Зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хоёр дахь нь өчигдөр биеллээ олж Дорноговь аймаг Улаанбаатар хоттой автозамаар холбогдлоо. Чойр-Сайншанд чиглэлийн 176,4 км замыг нээх ёслолын ажиллагаа Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, АНУ-ын Элчин сайд В.Кэмпбэлл, Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч компаниудын удирдлагууд болон нутгийн иргэд оролцлоо.
АНУ-ын Засгийн газар, ард иргэдийнх нь сэтгэл шингэсэн 285 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хамгийн том төсөл болох энэхүү замын ажил амжилттай болсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд тус улсын Элчин сайдын яам, Мянганы сорилтын сангийн хамт олонд талархал илэрхийллээ. Чойр-Сайншанд чиглэлийн зам олон улс орон хамтарч хийсэн том бүтээн байгуулалт боллоо гээд гүйцэтгэгч компани болох БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпораци”, Хятадын “Жиангши Уэтөр энд гидроповэр констракшн” компанийн хамт олонд замын ажлаа чанартай гүйцэтгэсэнд нь баяр хүргэлээ.
Тус замд бусад замаас давуу болон хэд хэдэн онцлогтой зүйл байгааг Ерөнхий сайд хэлээд 30 км тутамд зогсоолын талбай гаргасан нь аялж байгаа хүмүүст түр зогсож амрах боломж олгосон. Мөн Даланжаргалан, Айраг сумын төвийг нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу төв замтай хатуу хучилттай автозамаар холбож өгсөн нь чухал ажил болжээ гэдгийг онцолж байлаа.
АНУ Монгол Улсын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэ зам Монгол, Орос, Хятадыг холбосон босоо тэнхлэгийн автозам бөгөөд манай улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж Зам, тээврийн сайд А.Гансүх хэллээ.
АНУ-ын Элчин сайд, хатагтай В.Кэмпбэлл автозамыг амжилттай барьж дуусгахад америк, монгол, солонгос, хятад, дани, непалчууд гэхчлэн 17 орны хүмүүс хувь нэмрээ оруулсан нь олон улсын түншлэл, хамтын ажиллагаа маш чухал болохыг харуулж байна гэлээ.
Мянганы сорилтын корпорацийн ахлах зөвлөх Кассандра Буттс энэхүү нээлтийн ажиллагаанд оролцохдоо “Эдийн засгийн өсөлтөд найдвартай дэд бүтэц чухал. Зам боломж бүрийг нээж өгдөг. Худалдаа, арилжаа, сургууль болон эрүүл мэндийн үйлчилгээ ойртоно” гэж хэлээд “Миний ойлгож байгаагаар энэ зам тавигдсанаар аялах хугацааг хоёр дахин буюу 5 цаг аялдаг байсныг 2,5 цаг хүртэл богиносгож байна. Мөн шинээр баригдсан замын тогтвортой байдал, арчлалтад Монголын Засгийн газар төсөв төлөвлөсөнд талархаж байгаагаа илэрхийлсэн.
Нийтдээ 79 сая ам.долларын өртгөөр боссон энэ замд 2011 онд 470 гаруй мянган шоо метр далангийн ажил хийжээ. Харин энэ 2013 онд 4 сарын хугацаанд 100 км цементээр бэхжүүлсэн суурь,160 км асфальтбетон хучилтыг технологийн дагуу хийсэн нь манай улсын автозамын түүхэнд байгаагүй амжилт болжээ.
Олон улсын транзит тээвэр, манай улсын эдийн засгийн хөгжил болон орон нутгийн иргэдийн амьжиргаанд ихээхэн үр дүн үзүүлэх Чойр-Сайншанд чиглэлийн 176,4 км зам ашиглалтад орж хоёр аймаг, таван сумын иргэд Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.