Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр МҮОНРТ-ийн “Ярилцъя” нэвтрүүлэгт Зөрчлийн тухай хуулиар ярилцлага өгснийг хүргэж байна.
-Зөрчлийн тухай хуулийн төсөл нэлээд анхаарал татаж байна. Өнгөрсөн долоо хоногт багагүй хэл ам таталлаа. Тэгэхээр яриагаа Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ойлголтоос эхэлмээр байна. Хүн болгоныг торгох гээд байгаа юм уу. Яг ямар хуулийн төсөл юм бэ ?
-Манай Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, нийгмийн шинэ зохион байгуулалтад орсон. Үүнээс хойш хууль эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг тасралтгүй хийж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийгмийн дэг журам, харилцааг зохицуулсан 460 орчим хууль, 970 орчим захиргааны хэм хэмжээг тогтоосон акт үйлчилж байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар, сайд нар, агентлагийн дарга нарын гаргасан нийтээр хэм хэмжээ тогтоосон 1,000 шахам акт үйлчилж байна.
Нийтдээ 1,500 хууль болон эрхийн актуудын хүрээнд нийгмийн харилцааг зохицуулж байна.
1,500 орчим эрхийн актуудыг аваад үзэхээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд маш их үүрэгжүүлсэн, хориглосон, хэм хэмжээ заасан, тэр болгондоо тодорхой хариуцлага шийтгэл заасан хуулиудыг баталж ирсэн байдаг.
Сүүлдээ иргэд ч энэ олон үүрэг хариуцлага, хориглосон заалтуудыг мэдэхээ байсан, хууль тогтоогч, сахиулагчдад ч үүнийг хэрэглэхэд их төвөгтэй болж ирсэн.
Зарим нь хориглосон заалтуудыг мэддэггүй. Жишээ нь, Боловсролын тухай хуульд орой эцэг эх нь хүүхдэд үлгэр ярьж өгөх ёстой гэж заасан байдаг.
Ийм заалт байдаг гэдгийг эцэг эхчүүд мэддэг гэдэгт би лав эргэлзэж байна.
Салбар болгоны хуулийг боловсруулахдаа үүнийг зөрчвөл ингэж хариуцлага тооцно гэсээр байтал сүүлдээ эмх замбараагүй, давхацсан, зөрчилдсөн хууль эрх зүйн систем бий болчихсон.
Торгох шийтгэлийн хувьд гэхэд гурван янзаар торгодог. Заримд нь шууд сонгох санкцгүйгээр 10,000, 20,000 төгрөгөөр торгоно гэж тоо бичдэг.
Гэтэл зарим хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц эсвэл хоёр, гурав дахин нэмэгдүүлж гээд биччихнэ.
Өөрөөр бас 10,000-100,000 төгрөгийн хооронд торгоно гээд интервалтай заасан байдаг.
ЦОО ШИНЭЭР ХАРИУЦЛАГА ЯРИХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ОЙЛГООД БАЙГАА НЬ БУРУУ
Ингэхээр ял шийтгэлийн бодлого эмх замбараагүй, системгүй, зарим тохиолдолд хууль сахиулагчийн үзэмжээр шийдэгддэг болж эхэлж байна.
Жишээлбэл, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан тохиолдолд 50,000-100,000 төгрөгөөр торгоно гэхэд хэдэн төгрөгөөр торгох вэ гэдэг нь тухайн байцаагчийн үзэмжийн асуудал болчихож байгаа юм.
Энэ нь цаашлаад авлига, хээл хахуулийн үүдэл болохыг үгүйсгэх аргагүй.
Эрүүгийн хуульд танхайрах гэж бий. Захиргааны хуульд ч танхайрах гээд байж байдаг. Хүнийг 50,000 төгрөгөөр торгох уу, таван жил хорих уу гэдгийг шийдэх эрх мэдэлтэй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хэрвээ дургүй нь хүрвэл шоронд явуулж ч болох нь.
Эсрэгээрээ гайгүй өнгөрвөл 50,000 төгрөгөөр торгож ч болно. Үндсэндээ адилхан үйлдэл өөр ял шийтгэлийн бодлоготой байж болохгүй.
-Зөрчлийн тухай хуулийг хэрэгжих хугацааг яагаад хойшлуулсан юм бэ?
–Зөрчлийн тухай хуульд 1600 зөрчил багтсан. Ганцхан гүтгэх асуудлыг бичсэн юм биш л дээ. Иргэдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хамааралтай, суурь эрхтэй холбоотой учраас нухацтай хэлэлцэх ёстой гэдэг дээр би санал нэг байгаа.
Хууль зүйн техник бичилтийн хувьд энэ хуулийг хэрэглэж болохооргүй биччихсэн байсан. Тухайлбал, зүй бусаар биеэ авч явах гэдэг зөрчил байлаа гэж бодоход үүний шинж нь “Мансуурсан, зөвшөөрөгдөөгүй газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол 50,000 төгрөгөөр торгоно” гэж байгаа.
Тэгэхээр үүгээр бол тухайн хүн мансуурч, согтууруулах ундаа хэрэглэж, энэ хоёр үйлдлийг нэгэн зэрэг хийсэн тохиолдолд л торгоно гэсэн үг.
Ийм алдаатай бичилттэй болсон. Мансуурсан гэдэг нь хар тамхи биш шүү дээ. Тэр нь Эрүүгийн хуулиар зохицуулагдана.
Харин энд заасан мансуурах нь цавуу үнэрлэх, ахуйн зориулалттай юм үнэртэж мансуурч байгааг хэлж байгаа юм.
Хориглосон гэдэг нь нийтийн үйлчилгээний газар, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулахыг хэлээд байгаа юм.
Энэ бүх зөрчлүүдэд оноох хариуцлагыг илүү тодорхой болгож Зөрчлийн хуульд бичиж байгаа.
-Зөрчлийн тухай хуулиар торгуулийн хэмжээг нэмж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж байна гэж зарим улстөрчид шүүмжилж байгаа. Торгуулийн хэмжээнд өөрчлөлт орсон уу?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 1992 онд батлагдсан хуульд янз бүрийн торгуулийн шийтгэл байгаа. Шинээр боловсруулсан Зөрчлийн хуульд торгуулийн хэмжээг нэмсэн нэг ч зүйл байхгүй гэдгийг шуудхан хэлье.
Нийтдээ 1600 орчим зөрчлийн 40 хувьд нь одоо байгаа торгуулийн хэмжээг хэвээр хадгалсан бол 60 хувьд нь торгуулийн хэмжээг харин ч багасгаж оруулж ирсэн.
Өөрөөр хэлбэл 2015 онд батлагдсан, өнгөрсөн онд хэрэгжиж эхлэх гэж байсан хуульд оруулсан байсан торгуулийн хэмжээг багасгаж оруулж ирсэн.
Тэр хуульд нэг торгуулийн нэгжийг 2,000 төгрөгөөр тооцохоор байсан бол шинэ Зөрчлийн хуульд 1,000 төгрөгөөр буюу 50 хувь бууруулсан.
Яагаад гэвэл эдийн засаг муудсан, иргэдийн орлого нэмэгдээгүй байхад торгууль нэмж болохгүй гэж шинэ Засгийн газар үзсэн.
Зарим хууль тогтоогчид бизнес эрхлэгчдийг их хэмжээгээр торгох гээд байна гэж яриад байна лээ. Өмнө батлагдсан Зөрчлийн хуулийг өнгөрсөн парламентаар хэлэлцэж байхад 800 сая, бүр нэг тэрбум төгрөгөөр торгох заалт явж байсан шүү дээ.
Үүнийг тухайн үед сөрөг хүчин байсан Монгол Ардын нам шүүмжилж, ингэж болохгүй гэж шаардлага тавьсаны үр дүнд хуулийн этгээдийг хамгийн дээд тал нь 400 сая төгрөг хүртэл торгох заалт оруулж байсан.
Одоо шинэ Засгийн газар оруулж ирэхдээ хамгийн дээд тал нь 100 сая төгрөгөөр торгохоор ярьж байна.
1,600 гаруй зөрчлийн ердөө 10 зөрчил дээр л 100 сая төгрөгийн асуудал яригдаж байгаа. Энэ 10 зөрчлийнх нь 8 нь банктай холбоотой байгаа юм.
Банк байгуулах тусгай зөвшөөрөл аваагүй байж иргэдээс хадгаламж татаад, зээл олгоод хууль бусаар банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдэл дээр 100 сая төгрөгөөр торгоно.
Түүнээс зүгээр үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ өндөр хэмжээтэй торгох заалт огт байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна.
Дээр дурдсанчлан торгох хэмжээг 4 дахин буулгасан байгаа.
-Энэ хуулийн нийгэм дэх ач холбогдлыг нь та хэрхэн харж байна вэ?
-Хүний эрх бусад хүний эрхээр хязгаарлагддаг нийгэмд бид амьдарч байгаа. Та үнэхээр дур зоргоороо амьдармаар байвал эзгүй арал дээр Робинзон Крузо шиг амьдарч болно.
Та нэгэнт эзгүй арал дээр биш хүний нийгэмд амьдарч байгаа бол тэнд тогтсон ёс зүй, дэг жаягыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Тэгэхээр дэг журамтай нийгэмд амьдруулах гэж Зөрчлийн хуулийг баталж байгаа юм. Та хаа таарсан газраа хогоо хаяж, чангаар хашгирч болохгүй.
Наад зах нь та очер дугаар дайрч, хэрүүл шуугиан үүсгэж болохгүй гэдэг нийгмийн харилцаанаас эхлээд зохицуулж байгаа.
Гэхдээ бүх зүйлийг хамаад зохицуулаад байна гэж ойлгож болохгүй. Зөрчлийн хуульд торгуулийн сонгох санкц гэж байхгүй.
Жишээ нь гудамжинд шүлсээ хаях юм бол 10.000 төгрөгөөр, улаан гэрлээр гарвал 25,000, гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20,000, хурд хэтрүүлбэл 50,000 төгрөгөөр торгоно ч гэдэг юм уу маш тодорхой заасан
Энэ бол цоо шинэ зүйл биш. 1992 оноос өмнөх хуульд ч хойшхид нь ч байсан.
Цоо шинээр хариуцлага ярих гэж байгаа юм шиг ойлгоод байгаа нь буруу.
ХАЛААСНЫ ХУЛГАЙЧИД ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ НЬ ДАХИАД ХУЛГАЙ ХИЙ ГЭСНЭЭС ӨӨРЦГҮЙ
-Ямар тохиолдолд баривчлах ял шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд тусгасан бэ?
-Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд баривчлах шийтгэл байхгүй. Хэлэлцүүлгийн явцад баривчлах шийтгэл орж ирсэн.
Манай Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулж байгаа.
1600 зөрчлийн ердөө дөрөвт нь баривчлах шийтгэл оногдуулж байгаа.
Олон нийтийн газар үймүүлж, аяга таваг хагалаад, амгалан тайван байдал алдагдуулаад агсам согтуу тавиад байгаа нөхрийг торгоод яваад байх юм уу.
Торгохыг нь торгож, давтан үйлдэл гаргаад байгаа хүнийг 7-30 хоног баривчилж, гэм зэмийг нь өөрт ойлгуулдаг байсан нь дээр гэж бодож байгаа юм.
Манай улсад жилдээ 92.000 танхайрах зөрчил гардаг. Өөрөөр хэлбэл маш ихээр үйлдэгддэг түгээмэл хэрэг.
Халаасны хулгайн тухайд гэхэд торгууль оногдуулаад байх нь дахиад яваад хулгай хийгээд хохирлоо барагдуулчих гэж хэлж байгаагаас өөрцгүй.
Халаасны хулгай хийсэн хүнийг торгоно гэдэг шийтгэлийн хувьд их буруу. Тэр зөрчилтэйгээ огт уялдахгүй байгаа юм.
Тиймээс халаасны хулгай хийгээд байгаа хүнийг баривчлана.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 240 мянган төгрөг хүрэхгүй бол гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш.
Мөнгөө алдсан хүмүүсийн хохирлыг барагдуулах эрх ашиг зөрчигддөг. Нийгэмд ийм хулгайч нарын толгойг нь илээд яваад байх юм уу.
