Гэхдээ яг ямар хэргийг өмгөөлж, хууль эрхзүйн туслалцаа үзүүлсэн нь тун эргэлзээтэй. Сайд асан Х.Тэмүүжингийн “сайн дүү” Сарангэрэлийг өмгөөлж байгаа нэртэй далан булчирхайг нь тоочуулаад “задарч яваа өсвөр насны охин” гэдэг ойлголтыг олон нийтэд өгчихсөн. Дараа нь шоронд явуулсан. Дуучин С.Амармандахыг өмгөөлж байгаа нэртэй худал ярьж хоёр улсын харилцаанд сэв суулгах шахсан. Эрхээ хамгаалсан хүүхдүүдийн эсрэг ажиллаж, багш нарыг нь өмгөөлсөн хэдий ч эрх үүргээ хэтрүүлэн ашиглаж, хүүхдүүдийг дарамталсаар энэ асуудлыг намжаасан. Ингээд харахаар Г.Батбаяр өмгөөлөгч гэхээсээ холион бантан хутгагч л гэж харагдаад байгаа юм.
Түүнд олны танил болж, од болон гялалцаж л байвал хаана ямар бантан хутгах нь No Problem байдаг бололтой юм. Өөрийгөө тэрбумтан хэмээн зарлаж, өдөр алгасахгүй телевиз, сонин, цахим хуудаснаа ярилцлага өгч, өмнө нь ярьж байснаа булзайруулж яваа түүнийг ой санамжаа алджээ гэхээс өөрөөр юу гэж ч дүгнэх билээ дээ. Юу гэж ярьсныг нь эргэн нэг сонсоцгооё.
Зуны халуунд удаан ажилласан хүн манарч, буруу зөрүү ярьвал наршжээ л гэж бодно. Гэтэл Г.Батбаяр байнга л наршчихсан юм шиг буруу зөрүү тайлбар хийж явах юм. Гол нь үүнийгээ өөрөө огтхон ч мэддэггүй.
Ганц хоёрхон сарын өмнө “бид хүнээс 2 сая төгрөг залилан аваагүй” гэж ярьчихаад дараа нь “хүнээс ганц хоёр сая төгрөг авчихаад муу сайнаа дуудуулан явах шаардлага байна уу” гээд л яриад явж байна. Мөн өөрөө орлогын арван хувь болох 108 сая төгрөгийн татвар төлсөн гэж мэдэгдсэн хэрнээ “намайг тэрбумтан өмгөөлөгч гэж доромжилж байна” гэх жишээтэй. Ой санамж нь ороод л, гараад л байгаа биз. Яг үнэндээ тэрбумтан өмгөөлөгч гэдэг мэдээлэл өөрийнх нь туг.мн сайтад л анх нийтлэгдэж байлаа шүү дээ. Бодвол тэрбумтан гээд бичүүлчихээр нөгөө од болох замналд л эерэг нөлөө үзүүлнэ гэж бодсон байх.
Ийм хүнээс чинь яаж хууль зүйн зөвлөгөө авч, асуудлаа өмгөөлүүлэх юм бэ. Би лав ийм өмгөөлөгчтэй бол миний зөв байсан ч буруудаж, шийтгүүлж мэдэхээр байна. Магадгүй энэ хүний орон гаран үгсийг сонссон хүмүүс ч одоо тийм бодолтой болсон байлгүй. Тэгээд л өөрийгөө тэрбумтан гэж өргөмжлөөд маргааш нь хэвлэлийн хурал зарлаж намайг гүтгэж, доромжиллоо гээд яриад явж байна биз дээ.
А.Аюуш