Ч.Өнөрбаяр: Иргэд шүүхээс хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Орхон аймаг дахь шүүхэд ажиллах үеэр МҮОНРТ-ийн “ММ агентлаг”-т тодруулга өглөө.

-Шүүхийн шинэтгэл Орхон аймаг дахь шүүхэд хэрхэн хэрэгжсэнийг дүгнээч?

-Монгол Улсын хэмжээнд 105 шүүхэд шүүхийн шинэтгэл хэрэгжсэн. Шүүх бүрэн нээлттэй боллоо. Тухайлбал, шүүх хуралдааны нээлттэй ил тод байдал хангагдаж, шийдвэр нь иргэдэд нээлттэй болсон. Төвийн бүсийн тулгуур аймаг Орхон аймгаас шүүхийн шинэтгэл хэрхэн хэрэгжиж байгааг харах бүрэн боломжтой. Шүүхтэй холбоотой мэдээлэл авахыг хүссэн хүн бүр “Хөтөч туслах”-аас зөвлөгөө авч, хүссэн мэдээллээ лавлах боломжийг энд бүрдүүлжээ. Мөн бусад шүүхийн адил шүүх хуралдааны танхимаас бус иргэдэд үйлчлэх хэсгээс дэлгэцээр шүүх хуралдааныг сонирхох, шаардлагатай бол бичлэгийг нь хуулж авах боломжоор хангагдсан.

-Орхон аймаг дахь шүүхэд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачааллыг 35 хувиар бууруулж байгааг танилцууллаа. Энэ бас шинэтгэлийн нэг үр дүн биз?

-Нийт өргөдөл гаргасан хүмүүсийн 80 орчим хувь нь эвлэрч байгаа нь цаг хугацаа, мөнгө төгрөг хэмнэж буй сайн үзүүлэлт. Энэ бол шүүхийн шинэтгэлийн том алхам. Иргэдэд чухал ач холбогдолтой үйлчилгээ. Орхон аймаг дахь шүүхийн хувьд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ өндөр үр дүнтэй байгааг анзаарлаа.

-“Хүүхэд хамгааллын өрөө” бас анхаарал татлаа. Шүүх хуралдааны танхимд шүүхэд мэдүүлэг өгөхдөө айдаг, тавгүй болдог байх. Хүүхдийн мэдүүлгийг тусгай өрөөнөөс авч байгаа нь иргэдэд ойртсон үйлчилгээ байх.

-Насанд хүрээгүй хүний сэтгэлзүй томчуудынхаас өөр, өөрчлөмтгий байдаг. Тэднээс гэрч, хохирогчийн мэдүүлэг авахаар шүүхийн танхимд оруулбал үнэн, зөв мэдүүлэг өгөх нь эргэлзээтэй. Тиймээс хүүхдийн сэтгэлзүйд тохирсон өрөөг тохижууулсан нь хүүхдийн эрхийг хамгаалах баталгааг бүрдүүлж байгааг ажил. Бусад шүүхэд ч ийм өрөөг тохижуулсан гэв.

Б.Цэцэгдэлгэр

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …