1960 оны АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн. Түүхэн дэх хамгийн залуу нэр дэвшигч, 43 настай Кеннеди, дэд ерөнхийлөгч Никсоны эсрэг өрсөлдөж байлаа. Нас залуу цус шингэн Кеннеди энэ аварга улсыг удирдаж явах хэмжээнд бэлэн болж амжсан эсэх, мөн цагаан ордонд суухаар нэр дэвшиж буй 2 дахь католик шашинтан зэрэг нь сонгогчдод эргэлзээ төрүүлж байлаа. Эхний католик нэр дэвшигч тэртээ 32 жилийн өмнө Нью Йоркын засаг дарга Ал Смит байсан бөгөөд шашнаасаа болоод сонгуулиас мултарч байсан.
Эдгээр хүчин зүйлс олон нийтийн саналыг маргаангүйгээр Никсоны талд авч ирэхээр байлаа. Гэвч 9-р сарын 26-ны намрын нэгэн орой хоёр нэр дэвшигч Чикаго хотод хамгийн анхны ТВ-н халз мэтгэлцээнд орж Кеннеди түрүүлж ярьж эхлэхээр болов.
1860 оны сонгуульд Авраам Линколн – Хагас нь боолчуудаас, хагас нь эрх чөлөөт хүмүүсээс бүрдэх энэ үндэстэн оршин тогтнож чадах уу гэж асууж байсан. Харин зуун жилийн дараа өнөөдөр 1960 онд хагас нь боолын улсуудаас, хагас нь эрх чөлөөт гүрнүүдээс бүрдэх энэ дэлхий өөрөө оршин тогтнож чадах уу гэж асуумаар байна. Нэг бол бид эрх чөлөөний зүг нүүх болно, эсвэл бид боолчлолын зүг рүү хөдлөх болно.
Кеннеди хоёр хөл дээрээ жингээ тэнцүүхэн хуваарилж яг л газарт шаасан гадас шиг хөдөлгөөнгүй цэх зогсож байхдаа зүүн гараараа индрээс барьж баруун гараараа агаарт хүчтэй цохилтуудыг хийж байлаа.
Гарны хөдөлгөөн нь түүний илтгэлийн чухал үгсэд аккцент нэмж, сонсогчид хаана илүүтэй анхаарах ёстойг хэлж өгөөд байх шиг. Түүний нүд, зогсолт, хөдөлгөөн, дуу хоолой гээд бүгд нэгдэн нийлж яг нэг мессежийг л илэрхийлж чадаж байлаа.
- Никсоны ээлж болоход маш өөр дүр зургийг үзэгчид олж харсан юм. Баруун хөл дээрээ жингээ авч зогсон нь түүний мөрийг далий харагдуулж, хоёр гараараа индрээ зуурсан нь түүний доторх ямар нэгэн түгшүүрийг илэрхийлж, Никсон ямар нэг айдастай эсвэл өөрийгөө хамгаалсан, уур уцаартай мэт харагдаж байлаа. Тэрээр ерөнхийлөгчид өрсөлдөж буй нэр дэвигч шиг биш, ерөөс анх удаа илтгэл танилцуулж байгаа оюутан хүүхэд шиг л авирлаж байв.
Илтгэлээ үргэлжлүүлэн танилцуулах зуур баруун хөл нь ядарч эхлэхэд биеийн жингээ зөөж зүүн хөл дээрээ авчирна. Энэ зуур түүний ганц өмөг түшиг болсон индрээсээ хоёр гараараа тас зуурсан хэвээр л байлаа. Ерөнхийлөгч шиг харагдахгүй л байна.
Хэсэг хугацааны дараа Кеннеди өөрийн ээлжин дээр Никсоны тухай ярьж эхлэхэд найруулагч илтгэгчийн биш түүний өрсөлдөгчийн дүрсийг харуулахад нүд нь хоёр тийш ямар нэгэн удирдлагагүйгээр эргэлдэж эхэлсэн нь түүнийг өөртөө итгэлгүй бөгөөд бодлоо олж ядах мэтгэлцэгч шиг харагдуулж байв.
Ийнхүү мэтгэлцээнээс хойш 2 өдрийн дараагаар Галлуп-аас улс төрийн рейтинг тогтоох судалгаа явуулахад Кеннеди тэргүүлсэн байсан бөгөөд сонгууль дуустал тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар ерөнхийлөгч болсон юм. Хамгийн сонирхолтой нь мэтгэлцээнийг ТВ-ээр үзэгчид Кеннедиг ялсан гэж үзсэн бол радиогоор сонсогчид Никсоныг ялсан гэж үзжээ.
Харагдах байдал ямагт сонсогдох байдлыг давамгайлдаг аж.
Гэвч хэд хэдэн гадны хүчин зүйлс хоёр нэр дэвшигчийн харагдах байдалд хэт нөлөөлсөн байжээ.
– Мэтгэлцээнээс хэд хоногийн өмнө Никсоны бие тавгүйтэж эхэлсэн хэдий ч компанит ажлаа хэвийн үргэлжлүүлсээр байж. Телевизийн студид ирэхдээ тэр маш их ядарч, турсан байсан нь өөртөө томдсон хувцас өмссөн мэт харагдуулсан аж. Харин Кеннеди мэтгэлцээний өмнөх 3 хоногт далайн эрэг дээр сайтар амарч биеэ бэлдсэн байжээ.
– Никсон студид ирэх замдаа хөлөө машиндаа хүчтэй цохисон нь биеийн жингээ хоёр хөл дээрээ ээлжлэн хуваарилж зогсох шалтгаан болсон байна. Харин Кеннедигийн нуруу хүчтэй өвдөж байсан тул бэлхүүсээрээ нуруу дэмжигч ороосон байсан нь түүнд биеэ цэмцгэр авч явахад тусалсан байв.
– Никсон сахлаа бүрэн аваагүй байсан нь түүнийг ядруухан, цонхигор харагдуулж байсан бол Кеннеди эсрэгээрээ нүүрэндээ мэргэжлийн нүүр будалт хийлгэсэн байлаа.
– Никсоны өмссөн цайвар өнгийн хослол нь студийн хананы өнгөнд уусч төдий л сайн ялгарч харагдахгүй байсан бол Кеннедигийн бараан өнгийн хослол орчноос сайтар ялгарч түүнийг илүү тодотгож өгч байлаа.
Дээрх бүгд хэдийгээр сонсогчдын огт мэдээгүй гадны хүчин зүйлс байсан хэдий ч тэдний илтгэгчдийг хүлээж авах өнцөгт нь бүрэн нөлөөлж чадсан юм. Илтгэл дээр харагдах байдал ямагт сонсогдох байдлыг давамгайлдаг аж. Илтгэх ур чадварын МОМЕНТУМ сургалтын биеийн хэлэмж хичээлийн хэсгээс.