1. Айргийг Википедиад малын сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн цагаан идээ болоод унд хэмээн тайлбарлажээ.
2. Гүүний сүү буюу саам болон үнээний сүүгээр энэхүү тансаг ундааг хийх бөгөөд Халх Монголчууд гүүний сүүгээр, харин Баруун Монголчууд гүү, үнээний сүүгээр айраг исгэдэг байна.
3. Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүхтэй. Гүүний айргийг манайхаас гадна Казах, Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг аж. Монгол орны хувьд айраг өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айргаараа алдартай.
4. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болж иржээ.
5. Саам болон айргийн бүрэлдэхүүний 1.8-2.2 орчим хувийг эзэлдэг уургийн бодис сүүн хүчлийн бактерын нөлөөгөөр үхрийн сүүтэй адил нягт элгэн бүрэлдэхгүй харин үл мэдэг жижиг язмаг үүсгэдэг учир ходоод гэдэсний ажиллагааг хүндрүүлдэггүй, хялбархан шингэдэг байна.
6. Айргийн бүрэлдэхүүнд чухал амин хүчлүүд байх бөгөөд амин хүчлийн найрлагын хувьд айраг нь төгс чанарт тэжээлийн зүйл юм. Үүгээр айраг нь эхийн сүүтэй ойролцоо юм.
7. Айргийн найрлаганд хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг. Насанд хүрсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг аж. 1л айрагт 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байдаг байна. Айрагт Д витамин ихээр агуулагдах бөгөөд Е витамин 1л сааманд 0.65-1.05 мг байна.
8. Айраг кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуу талтай. Айраг нь ялзруулагч бактер, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессыг зогсоох, гэдэсний рH-ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй. Айргийн энэхүү сувилал эмчилгээний чанар нь нэг талаар хөрөнгийн бичил биетүүдийн ялгаруулдаг антибиотик бодис, нөгөөтэйгүүр исэлтийн үр дүнд бий болдог үлэмж хэмжээний сүүний хүчлийн хэмжээтэй шууд холбоотой.
9. Монголчууд эрт дээр vеэс айрагны эмчилгээний чанарыг мэддэг байсан. Айргаар дээр vед ханиалга, мэдрэлийн гаралтай өвчин гээд бараг бvх төрлийн өвчин эмгэгийг анагаадаг байжээ. Айраг ууснаар хvний нойр хэвийн байдалдаа орж, гэдэсний vйл ажиллагаа, артерын даралт тогтворждог байна.
10. Айрагны сайн тал, эмчилгээний ач тусыг дурьдаад байвал барагдахгүй ч, нэг сөрөг тал нь харшлыг сэдрээдэг тухай мэргэжилтнүүд зөвлөж байна. Ерөнхийдөө төрөл бүрийн харшилтай хүмүүс аль болох исгэлэн чанарын идээ ундыг уухаас татгалзах хэрэгтэй байдаг аж. Ялангуяа зуны улирал иргэд айраг ихээр хэрэглэдэг бөгөөд айраг харшилтай хүний харшлыг улам сэдрээж хүндрүүлэх аюултай байдаг учир аль болох бага хэрэглэх хэрэгтэй гэнэ шүү.