Урин дулааны улиралд хүүхдүүд унадаг дугуй, ролик, скүтерээр замын хөдөлгөөнд оролцохоос гадна хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслээр зорчихдоо авто машины цонхоор толгой гараа гаргах, зогсож явах зэрэг томчууд бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалан амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.
Ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулж бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэх, эрсдэл бүхий зам талбайд хараа хяналтгүй тоглуулахгүй байх, хүүхдийн өөрсдийнх нь буруу дадал, зуршил нь хүүхдэд ямар хор уршиг аюул эрсдлийг дагуулдаг тухай мэдээллийг өгч чадснаар та өөрийн хамгийн хайртай үр хүүхдээ гарч болзошгүй осол гэмтэл, эрсдлээс хамгаалж чадах болно.
Улсын хэмжээнд 2017 оны эхний 4 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 18 хүүхдийн амь нас хохирч 46 хүүхэд хүнд хүндэвтэр гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүүхэд 50.0%-иар өсч гэмтсэн хүүхэд 16.4 хувиар буурсан.
Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүүхдийн 16 буюу 88.9 хувь нь эцэг эх асран хамгаалагч нарынхаа хараа хяналтанд хамт явж байхдаа буюу тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ орон нутгийн замд, гэмтсэн хүүхдийн 50.0 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 9.7 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна.
Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс