“Ногоон нуур”-ыг завь, наран шарлагын газар болгоно

“Ногоон нуур”-ын шавар шавхайг завь, наран шарлагын газар болгоно

Нийслэлд хэрэгжиж эхлээд буй “Урбан номадс” төслийн хүрээнд таван чиглэлээр таван янзын арга хэмжээ зохион байгуулах олон улсын багийнхан өнгөрсөн баасан гаригт СУИС-ийн “Оюутан” театрт уулзаж хоорондоо танилцан, тус тусын төслийн хүрээнд хийх гэж буй өвөрмөц ажлуудынхаа талаар ярилцсан юм. Олон улсын театрын институтын ХБНГУ дахь төвийн харьяа “Урбан номадс” төвөөс монгол, герман, гадаадын бусад улсын уран бүтээлч, философич, хот төлөвлөлтийн мэргэжилтүүд зэрэг хүмүүсийн оролцоотойгоор зохион байгуулж, хийж буй бүтээлийн талаар дараахь мэргэжилтнүүдээс тодруулга авсан юм. 
Зураач О.Энхтайван:
-Би Германы Дортмундын их сургуулийн профессор Оливертай хамтарч дүрслэх урлагийн орчин үеийн арга барилаар бүтээл хийх юм. “Ногоон нуур” орчмын шавар шавхайтай, хогонд дарагдсан орчинд амралт зугаалгын бичил орчин үүсгэх юм. Гэрийн хана ашиглаж том завь хийнэ. Том хэмжээтэй шатрын хөлөг байх юм. Үндсэндээ наран шарлагын газар байвал ийм бол ямар вэ гэсэн санаа дэвшүүлэх юм. Ногоон нуур цагтаа ийм, хүмүүсийн амарч зугаалдаг цэг аятайхан цэг байсан даа гэсэн дурсамжийг, энэ орчмыг ийм гоё болгохсон гэсэн мөрөөдөлтэй хослуулж сэтгэл ханамжийг бий болгох зорилготой. Энэ бүтээлийг олон нийтэд сонирхуулах өлдөр бол энэ сарын 20.

СУИС-ийн захирал Э.Сонинтогос:

-Берлиний Хумболдтын их сургуулийн багш нар, монгол судлаачдын санаачилгаар бий болсон энэ төслийнхөнтэй манай сургууль гурав дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Манай оюутнууд хамтарч бүтээл хийж, тоглолт зохион байгуулж, сургалтад хамрагдсаар ирлээ. Үр дүнд нь багш, оюутнууд бид аливаад, ялангуяа урлагт хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг илүү ойлгосон. Авьяастай ч нэг газар хүрээд, тэнд л хязгаар байгаа юм шиг таг зогсчихдог байдлыг халах ёстой юм. Урлагт болохгүй гэх хил хязгаар байх ёсгүй гэдгийг төсөлд хамрагдсан оюутнууд сайн ойлгох болсон. Одоо Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа “Урбан номадс” төслийн хүрээнд “Алга болох”, “Гамлет”, “Ногоон нуур”, “Хотын дуу чимээ” гэсэн бүтээлүүд хийх юм. Эхлээд байна. Хамгийн эхний “Гамлет”-аар хүмүүс бид амьдарсан шиг амьдрах ёстой юу, алдь эсвэл хүлцэнгүй номхон, сул дорой байх ёстой юу гэдгийг ойлгуулах гэж, энэ асуултыг хүн бүрээс асуух, сэрээх арга хэмжээ зохион байгуулсан. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг урлагийн хэлээр хэрхэн илэрхийлж, гаргаж тавьж, асуудал дэвшүүлж болдгийг энэ төслөөр харуулж байна.

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл:

-Манай зүгээс энэ төслийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж байна. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, хөдөлгөөнт тайз гаргаж өгөх гээд хэд хэдэн чиглэлээр хамтарч байна. Хүмүүс энэ таван төслийн үр дүнгээё, ялангуяа “Ногоон нуур” орчмыг өөрчлөн мөрөөдлийн орчин бий болгох ажлаас хог гэдгийг хүмүүс бид өөрсдөө бий болгодог, тэгж өөрсдийгөө бухимдуулдаг гэдгийг ойлгох байх. Нэг талаас хог, нөгөө талаас цэвэр цэмцгэр байдал гэсэн хоёр туйлын хооронд ямар их орон зай, сэтгэлгээний эсрэг тэсрэг тал байдаг нь харагдана.Ерөнхийдөө хэрхэн хотын хүн болох вэ гэсэн агуулга энэ таван төслийн цөм асуудал. Мөнгөтэй хүмүүс үнэтэй байранд орж байна. Гэтэл эргэн тойронд нь орчин нь ямар бохир байгаа билээ. Хүүхдээ агаар гаргах аргагүй утаан дунд байна. Хотын амьдралын  энэ сөрөг талыг хэрхэн шийдвэрлэх вэ. Шийдвэрт хүргэхийн тулд асуудлыг гаргаж тавих хэрэгтэй. Үүнийг урлагийн хэлээр зохион байгуулах ажлыг “Урбан номадс” буюу “Нүүдэлчдийн суурьшил” төслийнхөн хийж байна. Нийслэлийн соёл урлагийн газар талархалтайгаар дэмжиж байна.
Р.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …