“Домог” хамтлаг олон улсын гран-при наадмаас хос медаль авлаа” гэх мэдээ тэртээ Австрийн Вена хотоос цуурайтаж байсан цаг саяхан. Тэгвэл 17 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний язгуур урлагийн хамтлаг эх орондоо ирж, аяны богцоо задаллаа. МУГЖ Д.Сосорбарамаар ахлуулсан “Домог” хамтлагийнхан Вена хотод нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит тэмцээнд оролцсон юм. Ингээд МУГЖ Д.Сосорбарамтай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Танд баяр хүргэе. Австрийн нийслэлд болсон гран прид манай уран бүтээлчид тун амжилттай оролцлоо. Дэлхийн 50 гаруй оронтой өрсөлдөхөд ямар байв?
-Энэ амжилт зөвхөн манай “Домог” хамтлагийнх биш нийт монголчуудын, өв уламжлал, ёс заншил, гаргасан амжилт. Биднийг очиход хүлээн авахаас эхлээд үдэн гаргах хүртэл найрсаг, дотно, элгэмсэг орчин дагаж байлаа.
-Энд байгаа медаль, шагналууд өөр, өөрийн гэсэн онцлогтой байх. Ф.Шубертийн нэрэмжит хос гран-пригаас гадна “Discovery” хэмээх өргөмжлөлөө тайлбарлана уу?
-Үүнийг Болгарын хөгжмийн фестивалиас хүртсэн. “Домог” хамтлаг зөвхөн Венад ч биш Европын олон орноор үндэснийхээ баялгийг гайхуулж явлаа.
-Ард түмэн “Домог” хамтлагийг сонсч, уран бүтээлийг нь нэлээд сонсдог. Гэхдээ уран бүтээлчдийг нь төдийлөн таньдаггүй. Энэ завшаанаар уран бүтээлчдээ магтахгүй юу?
-Бид 17-уулаа хүлгийн жолоо залсан. Өнөөдрийн хуралд манай хамтлагийнхан бүгд ирсэнгүй. Та бүхэн мэдэх байх, бид дөрвөн төрлөөр оролцохоор явсан.
Тодруулбал, хөөмий, морин хуур, уран нугаралт, бий биелгээ. Манай нэг үзүүлбэр европчуудыг үндсэндээ бишрүүлсэн. Энэ юу байсан гэхээр манай хамтлагийн уран нугараач Г.Нямсүрэн гэж охин хөлөөрөө нум сум харвасан.
Яг энэ үзүүлбэр үзэгчдийн өмнө явагдсаны дараа тэнд байсан Азербайжан, Орос, Герман, Австри, Гүрж, Туркийн уран бүтээлчдийн эрүү нь мултрах дөхсөн. Маргааш нь “Нэгэн цагт дэлхийг донсолгож явсан Монгол удмын эмэгтэй нум сумыг ийм чадварлаг эзэмшсэн байдаг нь аргагүй л тэдний гентэй холбоотой” гэж Австрийн сонин, хэвлэлүүд гарчигласан байсан.
-Ф.Шубертийн нэрэмжит олон улсын наадамд оролцсон. Харин эдгээр шагналуудыг Европын урлагийн академи гардууллаа гэж байна. Эдгээр нь хоорондоо юугаараа ялгаатай вэ?
-Нэг талаар Ф.Шубертийн нэрэмжит үндэстний тэмцээн гэдэг бол эдгээр 24 орны уран бүтээлчдийг чуулах үндсэн шалтгаан, урлагийн орон гэр болсон орон зай. Харин бидэнд Дэлхийн үнэмлэхүй аварга гэсэн нэр алдар, цол хэргэмийг Олон улсын язгуур урлагийн ассоциаци гардууллаа.
Дэлхийн үнэмлэхүй аварга гэдэг бол аливаа спорт, урлагийн тавцанд хэдэнтээ хүндлэгдсэн хэргэмийг хэлдэг болов уу гэж ойлгож байгаа.
-“Домог” хамтлагийн урдаа барьдаг бүтээл бол яах аргагүй “Жалам хар” гэж түрүүн хэлсэн. Энэ бүтээлийг европчууд хэрхэн хүлээж авсан бэ. Мөн Европын үндэсний урлаг биднийхтэй төстэй содон зүйл байв уу?
-Мэдээж байлгүй яахав. Бидэнтэй хамгийн ойр нь Азербайжан байлаа. Биднийг очиж, буудалдаа байрлаад байхад азербайжаны уран бүтээлчид ирж, мэнд мэдсэн. Ингээд тэмцээний үр дүн гарсны дараа өрсөлдөөнөө мартаж, нэг хамт олон шиг гайхалтай уур амьсгал дор байлаа. Үнэнийг хэлэхэд тэднийг орхиж ирэхэд сэтгэлд бас хөндүүр л санагдсан.(Инээв)
Бид уг нь “Жалам хар”-ыг цогцоор нь тоглохын сацуу, нийт долоон тоглолт хийхээр зориод байсан. Харин нугараач, хөөмийчид маань зарим үзүүлбэрээ давтаж тоглосон тул “Жалам хар” нэг л удаа тайзан дээр тавигдсан.
Сүүлд үдэлтийн цэнгүүнд хаалтын бүжиг болгож жалам хараа “ташуурдсан”. Үзэгчид, европчууд бидний талаар тэс өөр ойлголттой үлдсэн.