Иргэд цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг 126 дугаарын утсанд өгөх боломжтой болжээ. Энэхүү утсыг Цагдаагийн байгууллагаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нээжээ.
Тус утас нь 24 цагаар ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллага, үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээллийг өгч болох аж.
Өөрөөр хэлбэл, иргэд гомдол, мэдээллээ өөрийн биеэр, цахимаар өгөхөөс гадна 126 дугаарын утсаар хандан өгөх боломж нээгджээ.
Иргэн та цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн сахилга ёс зүй, авлига, хээл хахууль, хүнд суртал, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хувь нэмрээ оруулах боломжтой гэсэн үг юм.
Эх сурвалж:ЦЕГ