ЗАМАА ЧАНАРТАЙ БАРЬСАН КОМПАНИУДТАЙ ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАНА

p17r89se2qgji1p7rtt1l921tln1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж буй компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болон замын ажил гүйцэтгэж байгаа 28 компанийн төлөөлөл оролцлоо. Нийслэлийн Засаг дарга “Цаг хугацаатай уралдан, захиргааны шаардлагыг биелүүлж, нийслэл хотынхоо бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон замын засвар, шинэчлэлтийн ажил гүйцэтгэж буй нийт компаниуддаа болон төлөвлөсөн хугацаанаас өмнө замын ажлаа чанартай хийж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье” гээд ажил гүйцэтгэх явцад тулгарч буй саад бэрхшээл, захиргааны зүгээс шийдвэрлэх асуудал байгаа эсэх талаар ярилцсан юм. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа замуудын ажлыг Засаг дарга сонирхлоо. БЗД Энхтайвны өргөн чөлөөний зүүн хэсэг, Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон – Чулуун Овоо – Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК ажиллаж, 2013 оны 08.30-нд дуусгахаар төлөвлөжээ. Одоо замын өргөсөлтийн ажил, явган зам, замын хашлага суулгах ажлууд хийгдэж байгаа бөгөөд Чулуун овооны тойргоос троллейбусны буудал хүртэл 1.8 км авто замыг хэсэгчлэн хааж, суурийн ажлыг/500м/ дуусчээ. Ажлын явц 37%-тай, борооны усны шугам тавих ажил эхэлсэн гэж мэдээллээ. Энэ замын санхүүжилтыг Хөгжлийн банкнаас хийх ёстой. Санхүүжилт хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа тул өөрсдийн хөрөнгөөр ажлаа үргэлжлүүлж байна. Мөн олон жил болж, хэл ам дагуулдаг 22-ын товчоо чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар  , “Бэрх зараа” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ “ Замыг “Эрдэнэ зам” ХХК, “Тэгшплант” ХХК-уудтай түншлэн гүйцэтгэж байгаа. 07 сарын 08-нд 2 урсгалаа нээж, төлөвлөсөн хугацаанд замаа ашиглалтад оруулна. Харин гэрэлтүүлгийн ажил 07 сарын 10-нд дуусна” гэлээ. Замын ажил гүйцэтгэж буй компаниуд газар чөлөөлөх ажлыг яаралтай хийх шаардлагатай, газар чөлөөлөөгүйгээс ажлаа зогсоосон компани ч байгаа гэдгийг бас  хэллээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Газар чөлөөлөх ажил цаг хугацаандаа хийгдэж байгаа ч зарим газар иргэдтэй нөхөн олговрын асуудал дээр тохирч чадахгүй байна. Иргэд газраа хэт үнэд оруулж байгаа нь газар чөлөөлөхөд хүндрэл учруулж байна” гэлээ. Засаг дарга “Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, ойрын хугацаанд шийдвэрлэхийг үүрэг болгоод ,цаашид газар, цахилгаан, дулааны шугам чөлөөлөх ажлыг эртнээс төлөвлөж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай тохиролцсоны дараа ажлаа эхлэх нь цаг хугацаа хэмнэж, ажил тасралтгүй үргэлжлэх боломжтойг анхаарч ажиллах шаардлагатай” байгааг санууллаа.  Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явц сайн байгаа, Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх замуудын хөрөнгийн асуудал хүндрэлтэй байна. 6-р сард  замын ажилд 5 тэрбумыг төсөвлөсөн нь хаанаа ч хүрэхгүй. Энэ байдлаар цааш үргэлжилбэл ажил зогсох эрсдэлтэй учир асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа” талаар мэдээллээ. Харин Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн н.Мөнхтулга “Хөгжлийн банкнаас хүлээгдэж байгаа зам, барилгын ажлын санхүүжилтыг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ. Цаашид хийгдэх замын ажлын хөрөнгийг тухай бүрт нь шийдэх боломжтой. Гурвалжингийн гүүрний төмөр бетон гүүр, Богд уулын араар тавигдах 17,6 км авто замын ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээний хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкнаас гаргах асуудал мөн ирэх долоо хоногт батлагдана” гэдгийг дуулгалаа.. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга “Гүйцэтгэгч компаниуд ажлаа чанартай хийвэл дараагийн ажил бэлэн байгаа гэж ойлгож болно. Тиймээс урт хугацаагаар хамтран ажиллах боломжтой юм. Ер нь зам засвар, шинэлчлэлийн ажилд тулгарч байгаа саад бэрхшээл, асуудлуудаа 7 хоног бүрийн Пүрэв гарагт  нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр “Авто замчдын холбоо”-оор дамжуулан танилцуулж, тухай бүрд нь шийдвэрлэж байя” гэж шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …