Сонгогчийн жагсаалт дахь бүртгэлээ сайн шалгаарай

Ерөнхийлөгчийн сонгуулийн бариа хүрэхэд зургаахан хоног үлдлээ. Төрийн тэргүүний сунгаа Монгол Улс гэсэн ганцхан том тойрогтой. Сурталчилгааны хугацаа  ч 18-хан хоногоор хязгаарлагдсан.

Үндсэн хуульдаа зөвхөн парламентад суудалтай намаас нэр дэвшүүлнэ гээд заачихсан болохоор 10-12 хүн өрсөлддөг бусад улс оронтой харьцуулахад  гуравхан нэр дэвшигчтэйгээрээ онцлог. Сонгуулийн насанд хүрсэн иргэд, сонгогчдын тоо ч цөөхөн. Гурван сая хүнээс хоёр сая гаруйхан нь сонгуулийн насны  иргэд байдаг. Харин сонгогчдын бүртгэл, нэрсийн жагсаалт “но”-той байдаг тухай сонгууль болохоор л ярьдаг. Бусад үед таг мартчихдаг.

2016 оны УИХ-ын сонгуулиар л гэхэд “царцаа”-ны нүүдэл хэрээс хэтэрсэн тухай шуугиж, шүүх цагдаа дамжин хэл ам болж байв. Ямар учиртай вэ гэхээр жижиг тойрогт хуваагдсан нэр дэвшигчид өөртөө санал өгөх сонгогчдыг өөрийнхөө тойрог руу шилжүүлэн аваачдаг сонгуулийн үзэгдлийг “царцааны нүүдэл” хэмээн нэрлээд буй.

Гэхдээ жижиг тойрогт хуваагдсан Их хурлын болоод аймаг, дүүрэг, сумын Иргэдийн хурлын сонгуулийн үеэр л гардаг гажуудал байсаар. Гэтэл том тойрогт гурван нэр дэвшигч өрсөлдөж буй энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар  бас л хэл ам татлаастай. Нэг айлын хаяг дээр огт танихгүй 5-6 хүн бүртгэсэн, гурван ам бүлтэй  байтал бүртгэлийн хуудас дээр  хэд үржсэн. Тэр бүү хэл, Чингэлтэй дүүрэгт нэг айлын хаяг дээр бүр 13 хүн бүртгэлтэй гарсан  гэх мэдээллүүд эхнээсээ дуулдаж байна.

Өмнөх сонгуулиар ч ийм асуудал гарч, нэр дэвшигчид хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийж, холбогдох байгууллагууд руу  зарга мэдүүлээд ч амжилт олоогүй. Тэгвэл энэ удаа өмнөх сонгуулиар нүүж очсон “царцаа”-нуудыг  цэгцлээгүйгээс дахин асуудал босч ирсэн үү. Хэн нэг нь “царцаа” нүүлгээд авааччихсан уу гэдэг ойлгомжгүй байна. Үүний зэрэгцээ зарим ТББ-аас  өчигдөр хэвлэлийн хурал хийж “Төрийн албан хаагчдыг  5-10 хүний овог, нэр, регистерийн дугаар авчрахыг дээрээс нь үүрэгдэж, сонгуулийн хууль зөрчиж байна” гэсэн мэдэгдлийг хийв. Иргэний бүртгэл тоглоом биш. Байж л байдаг юм гэсэн аятай хайнга хандаад өнгөрч бас болохгүй.

Хариуцлагатай сонгуулийн өмнө ирлээ, чухал сонголт  хийх цаг боллоо гэж амаараа ярьж байгаа шигээ амьдарч хороо, дүүргийнхээ сонгогчийн нэрсийн жагсалт дээр  өөрийн болоод гэр бүлийнхнийхээ нэрийг тулгаж үзэж шал­гачихад яагаад болохгүй гэж. Иргэний хяналт, хариуцлага, шударга сонгуулийн төлөө байгаа бол эхлээд өөрийнхөө хаяг дээрх бүртгэл, сон­гогчийн нэрсийн жагсаалтыг тулгаж үзээд сайтар шалгачихаарай.

Ч.Зотол

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …