Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 87 жилийн Ойн өдөртэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр Үндэсний шуудан сонинд ярилцлага өглөө. Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Хүн болгоны амьдралын замналаа олсон түүх өөр, өөр байдаг. Та яагаад энэ салбартай амьдралаа холбох болсон бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Би Ховд аймагт төрж өссөн хүн. Бага байхдаа нэг шүүх хурал үзсэн юм. Түүнээс хойш хуулийн мэргэжил зүгээр юм байна гэж бодсон. Дээр нь өөрөө нийгмийн чиглэлийн хичээлдээ сайн байсан нь нөлөөлсөн байх. Уг нь манай гэр бүлд хуулийн мэргэжилтэй хүн байхгүй л дээ. Арван жилээ төгсөөд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн хуульд элсч, төгссөн. 1997 он гэхээр хоёр дахь төгсөлт нь юм байна. Ингээд Улсын ерөнхий прокурорын 1997 оны зургадугаар сарын 10-ны өдрийн тушаалаар прокурорын албанд томилогдож байлаа. Түүнээс хойш тасралтгүй 20 жил ажиллаж байна.
-Ажлын гараагаа төрсөн нутгаасаа эхлүүлсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Төрсөн нутаг шиг сайхан зүйл хаа байх вэ. Тэнд таван жил ажиллаад Налайх дүүргийн орлогч прокуророор хоёр жил ажиллаад дараа нь Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газарт таван жил ажилласан. Тэгээд Налайх дүүргийн прокурор буюу дүүргийн прокуророор ажилласан юм. Дараа нь Улсын Ерөнхий прокурорын газарт Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад энд шилжиж ирсэн. Тухайн үед 21 настай хамгийн залуу прокурор томилогдож байсан бол одоо ахмадуудынхаа тоонд орчихсон байна даа. Надтай хамт Баянзүрх дүүргийн прокурор Алтангэрэл, Чингэлтэйн прокурор Булганцэцэг, Сургалтын төвийн Гантулга, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор Баянжаргал, Мөнхбат, Насанбат, Батчимэг, Долгоржав, Эрдэнэтуяа гээд олон прокурор төгссөн юм.
-20 жилийн хугацаанд шийдвэрлэхэд хүнд, нөгөө талаасаа сэтгэл эмзэглүүлсэн хэрэг хэр олон байв?
-Ховд аймагт таван жил ажиллахдаа нэг хэрэг шийдсэн юм. Миний анхны хэрэг л дээ. Санаанаас огт гардаггүй. Галсангийн Ганхуяг гээд барилддаг, их гоё ах. Архи уусан үедээ хүмүүстэй маргалдаж, нэг хүнийг хутгалж хөнөөгөөд, нөгөөхийг нь хүнд гэмтээсэн байсан. Тэр үед цаазын ялтай байсан үе. Анхны хэргээ авчихаад яллах дүгнэлт бичих гэхээр сэтгэл өвдөөд болдоггүй. Цааз уу, 25 жил үү гэж хэдэн өдөр бодсон. Нойр ч хүрэхгүй их зүдэрсэн. Маргааш нь шүүх хурал дээр 25 жилээр ялласан. Шүүхээс ч энэ ялыг оноосон. Дараа нь цагдан хорих ангид очтол өнөө ах “Баярлалаа, танд” гэж хэлж байсан.
-1997 оны хэрэг гэхээр удахгүй суллагдах юм байна даа?
-2015 онд Цэцэг сумын ойгоор очсон юм. Тэгтэл өнөө залуу хугацаанаасаа өмнө суллагдаж, эхнэр, гурван хүүхэдтэй болсон байна лээ. Намайг хараад сүйд болсон. Гэртээ урьсан ч даанч очиж чадаагүй.
-Хүний амь хөнөөсөн хүнд өршөөл үзүүлэхээр ар гэрийнхэнд нь харамсалтай байсан байх даа?
-25 жилийн ял гэдэг бол тоглоом биш. Тэр хүний хамаг залуу нас чанга дэглэмтэй хорих ангид өнгөрнө гэсэн үг. Гяндангаас эхлээд бүх л дэглэмийг эдэлнэ шүү дээ. Энэ хүний хувьд хорих ангид ял эдлэх хугацаандаа хүмүүжлийн доголдол гаргаагүйн дээр нь Өршөөлийн хуульд хамрагдсан юм шиг билээ. Гэмээ ухаарч, архи амсахаа больсон гэсэн. Хүн алдаагаа ухамсарлаж, давтахгүй байх нь чухал биз дээ.
-Танай хамт олны талаар ярилцъя. Прокуроруудын хувьд олонх нь залуучууд байх шиг байна?
-Манай байгууллага 32 прокуророос гадна захиргаа, үйлчилгээний ажилтантайгаа нийлээд 60 гаруй албан хаагчтай. Эдгээрээс 40-өөс дээш насны зургаа нь л прокурор байна. Би тэднийх нь тоонд орчихсон явнадаа. Залуус маань их дайчин, ажилдаа шургуу. Бас их эв найртай, хоорондоо элгэмсүү зантай. Хоорондоо харилцах харилцаа аядуу зөөлөн байхаар хамт олны дунд элдэв маргаан гарахгүй, дагаад эв найрамдалтай сайхан байдаг юм.
-Прокурор хүн хуулийн хүрээнд яллах дүгнэлт үйлдэх ёстой. Гэхдээ үүний цаана өөрийн дотоод итгэл үнэмшил дээр тулгуурлаж яллах дүгнэлт үйлддэг. Энэ утгаараа залуу прокурорууд алдах, бас тээнэгэлзэх үе гардаг байх. Энэ тал дээр тэднийг яаж туршлага суулгадаг вэ?
-Би жишээ болгож ярья. Өнгөрсөн жил манай байгууллагад зургаан шинэ прокурор шинээр томилогдож ирсэн юм. Суурийг эхнээс нь зөв тавихын тулд зааварлагч маягаар прокуроруудад хариуцуулж өгдөг. Нэг хэрэг дээр хоёр, гурваар нь зэрэг тавиад хажуугаар нь хяналтын прокурор зөвлөдөг гэсэн үг. Ийм асуудалд ингэж ханд, үүнийг ингэж тодруул гэх зэргээр олон талаас нь зөвлөдөг. Явцын үед туршлагажаад ирэхээр нь онц, хүнд хэрэг даалгадаг. Хүн амины хэргээс эхлээд олон үйлдэлтэй хулгайн хэрэг дээр хамтад нь ажиллуулна. Прокурор дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлаж хэргийг шийдвэрлэнэ. Гэхдээ мэдээж хууль, журамдаа захирагдах ёстой. Өдөр, шөнөгүй хэрэг дээр ажиллаад ирэхээр маш хурдан туршлага суудаг. Тэгэхгүй шинэ хүн, айчихна, жаахан зөөлөн ханд гээд байлгавал ур чадвар нь хэзээ ч сайжрахгүй.
-2016 онд Хуульчдын холбооноос 250 орчим прокуророос авсан судалгаагаар цалин хөлс тааруу, ажлын цаг их, яллах дүгнэлт үйлдэхдээ их стрессдэг гэсэн байсан. Гэтэл прокурорууд өндөр цалин авч, бага цагаар ажилладаг, эрх дархтай хүмүүс гэж иргэд хардаг шүү дээ?
-Үнэн, худлын дэнс гэж юу юм бэ. Бид өнөөдөр хуулийн хүрээнд л ажилладаг, ажилласаар ч байх болно. Шүүх хурал дээр прокурорын биед халдсан хэрэг олон удаа гарсан. Өрөөнд орж ирээд элс цацаж, хэл амаар доромжлох асуудал байнга гардаг. Хэчнээн өдөр, сар нэг хэрэг дээр ажиллана. Шүүх хурал олон цагаар үргэлжилнэ. Ар гэрт нь асуудал гарна. Энэ үед прокурорууд хаана байдаг вэ, ажил дээрээ л байдаг. Өрөвдмөөр хүн ял авчихлаа даа гээд сэтгэл санаа нь эвгүй болчихсон прокурортой олон таарсан. Хорих ангиудыг хариуцаж ажилладаг прокурорууд бүр их стрестдэг. Тиймээс шинэ залуу прокуроруудад стрессээс хэрхэн ангижрах вэ гэх мэтээр хувь хүний хөгжил зэргээр шат дараалсан сургалтад хамруулсан. Цаашид ч энэ төрлийн сургалтыг тогтмол явуулахаар төлөвлөсөн.
-Хилсээр ял эдэлсэн тохиолдол ОХУ-д их гардаг юм билээ. Танайд ийм зүйл тохиолдож байв уу. Яагаад ингэж асуусан бэ гэхээр 10 мянган төгрөг хулгайлаад долоон жилийн ял авсан нэг хэрэг гарахад нийгэм их бухимдаж хүлээж авсан?
