сайн дураараа ял оноогч мэтээр аашилдаг болоод байна.

Саяхан нэг прокурортой уулзахад  “Манай энэ хэдэн өмгөөлөгч нар арай дэндүү бүдүүлэг алдаа гаргадаг болсон байна. Хэргийн материалд өгч оруулсан эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хэт нэг талыг барьж хийгдсэн байх юм. Өмгөөлөгч нь давуу эрх эдлээд үйлчилгээний төлбөрт авсан мөнгөө ямар ч нөхцөлд буцааж олгохгүйгээр гэрээ хийдэг юм байна.  Хэрвээ өмгөөлөгч гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй үйлчлүүлэгчээ хохироовол яахав. Үйлчлүүлэгч нь хий дэмий мөнгө төлөөд салах уу. Мөнгөө авах гэхээр нөгөө өмгөөлөгч нь буцааж олгохгүй гэсэн гэрээнийхээ заалтыг харуулаад  амыг нь таглаж орхино. Ийм тэнцвэргүй, шударга бус гэрээ хийснээ үйлчлүүлэгч нь бас анзаардаггүй юм байна. Шударга бус иймэрхүү гэрээнээс болоод хохирсон хүн олон байна. Өмгөөлөгч хүн бол шударга ёсны манаач юм. Гэтэл  үйлчлүүлэгчийнхээ хуулийн мэдлэг муутайг далимдуулан ийм шударга бус гэрээ хийж,  урьдчилгаанд нь хэдэн төгрөг аваад алга болдог болжээ” гэж байлаа.

Түүний ийнхүү ярихыг сонсож суусан найз маань тэр даруйд нь өлгөж аваад “Нээрээ өмгөөлөгч нар чинь хэрэг маргааны хоёр талд хоёулангаас нь мөнгө салгах гэж гүйсээр байгаад шүүх хурал дээр олигтой өмгөөлсөн юмгүй үйлчлүүлэгчээ хохироож байна. Тийм өмгөөлөгчийг хүмүүс бүр андахаа больж, тэднийг “Мөнгөний машин” гээд нэрэлчихсэн байх жишээтэй” хэмээн тууж өгч байв. Сүүлдээ мань хүн телевизээр байнга ярьдаг болоод байгаа өмгөөлөгч Г.Батбаярын хэтэрхий ёс жудаггүй авир араншингийн талаар ч бас илэн далангүй хуучилсан юм. Зарим нэг цахим хуудсууд дээр бичигдсэн түүнтэй холбоотой зүйлүүд нь үнэний ортой ажээ.

Өмгөөллийн бүхий л үйл ажиллагааг хууль тогтоомжоор зохицуулсан байдаг бөгөөд үр дүн нь түүний үйлчлүүлэгчийн амь, амьдарлаар цэгнэгдэх нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл, өмгөөлөл бол хэн нэгний тоглоом наадгай, урлаг уран сайхны арга хэмжээ биш ээ. Телевизийн дэлгэцээр хүмүүсийг цочирдуулсан аймаар сенсаацитай мэдээлэл түгээх төдий зүйл ч огт биш. Гэтэл өмгөөлөгч Г.Батбаяр анх УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр холбогдсон Г.Сарангэрэл гэдэг эмэгтэйн хар тамхины хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх үеэрээ хамаг нууцыг нь дэлгэж хаяад түүнийг хүний нүүр харах аргагүй болгож, ёстой амьдын тамд унагаж байсныг зарим нь санаж байгаа байх. Тухайн үед мань эр цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарын зүгээс Х.Тэмүүжингийн эсрэг явуулсан тагнах чангах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зориуд Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажилласан ч байж магадгүй. Тэгээд аягүй бол Г.Сарангэрэлээр Х.Тэмүүжинтэй эр эмийн харилцаанд орж байсан маягийн юм яриулахад дэргэд нь байлцах үүрэг хүлээсэн байж ч мэдэх тийм нэг сонин дүр зураг хүмүүсийн ой санамжинд хоногжин үлджээ. Харин Г.Сарангэрэл нь шүүхээс ял сонсоход  олигтой өмгөөлөл хийж чадаагүй бөгөөд хэдэн сарын турш  үргэлжилсэн телевизүүдийн дуулиан шуугиантай нэвтрүүлгүүдийн гол “баатар” болсон Г.Батбаярыг монголчууд андахаа больсон юм. Түүний худал үг, амиа аргацаасан нэг муу явуургүй хөнгөн заль мэхийг хүртэл хүмүүс сайн мэддэг болсон байв. Тиймээс өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд түүнийг Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшихэд сонгогчид нь итгэл хүлээлгээгүй юм.

Уг нь хашир Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл нарын тухай тэрхүү сенсациа ашиглаад олны танил болсон юм чинь УИХ-д сонгогдоно гэж ихээхэн горьдож байсан байх. Гэвч сонгогчид нь цугаараа тэнэг биш хойно, ийм худалч ойворгон эрийг УИХ-ын гишүүн болгоно гэж юу байхав. Мань эр мөн  сонгуулийн өмнөх өдрүүдэд  Дорнод аймгийн Халх гол сумын нутгаас их хэмжээний газрыг сайд асан Р.Бурмаа хятадуудад зарсан гэдэг дуулианы гол автороор тодорч, сүүлдээ тэр хоёр шүүх дээр очоод Г.Батбаяр нь ялагдаж, бусдын нэр төрд халдсан хэрэгт унасан юм. Өмгөөлөгч хүн ийм худалч, увайгүй гүтгэгч байж болохгүй л дээ.

Өнгөрсөн өвөл “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах ОХУ-ын элчин сайдын яамны ажилтанд зодуулаад эмнэлэгт бие нь тааруухан байх үеэр өмгөөлөл хийхдээ бас л худал хэлээд олны гайхлыг төрүүлж байлаа. Тэрбээр тус Элчин сайдын яамныхантай очиж уулзсан тухайгаа телевизээр сүртэй нь аргагүй зарлахдаа “Оросын Элчин сайд өөрийн биеэр уучлалт хүссэн” хэмээн хэнэг ч үгүй залж орхисон нь удалгүй тус Элчин сайдын яамны албан ёсны мэдэгдлээс ил болсон юм.

Ер нь тэр өөрийнхөө аманд багтсан болгоныг бурж явдаг хөнгөн хийсвэр, сав л хийвэл хэнд ч хамаагүй ял тулгах гэж оролддог бүтэлгүй зан чанарыг  засч залруулж дөнгөхгүй юм биш байна. Саяхан бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29 дүгээр сургуулийн багш нартай холбоотой дохионы хэл мэддэггүй, охидыг садар самуунд уруу татахыг оролддог гэх мэт зөрчлүүд ил болох үед “Багш нар нь сурагчиддаа бэлгийн дарамт огт үзүүлээгүй. Шал худлаа мэдээлэл цацсан байсан” гэж байлаа. Тэгвэл тус сургуулийн сурагчдаас анх сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Манай зарим багш нар бэлгийн дарамт үзүүлэхийг оролддог” гэсэн байв. Хэрвээ үнэхээр багш нар нь сурагчдаа бэлгийн замаар дарамталж байсан бол цагдаагийн байгууллагаас энэ мэдээллийн мөрөөр шалгаж амжаагүй байхад өмгөөлөгч Г.Батбаяр өмнүүр нь гүйж ороод тийнхүү бүхнийг мэдэгч болж хаалт тавих маягаар мэдэгдэл хийх ёсгүй  байсан юм. Түүний энэхүү болчимгүй үйлдлийг хуулиар ярих юм бол мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзэж болохоор байна.

Өмгөөлөл нь цаг зуурын өнгө аясаар юм уу, улс төрийн шахалт, баримт нотолгоогүй зүйлд дулдуйдан хийж болдоггүй, бүх үйл ажиллагаа, үг яриа нь хуулийн хүрээнд, ёс суртахууны өндөр түвшинд явагддаг учиртай. Нэг үгээр хэлбэл, өмгөөлөгчийн ажил  бүхэлдээ хуулийн нарийн хэм хэмжээнд өрнөдөг. Хууль журмаас өчүүхэн л гажвал үйлчлүүлэгчийнх нь эрх ашигт хорлонтойгоор тусахаас гадна ерөөсөө хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг нь утга учраа алдаад дуусна гэсэн үг.

Өмгөөлөгч нарын дунд Г.Батбаярын өрөөсөн дугуйнууд бишгүйдээ нэг байдаг бололтой. Түүний хувьд нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий төрийн бус байгууллагаараа дамжуулан иргэдийн хууль эрх зүйн боловсролд бага ч гэсэн нэмэр болох сайхан санаа, зорилготой явааг бас үгүйсгэж боломгүй. Гэхдээ хуульчийн ёс зүйн зангараг дор ажиллаж сурчихаад бусаддаа үлгэр дууриалал үзүүлсэн шигээ алхаж явах хэрэгтэй байгаа юм. Цаашдаа Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо болон бусад холбогдох байгууллагуудаас нь өмгөөлөгчдийг сонгон шалгаруулах дүрэм журмыг сайжруулж, наад зах нь ёс зүйн сургалт зохион байгуулж шалгалт авдаг, үнэлгээний систем, шалгуурыг тодорхой болгож, ёс жудгаа алдсан хүмүүсийн өмгөөлөх эрхийг хасдаг байхгүй бол Батбаяртангуудын эгнээ хумигдахгүй биз ээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …