Hotel нэртэй гэмт хэргийг үүр, уурхайнуудыг хэн захиргаадах вэ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Дарь-Эхийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин нас барсан хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 23-нд гарсан. Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Уг хэргийн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газар үзлэг хийхэд тус дүүргийн 16-р хороонд оршин суух, 13 настай, иргэн А нь нас барсан байдалтай байсан. Хэргийн газрын үзлэг болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлтээр тухайн нас барсан охин ил харагдах шархгүй, үхэлд хүргэх ноцтой гэмтэл илрээгүй амь насаа алдсан байсан хэрэг гарсан.Энэ хэрэгт нарийвчлан шинжилгээ хийх шаардлагаар шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэн ажиллаж байна. Тухайн хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүрэгт оршин суух 19-20 насны гурван этгээдийг мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна” гэв.

Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар хохирогч А нь бусдад зодуулаагүй. Харин архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Тиймээс үхэлд хүргэх өөр шалтгаан байгаа эсэх болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг тогтоохоор нарийвчилсан шинжилгээ хийж байгаа аж.

Гэвч энд нэг асуудал байна. Яагаад 13 настай охин зочид буудалд архидан согтуурсан байх вэ. Энд хууль дүрэм үйлчлэх ёстой биз дээ.

Хэрэг гарсан “Очир” төв нь супермаркет, бар, зочид буудал, караоке, халуун ус, ресторан, авто засвар зэрэг төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг. Хэрэг гарсан ч одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна. Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлж, өрөө авч хоноглох гэж байгаа иргэдийн бичиг баримтыг шалгаад оруулсан бол ийм хэрэг гаргах байсан уу, үгүй юу. Яагаад буудал нэртэй гэмт хэргийн үүр уурхай болсон газруудад хяналт шалгалт дутагдана вэ. Стандарт, хэм хэмжээ гэж байх учиртай биз дээ. Хөгз, мөөгөнцөр үнэртсэн, өмнө нь хэн ч орж ирээд ямарч үйлдэл хийсэн нь мэдэгдэхгүй харанхуй нүхнүүд төлбөрөө төлсөн хэнийг ч хамаагүй оруулсаар л байна. Үүнд хэн хяналт тавих ёстой юм бэ.

Мөн зочид буудал гэх хаягийг ямар шаардлага хангасан тохиолдолд өгдөг вэ. Хамгийн сүүлд буюу 2014 оны арваннэгдүгээр сард нийслэлийн аялал жуулчлалын газраас шалгалт явуулж тоон мэдээг нэгтгэн гаргаж байж. Энэ шалгалтын явцад 102 зочид буудал зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэсэн мэдээлэл өгсөн байна. Тухайн үедээ зөвшөөрөлгүй зочид буудлуудыг цахилгаан, ус, дулаанаар хангахгүй байх шийдвэрийг нийслэлээс гаргаж байсан ч ажил хэрэг болсон эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл одоо ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал нэртэй гэмт хэргийн үүр уурхайнууд ажилласаар байж болзошгүй. Хэн ч ажиллаж, хөдөлмөрлөж, ашиг орлого олж болно. Гэвч аливаа зүйлс дэг журам, стандарт шаардлагатай байх учиртай. Дэг журам алдагдаж, стандарт шаардлагаа алдснаас болоод 13-хан настай охин зочид буудлын өрөөнд архины хорлого гэх оноштойгоор амь насаа алдчихаад байна шүү дээ. Тиймээс зочид буудал нэртнүүдэд тавих хяналт шаардлагаа өндөрсгөмөөр байна.

Н.Алт

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …