Д.Хаянхярваа: Монголбанкны шалгалтын дүнд үндэслэн хариуцлага тооцно

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, түүнд авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Ингээд уг шалгалтад үндэслэн УИХ-ын тогтоолын төсөл гаргахаар болжээ. Дээрх тогтоолын төсөлд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулсан, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулсан, хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломжийг олгосноор төрд их хэмжээний хохирол учруулсан Монголбанкны тухайн үеийн нэр бүхий өмнөх албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгохоор тусгасан байна.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Шалгалтын дүнгээс харахад өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засгийн гол дампуурал нь Монголбанкны үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрч байна. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөр хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзлээ” хэмээв.
Монголбанкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ажлын хэсэгт АН-ын гишүүдийг оруулаагүй гэдэгтэй санал нийлэхгүй. Ажлын хэсэг байгуулах асуудлыг байнгын хороогоор нээлттэй хэлэлцэж, оролцох хүсэлтэй 7 гишүүнийг хамруулсан. Монголбанк өнгөрсөн жилүүдэд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн түвшнээс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн. 2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос алдагдалтай ажиллах болсон. 2016 оны эцэс гэхэд  хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болоод байна” гэв.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан аж. МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг  тал бүрээс нь судалж, гишүүдийн саналыг авч байна гэж энэ үеэр мэдээллээ.

Д.Эрдэнэбат: Монголбанкинд хийсэн шалгалтыг улстөржүүлсэн байна

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, Монголбанкинд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцжээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга З.Нарантуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төвбанкинд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцсэн. Энэхүү шалгалтыг явуулсан ажлын хэсэгт цөөнхийн бүлгийн төлөөллийг оролцуулаагүй. Тус дүгнэлтээ Монголбанкны удирдлагад урьдчилан танилцуулаагүй. Тус банкны хяналтын зөвлөлтэй харилцан санал солилцоогүй зэрэг олон алдаа дутагдлыг ажлын хэсэг гаргасан. Харин гаргасан дүгнэлт нь улстөржсөн дүгнэлт болсон байна. Түүнчлэн Монголбанкны мөнгөний бодлогыг арилжааны банкны бодлоготой адилтгажээ.
Ажлын хэсэг Монголбанкийг алдагдал хүлээсэн гэж дүгнэж байгаа бол ипотекийн зээл авсан 80 мянган өрхийн 8 хувийн зээлийг 15-20 хувь болгож өсгөх, “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд зээл авсан 50 мянган малчны зээлийн гэрээг буруу хэмээн үзэх болоод байна. Монголбанкны хэрэгжүүлсэн алдаатай гэх бодлого нь УИХ-ын шийдвэрийн хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөр юм. Иймд УИХ-аар эл дүгнэлтийг дахин авч хэлэлцэх шаардлагатай. Дараагийн шатанд бүх намуудын төлөөллийг оролцуулсан шинэ ажлын хэсэг байгуулах нь зүйтэй” гэлээ.
Бүлгийн дэд дарга З.Нарантуяа, “Ажлын хэсэг хариуцлагагүй дүгнэлт гаргажээ. Гурван их наяд төгрөгийн алдагдлыг төвбанк хүлээсэн хэмээн нийгэмд зарласан нь үндэслэлгүй. Монголбанкны мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг алдагдал мэтээр дүгнэсэн байна. Тиймээс төвбанкны бие даасан, хараат бус байдалд халдаж байна гэж үзэх үндэслэлтэй. АН-ын бүлэг тус банкны хараат бус байдлыг хангахыг төлөө ажиллах болно.
Яагаад Монголбанк одоогийн шүүмжлээд байгаа мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх болсон гэдэг тайлбар өгөх цаг нь болсон байна. МАН-ынхан 17 хувийн өсөлттэй эдийн засгийг АН-д хүлээлгэн өгөхөд 1 хувийн өсөлттэй болгосон хэмээн ярьдаг. Тухайн үед эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан ч хуримтлал нь 0 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа маш их тэлсэн. Тэрхүү тэлэлтийг огцом танасан бол ДНБ-ий өсөлт -9 хувьтай, ажилгүйдэл 20 хувиас давж 180 мянган хүн ажилгүй болох нөхцөлд дээрх мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн” гэв.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …