БНХАУ сүүлийн 20 жил үсрэнгүй хөгжлийн замд орсныг тус улсад зочилсон Монголын сэтгүүлчдийн баг газар дээр нь очиж танилцлаа. Хятад улс бол манай улсын мөнхийн хөрш. Бид тэднийг үзэн ядаж, хятад, хужаагаар нь дуудаж, тэднээс жийрхэж, тэдэнтэй эдийн засгийн бодлогын хувьд хамтран ажиллахаас болгоомжилж ирсэн хэдий ч тэд энэ бүгдээс үл хамааран хөгжил дэвшил нь биднээс хол гарчээ.
“Инноваци” гэдэг үгийг монголчууд бид үгсийн сандаа хэрэглэх, хэрэгжүүлж эхлэх төдий байхад Хятад улс энэ үгийн утга агуулгыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, үр дүнг нь аль хэдийнэ амсаад, улс орны хөгжилдөө ашиглаад эхэлсэн байна.
Монголчууд “муу суралцахаар сайн хуул” гэж ярьдаг. Дэлхий дахинд инновацийн бодлогыг зөв хэрэгжүүлснээр богино хугацаанд үсрэнгүй хөгжлийн үр шимийг хүртсэн Хятад улсаас суралцах, тэдний зөв зүйтэй бодлогыг хуулбарлан нутагшуулах шаардлага бидэнд байна.
Байгалийн баялагаас хамааралтай хөгжлийн бодлого биш шинэ санаа, шинэ технологид суурилсан бодлогыг зөв хэрэгжүүлж чадвал улс орны хөгжил дэвшил урагшилж болдогийн бэлээхэн жишээ бол инновацид суурилсан манай өмнөд хөршийн хөгжил юм.
БНХАУ-ын зүгээс Шинжлэх ухаан, технологийн салбараа бодлогоор дэмжсэн нь эргээд энэ салбар нь улс орны хөгжлийн түлхүүр болж чаджээ. Гэхдээ төрөөс дэмжинэ гэдэг бол төр шууд татаас өгнө гэсэн үг хараахан биш юм байна.
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамныхны мэдээлснээр Шинжлэх ухааны суурь судалгааны зардлыг төрөөс санхүүжүүлж, хавсарга шинжлэх ухаан буюу инновацид суурилсан бүтээгдэхүүн бий болгох зардлыг төр нь бодлогоор дэмжиж, татвар болон бусад бодлогоор төрөөс дэмжсэн хувийн компаниуд нь шаардлагатай санхүүжилтийг гаргах байдлаар энэ салбарын хөгжлийг урагшлуулдаг байна.
Хятад улсын Инновацийн хороон дарга Зан Шин /Zhang Xin/ хэлсэн үгэндээ “2016 онд Хятадын инновацийн судалгааны санхүүжилт нэг их наяд, 550 тэрбум юаньд хүрч, инновацид оруулж байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтаараа дэлхийд дэд байранд орсон. Бид сансарын пуужин бүтээх, хиймэл дагуул нисгэх, газрын гүнийг судлах, далайн ёроолд шумбах шумбагч онгоц зэрэг технологийн шинэ ололт амжилтанд суурилсан томоохон төслүүдийг инновацийн хөгжилд суурилан амжилттай хэрэгжүүлж чадсан. Мөн газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжлийг нэвтрүүлж, Бээжин, Шанхай зэрэг том хот болон бүх хятадад 16 инновациййн паркийг нээн ажиллуулсан. Шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн бодлогод зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг бид аж ахуй эрхлэгчидээс, 22 хувийг төрөөс санжүүлэх, үлдсэн 8 хувийн бусад эх сурвалжаас санхүүжүүлэх байдлаар зохицуулж ирсэн. Төрөөс гарах санхүүжилтийн ихэнх нь шинжлэх ухааны суурь судалгааны зардалд зарцуулагддаг. Манай улсын хувьд дэлхийн өнцөг буланд мэргэжил эзэмшин, инновацийн хөгжилд товойм амжилт гаргаж байгаа хятад улсын иргэн залуу эрдэмтэн судлаачдыг эх орондоо ирж ажилахыг уриалан ажлын цалин хөлс болон ахуй амьдралын баталгаагаар нь ханган ажиллуулдаг. Цаашдаа инновацийн хөгжлийн чиглэлд бид 2016 онд баталсан 13-р таван жилийн төлөвлөгөөг батлан ажиллаж байна” гэсэн юм. Эндээс харахад Хятад улс инновацид тулгуурласан хөгжлийг чиг баримжааг төрийн бодлогын чухал хэсэг болгон хэрэгжүүлсэн нь өнөөгийн Хятад улсын хөгжлийн нууц гэлтэй.
Нүүдэлчин Монголчууд бид “Би явж байна, Бээжин сууж байна” хэмээн хэлцдэг байсан бол өдгөө “Бид хоцрогдож байна, Бээжин хөгжиж байна” гэж хэлэхээр болжээ.
МНСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан II баг 6 сарын 2-ны өдөр Ханжоу, Нингбо хот руу хүлгийн жолоо заллаа. Тэнд Онлайн худалдааны Алибаба групп, компаниудын инновацийн нэгдэл болсон Мөрөөдөл /Dream/ хотхон, Зижиан хотын Соёл урлагийн инновацийн парк, Hikvision камер дижитал технологийн үзэсгэлэнгийн тэнхим, Ханжио хотын G20 /Дэлхийн их 20 улс орны удирдагч/-ийн дээд хэмжээний уулзалт арга хэмжээ зохион байгуулагдсан ордон, батерей үйлдвэрлэлээрээ БНХАУ-даа тэргүүлж, дэлхийд гуравт бичигддэг Чуангсинган, Зонен групп, Нингбо хотын Инновацийн хөгжлийн цогцолбор хотхон, Жэжян мужийн Нинбо-Жушан усан боомтын үйл ажиллагаатай танилцсан юм.
Эдгээрээс онцлон Алибаба групп болон Нингбо хотын Инновацийн хөгжлийн цогцолбор хотхоны тухай товч мэдээллийг хүргэе.
1999 онд Хятадын иргэн Жак Ма санаачлан байгуулсан Алибаба групп өдгөө цахим худалдаагаар дэлхийд 2 байранд оржээ. Монголын сэтгүүлчид Ханжоу хотын төвд орших “Алибаба” группийн төв оффист зочлоход юуны түрүүнд ханан дээр нь эртний Хятадын гөүхуа зургийн аргаар зурсан зургууд анхаарал татсан юм. Менежер залуугийн хэлснээр, “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жэк Магаас эхлээд алдарт Стив Жобс, Цукерберг нарыг Сүн улсын үеийн аж байдлыг харуулсан энэхүү уран зурагт мөнхлөн үлдээжээ. “Та худалдан авч чадвал бид хүргэж чадна” гэсэн уриаг “Алибаба” группийнхний ажлын гол зарчимаа болгодог байна.
2000 оны өмнөх торгоны замтай зүйрлэж болохуйц даяарчилсан эдийн засгийн сүлжээг Алибаба бий болгож чаджээ. Хэрэглэгчийн нас хүйс, сонирхол, худалдан авах чадвар зэргийг нарийвчлан судалж хэрэглэгчид бүтээгдэхүүнийг ямар хугацаанд хүргэх боломжтой талаарх нарийн мэдээллийг тоон системийн тусламжтай хянаж, түүндээ тулгуурлан худалдааныхаа маркетингийг боловсруулан ажилладаг байна. Хятадын бүс нутагт 24 цагийн дотор, дэлхийн бусад улсуудад 72 цагийн дотор бараа бүтээгдэхүүнийг хүргэх боломжтой тээвэр ложистикийг тэд шийдэж чаджээ.
Өдгөө эл группд нийтдээ 30.8 сая хүнийг ажлын байраар хангадаг бол энэ тоогоо цаашид нэмэгдүүлэн 2020 он гэхэд 100 сая хүнийг ажлын байраар ханган, интернэт худалдаагаар дэлхийд тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.
Нингбо хотын Инновацийн хөгжлийн цогболбор хотхон бол бүх хятадын өнцөг булан бүрээс төдийгүй хилийн чанадаас ирсэн шинэ технологи үйлдвэрлэгчдийн оршин сууж, суралцаж, ажиллаж, туршиж, бүтээн туурвиж байх гол төв юм. Энэ төвд оффисийн барилга, ажилчдын орон сууц, Их сургууль, номын сан, интернэт мэдээллийн төв, туршилтын байгууламжийн ордон, лаборатори, эмнэлэг, спортын цогцолбор төв, гол горхи, усан байгууламж бүхий амралт зугаалгын талбай, талбай, дэлгүүр худалдааны газар гээд нэг бүрчлэн төлөвлөж цогцоор шийджээ. Эдгээр барилгуудын 80 хувь нь ашиглалтанд орж, Хятадын инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар ирсэн эрдэмтэн судлаачид энд төвлөрөн шинжилгээ судалгааныхаа ажлыг явуулж байгаа юм байна.
Хятадын үсрэнгүй хөгжиж байгаа урд зүгийн хотоор зочлоод, хөгжлийн хандлагыг нь ажиглаад надад нэгэн бодол төрснөө нуух юун.
Хүн бүр амьдралын баталгаатай болж, авдаг цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй, оршин суудаг хот нь дэг соёлтой, замын түгжрэл, элдэв бухимдал түрүүлэх асуудал үүсэхгүй нөхцөлд хүмүүс уур уцааргүй, амар тайван болж, ирээдүйн төлөө итгэлтэйгээр ажиллаж хөдөлмөрлөдөг юм болов уу гэсэн бодол төрж байлаа. Хятадууд хэдийгээр сэтгүүлч бидэнд инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулж байсан ч хэрхэн бүтээдэг, цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа гэсэн асуултанд эелдэг байдлаар хариулахаас “татгалзаж” байсан нь тэд бүтээгдэхүүний ноу-хаудаа хэрхэн ач холбогдол өгдөгийн илрэл бизээ.
Хятад улсад аливаа томоохон хэмжээний шийдвэр засаг төрийн оролцоогүйгээр гардаггүй гэдэг. Тэгвэл Монгол улсын Засгийн газраас санаачлан инновацийн хөгжилд тулгуурлан үсрэнгүй хөгжиж байгаа Хятадын өмнөд мужуудын Инновацийн сургуульд Монгол улсаас оюутнуудыг суралцуулах, дадлагажуулах асуудлын хүрээнд Хятад улсын Засгийн газартай хамтран ажиллах чиглэлд анхаарлаа хандуулан, инновацийн хөгжлөөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг олноор нь бэлтгэж тэднийг эргээд эх орондоо урьж ирүүлэн мэдлэг боловсролыг нь ашиглах нь юу юунаас илүүтэй чухал гэж бодогдлоо.
Эс бөгөөс бид “суусаар” байна, Бээжин “явсаар” байх нь…
Ц.Мөнх