Анхны үйлдэл дээр нь болохгүй шүү гэж анхааруулж, том гэмт хэрэгтэн болохоос нь урьдчилан сэргийлэх ёстой биз дээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд баривчилна гэдэг заалт байгаа
Одоо тэр заалтыг бичээд орохоор та нар шинээр баривчлах гэж байна гээд байгаа юм.Гэр бүлээ айлгаж ичээгээд байгаа нөхрийг торгохоор аягүй бол өнөөх зодуулсан эхнэр нь дахиад хохирч торгуулийн мөнгийг өмнөөс нь төлж таарнаа даа.
Тэгэхээр тэр танхай этгээдийг 7 хоног саатуулж, дахиж ингэж болохгүй шүү гэдгийг ойлгуулах нь чухал биз дээ.
Жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлах арга хэмжээ авч байгаа.
Согтуугаар жолоо барьж байгаад 25 мянган төгрөгөөр торгуулчихаад л яваад байж болохгүй биз дээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг баривчилж байгаа нь цаанаа хүний амь насыг хамгаалж байгаа хэрэг. Жилдээ 40 гаруй хүүхэд согтуу жолоочийн буруугаас амиа алддаг.
7000 гаруй хүн согтуу жолоочийн буруугаас болж бэртэл гэмтэл авч байна. Энэ хүмүүсийг торгоод яваад байх юм уу.
Ийм дөрвөн тохиолдолд баривчлах шийтгэл оногдуулж байгаа. Ингэхээр л хүний эрхэнд халдах гэж байна гэж яриад байна.
Бид яагаад цаана нь эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүсийг, хохироогч биш хохирогчийн эрх ашгийг олж харахгүй байгаа юм бэ.
ГҮТГЭГДЛЭЭ ГЭЭД ИРГЭН АМИА ХОРЛОЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ Ч БИЙ
-Гүтгэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн байгууллагад их хэмжээний торгууль оногдуулах санал Зөрчлийн хуулийн төсөлд орж ирсэн ч эсэргүүцэлтэй тулгарч татлаа?
–Эрүүгийн хуульд заасан гүтгэх гэдэг заалтаар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 170 орчим хүн шалгагдсан байдаг.
Энэ 170 орчим хүний 50 хүрэхгүй хувь нь сэтгүүлч. Өөрөөр хэлбэл гүтгэх гэдэг ганцхан сэтгүүлчидтэй хамааралтай заалт биш гэдэг нь эндээс харагдаж байгаа биз.
Жирийн иргэд, аж ахуйн нэгж нэг нэгнийхээ нэр хүндэд халддаг асуудал байдаг. Олон нийтийн мэдэх эрхтэй холбоотой асуудлыг эрүүжүүлээд байна гэдэг үндэслэлээр өмнөх парламент гүтгэхийг Эрүүгийн хуулиас аваад Зөрчлийн хуулиар зохицуулсан.
Шинэ Засгийн газар энэ заалтыг огт хөндөхгүйгээр шийтгэлийг хэвээр нь оруулж ирсэн.
Өөрөөр хэлбэл иргэнийг 2 сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр гүтгэсэн үйлдэл дээр торгоно гэдэг заалт оруулж ирсэн.
Хууль тогтоогчид ямар ч хуулийн төсөл дээр санал гаргах эрхтэй.
Энэ заалт дээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гаргасан санал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэний мэдэх эрхэд халдлаа гэж дургүйцлээ илэрхийлсэн.
Түрүүн би хэлсэн цөөхөн үйлдэл дээр их хэмжээний мөнгөөр торгож байгаа тэр нь ноцтой үйлдэл байгаа гэж.
Банк байгуулах тухай асуудал дээр 100 сая төгрөгийн торгууль бичээд ороод ирж байхад түүнтэй адилхан гүтгэх дээр 100 сая төгрөг гэчихээр шийтгэлийн адил тэгш, шударга ёсны зарчим гээд олон зүйл алдагдаж байгаа юм.
Нөгөө талаасаа Эрүүгийн хуулиасаа давсан чанга шийтгэлтэй Зөрчлийн хууль гэж байж таарахгүй.
Тиймээс 2 сая, 20 сая гэдэг байр суурь дээрээ хэвээр үлдэж байх шиг байна.
Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, энэ заалтыг Зөрчлийн хууль дээрээс бүр авч хаях хэрэгтэй гэсэн.
Би хувьдаа энэ бол огт шийтгэлгүй байж болохгүй гэж боддог. Гүтгэлгийн цаана хувь хүний нэр төр, бизнесийн ашиг сонирхол байдаг.
Хуулиар хамгаалагдах ёстой зүйл мөн үү гэвэл мөн. Хажуугийн рестораныхаа нэр хүндийг унагаахын тулд зориуд худал мэдээлэл цацаад байх магадлалтай.
Монголчууд “Нэр хугарахаар яс хугар”-сан нь дээр гэж үздэг.
Хүний нэр хүнд гэдэг бие махбодийн өвчин зовлонгоос илүү хамгаалагдах ёстой.
Гүтгэгдлээ гээд иргэн амиа хорлож байсан тохиолдол ч бий. Тодорхой хүмүүс дээр гэхэд ирээдүйд олох байсан гэрээ хэлцэл, ажил амьдралаа алдаж болно.
Тиймээс задгай тавьж хэн дуртайгаа гүтгэж болдог нийгэмд амьдарч болохгүй.
Худлаа мэдээлэл тараах нь хуулийн хариуцлагатай.
Хувь хүн хэлж байгаа үгэндээ эзэн болж хариуцлагатай явбал хэн ч шийтгэл хүлээхгүй. Зөрчлийн хууль ганцхан шийтгэх биш урьдчилан сэргийлэх хууль юм.
-Цахим орчинд хуурамч хаягнаас бусдын нэр хүндэд халдах байдал түгээмэл байна. Үүнийг хуульд хэрхэн зохицуулж байгаа вэ?
-2002 онд Эрүүгийн хууль батлагдах үед цахим сүлжээ хүчтэй байсангүй. Сүүлийн үед цахим сүлжээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс дутахааргүй хүчтэй болж байна. Монгол Улсад твиттер хэрэглэгчид 100 гаруй мянга болж байна.
Фэйсбүүкт өдөр тутам өөрийнхөө мэдээллийг оруулдаг хэрэглэгчид 300 мянга хүрлээ. Өнөөдөр фэйсбүүк дээрээ 100 мянган дагагчтай маш олон хүн байна.
Гэтэл өнөөдөр 100.000 хувь захиалагддаг сонин гэж байх уу. Тэгэхээр цахим уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү хүртээмжтэй, далайцтай болж байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд бол гүтгэх гэдэгт цахим сүлжээ ороогүй.
2015 онд батлагдсан хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр гэж байгаа. Тэгэхээр цахим сүлжээнд хүний нэр төрд халдсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.
Гэтэл худал мэдээллийг дамжуулсан хүмүүсийг давхар торгох гэж байна гэсэн ташаа мэдээлэл яваад байна л даа. Тийм зүйл байхгүй.
Худлаа мэдээллийг анх сошиалд тараасан хүнийг л шийтгэнэ. Тэр мэдээллийг нь шэйрлэсэн 100 хүнийг шийтгэх асуудал байхгүй гэдгийг ойлгох ёстой.
Бусад улс орнууд сошиал хэрэглэгчийн цар хүрээ дагагчийн тоогоор нь зохицуулах гэж оролдож байна. Хоёр хөрш маань өөрсдийн нийгмийн сүлжээтэй.
Худал мэдээлэл цацаад байвал хаадаг, хянадаг. Бидний хэрэглэж байгаа твиттер, фэйсбүүк АНУ-ын компанийнх.
Бидний хувьд нэр зураггүй хуурамч хаягны араас гүтгэлэг тараагаад байгаа хүний талаар тухайн компанид хандах боломжтой.
Мөн манайд кибер аюулгүй байдлын хэлтэс ажилладаг.
Нэр нүүрээ халхалж байгаад гүтгэлэг тараагаад байгаа хүмүүс өөрийгөө олдохгүй гэж бодвол эндүүрэл. Ингэж гүтгэлэг тараагаад байгаа этгээдийг олоод хариуцлага тооцох бүрэн боломжтой гэдгийг тэд ойлгох ёстой.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: ХЗДХЯ