-Хилсээр ял эдэлсэн тохиолдлыг би мэдэхгүй. Тэр хэргийн хувьд хуульд юу гэж заасан, тэрүүгээр нь яллах дүгнэлт үйлдсэн. Тэр хүн өмнө нь давтан үйлдэлтэй байсан. Үүнийг нь олон нийтэд мэдээлэхгүй зөвхөн “Хэдхэн мянган төгрөг хулгайлаад олон жилийн ял авлаа” гэж сенсаацласан. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны үеэр нотлогдоогүй, нотлох баримт дутуугаас хэрэг хэрэгсэхгүй тохиолдол гардаг. Ганц, нэгхэн тохиолдолд үндэслэлгүйгээр хоригдсон гэж гомдол гаргах үе бий.
-Ар гэрээс нь дарамт их ирдэг гэсэн. Магадгүй хэргийг буруу шийдвэрлэснээс болж ийм дарамт ирдэг байж болох уу?
-Хүний эцэг, эх хүүхэддээ хэзээ ч буруу өгөхгүй. Хэргийг мөрдөн байцааж, нотлох баримт дээр тулгуурласны үндсэн дээр шийдвэрлэдэг. Ямар ч эцэг, эх миний хүүхэд ийм асуудлаас болж энэ хэргийг хийсэн байна гэж орж ирдэггүй. Харин ч хийгээгүй, буруугүй гэдэг. Шалгаад үзэхээр үнэхээр буруутай нь нотлогддог.
-Өнгөрсөн сараас шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хэрхэн хийж байна вэ. Сонгинохайрхан дүүрэг 300 гаруй мянган оршин суугчтай. Энэ хэрээрээ гэмт хэрэг их гардаг учир хууль сурталчлах ажлыг түлхүү хийх ёстой юм болов уу?
-Шинэ хууль өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажил богино хугацаанд хийгдсэн. Тэнхимийн сургалт гэхэд долоо хоногийн хугацаанд хамрагдсан. Хууль сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан. Мөн дүүргийн цагдаагийн байгууллагуудад хууль сурталчлах яриа, таниулга хийж байгаа. Шинэ хууль тэр дундаа Зөрчлийн тухай хуульд гэхэд прокурор яаж оролцох, яаж хяналт тавих зэрэг заавар, журам хоёрыг нийцүүлж харах шаардлага их гарч байна. Хуулийнхаа дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гурван хэлтэс, Замын цагдаа, Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгал, Татварын газар гээд эрх бүхий 15 субьектэд хяналт тавьж ажиллах ёстой болсон. Эдгээрээс дүүргийн гурван цагдаагийн хэлтэс болон Замын цагдаагийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Үүнтэй холбогдуулан хууль сурталчлах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрүүгийн хуульд ялын санкцуудыг тодорхой болгож өгснөөс гадна хүний эрхийг нэлээд дээдэлсэн хууль болсон юм болов уу гэж харагдсан. Наад зах нь сэжигтнийг 72 цаг баривчилдаг байсан бол 48 цаг болгосон. Хорих ялын доод хэмжээ хуучин Эрүүгийн тухай хуулиас доош татагдсан. Дээр нь цагдан хорих үндэслэлүүд цөөрсөн. Энэ мэтээр бүх хэргийн ялын хэмжээ массаараа доош буусан байна лээ. Долдугаар сарын 1-ны өдрөөс шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой 60-аад хэрэг шүүхээс буцаагдсан учир зүйл ангийг нь шинэ хуультай нийцүүлэх ажил хийгдэж байна. Дагаад ажлын ачаалал нэмэгдсэн.
-Ярилцлагынхаа сүүлийн хэсгийг танд үлдээе. Прокурорын байгууллага үүсч хөгжсний ойн баяр тохиож байгаа энэ үед хамт ажилладаг албан хаагчдаа баярын мэнд хүргэхийг хүсч байгаа болов уу.
-Тэгэлгүй яах вэ. Прокурорын байгууллага 1930 онд байгуулагдсан түүхтэй. Манай байгууллагын хувьд Монгол Улсын Их хурлын тогтоолоор 1993 онд Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн Прокурорын газар нэртэйгээр анх байгуулагдсан юм билээ. Ирэх онд 25 жилийн ой болно. Прокурорын өдрийг тохиолдуулан хамтран зүтгэгчиддээ болон үе үеийн ахмад прокурорууддаа ойн өдрийн мэнд хүргэе.
Эх сурвалж:prokuror.mn