Тухайн жилийн азгүйтэл авчрах магадлалтай өдрүүдийн тоонд баасан гарагт сарын 13-ны өдөр тохиох явдал орно гэж хэд хэдэн улсад үздэг байна. Уг өдрийг айдсын өдөр гэх нь ч бий. Ямар ч үйл явдалд оролцохгүй өдөржин орондоо хэвтвэл үүнд итгэдэг нэгэн, эсвэл үүнийг мухар сүсэг гэж тооцон хайхрахгүй байвал үүнд итгэхгүй нэгэн. Зурхайн үүднээс авч үзвэл од эрхэс, нар, сарны нөлөөллөөс болж дэлхий дээр нэг өдөр олон эмэгтэй жирэмслэх, олон загас яг нэг үед түрсээ шахах зэрэг зүйлс болдогийг номонд бичсэн байдаг. Ямартай ч энэ өдрийг яагаад азгүйтлийн өдөр хэмээн үздэг болсон түүхийг сөхөж үзвэл дундад зуун болон библитой холбогдох үеэс эхэлнэ. Үүнтэй холбогдох зарим үйл явдлыг сөхөж үзье.
-Энэ өдөр Эва мэдлэгийн модноос алим авч хазсан гэж үздэг.
-Леонардо Да Винчигийн “Есүсийн сүүлчийн зоог” уран зурагт нийт 13 хүн байдаг.
-1976 онд Нью-Йоркын оршин суугч, энэ өдрийг азгүйтлийн өдөр хэмээн итгэдэг Даз Бакстэр өдөржин орондоо байхаар шийдэн хэвтэж байтал өрөөнийх нь шал нь нурж амиа алджээ.
-2010 оны энэ өдөр 13:13 цагт Английн Суффолкын 13 настай хөөрхий хүү цахилгаанд цохиулсан байна.
-1972 оны есдүгээр сарын 13-ны баасан гарагт Андын нуруунд Чилийн Агаарын хүчний нисэх онгоц алга болсон. Хоёр сарын дараа 16 хүнийг аварсан байдаг.
-Европын олон барилгыг 13-р давхар байхгүйгээр барьдаг байна. Лондонгийн “Карлтон” зочид буудалд 13-р давхар нь байдаггүй бөгөөд зарим байр 13 тоот хаалгагүй байдаг аж.
-Америкийн ерөнхийлөгч Рүүсвэлт энэ өдөр айлчлал хийдэггүй байсан бөгөөд 13 хүн хамт хоолловол азгүйтэл ирнэ гэж итгэдэг байв.
-FindaProperty.com энэ өдөр агаарын тээврээр шилжүүлэх бараа бүтээгдэхүүний хэмжээ өөр өдрүүдээс бага байдаг гэсэн судалгаа хийжээ.
Б.Халиун