Гадаадад хийлгэдэг хагалгааг эх орондоо 75-80 хувийн хөнгөлөлттэй хийлгэх боломжтой

Эрүүл мэндийн Сайдын баталсан удирдамжийн  дагуу ЭМЯ-ны удирдлагууд 3 багт хуваагдан харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хамтран шийдвэрлэн ажиллаж  байгаа билээ.

Өнөөдөр буюу 2017 оны 05 сарын 24-ний өдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт ажиллалаа.

Тэрээр тус эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, иргэд үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүлээгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах зэрэг Эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэрийн хүрээнд хийгдэж буй ажил үйлчилгээтэй танилцахаас гадна улсын хэмжээнд үзүүлж буй Зүрхний мэс засал, Тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний ачаалал, тулгамдаж буй асуудал болон Тархины харвалт, Зүрхний шигдээсийн лавлагаа тусламж үйлчилгээ, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдал зэрэг улсын хэмжээнд үзүүлж буй лавлагаа тусламж үйлчигээний бүхий л чиглэлийн үйл ажиллагаатай танилцан цаашид анхаарч ажиллах ажлуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тус эмнэлэгт ажиллах үеэр тус эмнэлгээс улсын хэмжээнд үзүүлж буй өндөр өртөгтэй зүрх, мэдрэлийн зэрэг 15 чиглэлийн үйл ажиллагаатай танилцаж, зүрхний нээлттэй мэс засалд оролцсон юм.

Тус эмнэлэг сүүлийн жилүүдэд зүрх, мэдрэлийн чиглэлээр гадаадад явах урсгалыг багасгах чиглэлд онцгой анхааран ажиллаж эмчилгээ, оношлогоондоо 12-13 шинэ арга технологийг шинээр амжиллттай нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал: зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг Монгол улсдаа анх нутагшуулан амжилттай ажиллаж нийт 64 хүнд энэ тусламжийг үзүүлээд байна. Мөн тархины судсан дотуурх мэс заслын тусламжийн олон аргыг нэвтрүүлэн гадаад улсад явах урсгалыг багасгаж ЭМСайдын гадаад оронд эмчилгээ оношилгоонд илгээх 39 төрлийн өвчний жагсаалтаас 3 өвчнийг хасуулах саналыг гаргаад байна.

Тус эмнэлгийн зүрх, мэдрэлийн мэс заслын шинэ арга технологиор хийгдэж буй мэс заслууд нь гадаад орнуудад чамгүй өндөр өртөгөөр хийгддэг байхад өнөөдөр тус эмнэлэгт ЭМДаатгалын сангаас мэс засалд орж буй хэрэгслийн 75-80 орчим хувийг хөнгөлөн иргэд өөрийн эх орондоо маш бага өртөг зардлаар зүрх, мэдрэлийн өндөр өртөгтэй мэс заслыг хийлгэх боломж бүрдсэн байна. Тухайлбал: Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зөвхөн мэс заслын зардал гадаад оронд дунджаар 20-40 мянган америк долларын өртөгтэй байдаг бол өнөөөдөр эх орондоо 7-8 сая төгрөгийг иргэн төлж эмчлүүлж байна. Мөн тархины судсан дотуурх мэс засал эмчилгээг гадаад оронд 100 мянган америк доллараас дээш өртөгтэй хийлгэдэг бол тус эмнэлэгт эмчлүүлж буй иргэд дундажаар 10-20 орчим сая төгрөгийг зөвхөн мэс заслын хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн журмаар төлсөнөөр иргэдэд эдийн засгийн хувьд асар их дэмжлэг үзүүлж байгаа билээ.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …