Америк зурагчин Рокко Морабитогийн 1967 онд авсан «Амьдралын үнсэлт» хэмээх зураг дэлхий дахинаа алдартай. Зарим хүн уг зургийн учрыг олохгүй гайхдаг бол зарим нь эсрэгээр ойлгох ч тохиолдол бий. Гэхдээ энэ бол бидний мэдэж авбал зохих сайхан түүхүүдийн нэг юм.
1967 оны 7-р сарын тэр нэгэн өдөр их халуун байлаа. Флорида даяар олон тооны хөргөх төхөөрөмж, сэнс ажилласнаас болж ачаалал хэтрэн цахилгааны доголдол үүсчээ.
Цахилгаанчин Рэндалл Чампион, Жей Томпсон нар өндөр хүчдэл бүхий дамжуулагчийг сольж байлаа. Гэнэт Рэндалл санамсаргүй нэг утсанд гараа хүргэж орхижээ. 4000 вольтын гүйдэл агшин зуур түүний биеэр нэвтрэн гарснаас зүрх нь шууд зогсов.
Рэндаллын амьсгаагүй болсон бие хамгаалах бүсэндээ дүүжлэгдэн унжиж ирэхэд түүний хамтрагч Жей секунд бүр үнэтэйг маш хурдан ойлгож цаг алдалгүй хиймэл амьсгал хийж эхэлжээ. Өндөр шон дээр хэцүү байсан ч Жей нөхрийнхөө зүрхийг дахин амилуулахын тулд цөхрөлтгүй оролдсоор байлаа. Удалгүй Рэндалл амьдын шинж тэмдэг үзүүлж эхлэв. Жей найзыгаа хамгаалалтын бүснээс нь салгаж мөрөн дээрээ үүрээд газар буужээ. Аврагчид ирэхэд Рэндалл аль хэдийн ухаан орсон байлаа.
Рокко Морабито энэ зургаараа 1968 онд Пулитцерийн шагнал хүртсэн юм. Рокко тэр өдөр төмөр зам дээр гарсан ослын зургийг авч байгаад хашгирах дууг сонсож огт санамсаргүй харцаа дээшлүүлэн хүнд байдалд орсон цахилгаанчдыг олж харсан байна. Тэрээр эхлээд аврах ангийнхыг дуудан дараа нь зургаа авчээ. Хожим нь зурагчин “Томпсоныг «Тэр амьсгалж байна!» гэж орилоход би баярласандаа болж толгойгоороо хана мөргөчихөж билээ” гэж ярьжээ. Ийнхүү Рэндалл Чампион сайн найзын хүчээр амь гарсан түүхтэй. Тэдний үхэл сэхэхтэй тулалдсан мөч дэлхийд дахинаа тун алдартай болсон гэдэг.