Шүүхийн хайр ивээлийг дааж явах тухай л бодож байна

-10 жилийн ялаас долоог нь хасуулсан бүсгүйн яриаг хүргэж байна-

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр ял эдэлж байсан цөөнгүй иргэн суллагдсан. Тэдний нэг Ү-тэй ярилцлаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн хорих анги буюу 407 дугаар ангид хоригдож байгаад, ялын тэгшитгэлээр суллагджээ.

-Уучлаарай, та ямар хэргээр ял шийтгүүлсэн юм бэ?

-Амар хялбар аргаар амьдрах гэсэн ухаан мөчид бодол, шуналаасаа болж гэмт хэрэгт холбогдож, Сүхбаатар дүүргийн шүүхээс 2015 онд 10 жил 6 сар хорих ял сонссон. Жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаад суллагдлаа.

-Амьдралдаа алдсан олон бүсгүй тэнд ял эдэлж байгаа. Эрх чөлөөгөө хасуулж, хорих ангид ял эдлэхэд хүнд байсан нь гарцаагүй. Бусдад сургамж болоосой гэдэг үүднээс асууж байгаа юм, уучлаарай.

-Жирийн дэглэмтэй хорих ангид 150 гаруй эмэгтэй ял эдэлж байсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү нөхцөл. Тэнд өнгөрөөсөн хором бүр харамсалтай байдаг. Эмэгтэйчүүдийн хорих анги Монголд ганц байдаг. Орчин нь маш хүнд. Өвлийн улиралд гадуур хүрэмтэйгээ унтахад л даардаг. Хана нь битүү мөөгөнцөртэй, чийг даасан. Үүнээс болоод тэнд орсон бүсгүйчүүд суурь өвчтэй болдог. Ялтнууд илүү цагаар ажиллах нь жирийн үзэгдэл. Улиралд нэг удаа л гоо сайхны бүтээгдэхүүн оруулна. Эргэлтээр боорцгоос өөр зүйл оруулахгүй.

Ялтнуудын амнаас гарсан 10 үгний 8 нь хараал байх жишээтэй. Тэр орчноос өөрийгөө эвдэхгүй гарах нь миний цорын ганц зорилго байсан. Олон удаа гэмт хэрэг үйлдэн орж ирсэн хүн байхад анх удаа болгоомжгүйгээсээ болоод гэмт хэрэгтэн болсон хүн ч байгаа.

-Хоёр жилийн өмнөх таны амьдрал, гэр бүл суллагдаад гараад ирэхэд хэр их өөрчлөгдсөн байна вэ?

-Би 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа болон гадуур батлан даалтад байхдаа өөрийгөө буруугүй гэж боддог байсан. Ер нь шүүхийн шийдвэрээр хорих ангид ирэх хүртлээ өөрийгөө буруутай гэж бодож байгаагүй. Бодит байдалтай тулгарах хүртэл өөрийгөө буруугүй гэж боддог юм билээ.

Шүүхээс ял сонсоод хорих ангид ороход л хайртай ээж, хүүхдүүдээ орхиод ирсэндээ гутарч, буруугаа ухаарч эхэлсэн. Хөөрхий ээж минь миний гурван хүүхдийг хараад бүртийгээд үлдсэн. Шоронд байхад ч ээж минь л ирдэг. Бусад хүмүүс аяндаа хөндийрдэг юм билээ.

Суллагдаад ээжийгээ, гурван хүүхдээ хараад өөртөө гутарч, зүрх зүсэгдэх шиг болсон. Ээж минь хоёр жилийн хугацаанд маш их өтөлжээ. Надаас болж хичнээн шөнө нойргүй хоносон бол. Гурван хүүхэд минь аймхай, зориггүй болж. Ээжээсээ ямар их ичсэн бол. Найз нөхдөдөө хичнээн их гоочлуулсан бол гэж бодох бүрт өөрийгөө буруутгах юм.

-Та 10 жил тэднээсээ хол байх байж. Хуулийн тэгшитгэлээр хугацаанаасаа өмнө суллагдахад ямар санагдсан бэ?

-Миний эдлэх 10 жил 6 сарын ялаас 7 жил гаран хугацааг шүүхийн шийдвэрээр хаслаа. Бүр Үндэсний их баяр наадмын өмнө суллагдсан. Хоёр жилийн өмнө шүүхээс ял сонсохдоо “Ямар хатуу хууль, яасан чанга шүүх вэ” гэж гомдож байсан. Одоо бол Монголын төр, хууль, шүүх засаглалын хайр ивээлийг дааж явах тухай бодож байна. Хууль бол хууль, шүүх бол шүүх юм байна. Шүүгч хуульд заасны дагуу л хэргийг шийддэг. Хоёр жилийн өмнөх миний төсөөлж байсан хатуу шүүх гэдэг нь буруу ойлголт гэдгийг ухаарсан.  2017 оны долдугаар сарын 3-ны өдөр шүүгч “Та суллагдлаа. Ойлгож байна уу” гэхэд зүүд шиг л санагдсан.

-Ээж, гурван хүүхдэдээ өөрийгөө яаж харуулахыг хүсч байна вэ. Хуулийн дагуу зөв амьдрах нь таны чин хүсэл болсон болов уу?

-Миний чин хүсэл байхаас гадна бүх хүн ингэж хичээгээсэй гэж хүсье. Нэг ч хүн тэр хатуу газар битгий очоосой. Аливаа зүйлд үнэнч шударга хандаарай, амар хялбар аргаар амьдрах гэлгүй ажил хөдөлмөр хийж амьдрах нь сайхан. Мөнгө, эрх мэдэл, эд хөрөнгө юу ч биш, хүнд эрх чөлөө гэдэг хамгаас үнэтэй зүйл гэдгийг маш сайн ойлголоо.

Хоёр жилийн өмнө би баян тансагт улайрч, шунадаг байсан бол одоо бүх зүйлд ул суурьтай хандаж, амар тайван амьдрахыг хүсч байна.

Л.ХАЛИУ

Эх сурвалж: “Ньюс.мн” 

Шүүхийн ерөнхий зөвлөл

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …