Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас гурван удаа авирсан анхны уулчин бол Олон Улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш юм. Тэгвэл түүний бага охин болох Ц.Энхжин Монгол Улсыг төлөөлж, дэлхийн мисст оролцож байгаа билээ. “Miss World 2017” тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах юм. Ингээд дэлхийн гоо сайхны олимпод эх орноо төлөөлөн оролцож байгаа Цэвээндашийн Энхжинтэй ярилцлаа.
-Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаад танд баяр хүргэе. Тэмцээний бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
– Бэлтгэл хангагдаад дуусч байна. Амралтын өдрүүдэд авьяасынхаа үзүүлбэрийг бэлдээд дууслаа. Хувийн бэлтгэлээ базааж аксессуар, хувцаснуудаа хооронд нь зохицуулж байгаа. Саньяа хотыг зорихоос өмнө сошиал медиа хариуцсан багийнхандаа, арын албаныхандаа хариуцуулсан. Сар гаруй хугацаанд Саньяа хотод байрлаж, финалын шат хүртэл бүхий л авьяас, чадвараа дайчлан эх орныхоо нэрийг гаргах туйлын хүсэлтэй байгаа.
-Яагаад дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор болов?
-Би багаасаа дэлхийн мисс тэмцээнд орохыг мөрөөддөг байсан. Миний мөрөөдлийн нэг хэсэг гэж хэлж болно. Дэлхийн мисст оролцсоноор маш их боломж харагдсан. Миний байнгын сэтгэл эмзэглэж явдаг нэг асуудал байдаг. Энэ бол хөрсний бохирдлын асуудал. Хөрсний бохирдлын асуудлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй гэж мэргэжлийн хүний хувьд харсан. Тиймээс дэлхийн миссийн тэмцээнд оролцож өөрийн дуу хоолойг дэлхийн гурван тэрбум хүнд хүргэж, хөрсний бохирдлын асуудлыг шийдэх гарц, гаргалгааг хүмүүст хүргэхийг зорьж өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадах юм шиг санагдаад зориглоод орсон юм.
-Тэмцээнд оролцож буй охидууд өөр, өөрийн онцлогийг харуулсан танилцуулга, бичлэгээ олон нийтэд хүргээд байна. Таны танилцуулгыг 140 мянга гаруй хүн үзсэн байсан. Уг танилцуулгаас харахад та Буриад үндэсний хувцсыг их өмссөн байсан. Яагаад Буриад үндэсний хувцсаар гоёх болсон бэ?
-Танилцуулгын видео маань Хэнтий аймгийн Биндэр суманд хийгдсэн. Хүмүүс янз бүрээр хүлээж авсан байх. Миний хувьд Буриад, Халх, Дөрвөд гээд ямарч үндэстэн байсан хамаагүй. Бид бүгд нэг л Монголчууд шүү дээ. Буриад гэхээр бусдыг ялгаж байна гэж ойлгож болохгүй шүү. Түүнд эмзэглэх шаардлагагүй гэж хэлэх гээд байгаа юм. Тэр видеоны хувьд Монгол ахуйгаа харуулахыг л зорьсон. Сүүн цацлаа өргөж, оёдол хийж байгаа энгийн байдлаар л харуулахыг хичээсэн. Дэлхийн миссийн тэмцээн дээр очоод яг хувь хүнийхээ талаар нэг минутын танилцуулга хийнэ. Харин энэ бичлэгт Энхжин гэдэг хувь хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Монгол ахуйгаа л харуулахыг зорьсон.
-Монголчууд миссийн тэмцээнд орж буй охидуудаа их дэмждэг. Таныг хэрхэн дэмжиж байна вэ?
– Жил бүрийн Дэлхийн мисст оролцогчдын дунд “Multimedia” шалгаруулалт явагддаг. Шалгаруулалтад амжилттай оролцохын тулд “Mobstar” аппликейшнээр олон санал авах ёстой. Дэлхийн мисс тэмцээн таван үндсэн шалгууртай. Үүний нэг нь Мултимедиа. Фэйсбүүк, Твиттер, Мобстар гэсэн аппликейшнээр саналууд тоологдоно. Мобстар Аппликейшнд хэрхэн саналаа өгөх вэ гэхээр миний Энхжин Цэвээндаш гэсэн хуудас руу ороод саналаа өгч болно. Нэг хүн хэдэн ч удаа коммент бичих боломжтой юм билээ. Миний албан ёсоор хөтлөн явуулж буй “Miss World Mongolia” хуудаснаас оруулсан бичлэг, зургуудыг идэвхтэй лайк дарж, шейр хийвэл шалгаруулалтад бас нөлөөлнө. Одоогийн байдлаар Мобстар аппликейшнээр хоёрдугаар байранд явж байна. Видео хандалтаар нэгдүгээр байрт бичигдсэн. Энэ эрчээр явбал бид түрүүлэх боломжтой. Хэрвээ түрүүлвэл шууд шилдэг 20-д багтдаг гэдгийг Монголчууд сайн мэддэг болсон байх. Миний зүгээс тэмцээнд чадах бүхнээрээ хичээж оролцоно. Тиймээс намайг дэмжээрэй гэж хүсч байна. Авьяасын шалгуур ч бас Мобстар Аппликейшнээр дүгнэгдэг.
-Жил бүрийн дэлхийн миссийн тэмцээнүүд онцлог давуу талуудтай байдаг. Энэ жилийн хувьд ямар онцлогтой байгаа вэ?
-Энэ жилийн онцлог нь 130 орны мисүүд оролцож байна. Өмнөх жилийн тэмцээнд шилдэг 20 мисс шалгаруулдаг байсан бол энэ жил шилдэг 40 мисс шалгаруулна. Шилдэг 40-т орохын тулд “Head to Head” челленжид шалгарч үлдсэн байх шаардлагатай. Харин шилдэг 20 орны миссийг шүүгчид шалгаруулна. Шилдэг 20-д орохын тулд таван үндсэн шалгуурын нэгд түрүүлбэл шилдэг 20-т шалгарах дүрэмтэй. Түрүү жилийн оролцогч мисс А.Баярцэцэгийн хувьд “People choice” гэсэн шалгуурт түрүүлээд шилдэг 10-т багтсан. Энэ жилийн хувьд ч боломжтой. Эдгээр таван шалгуурт бүгдэд өндөр оноотой байх юм бол шилдэг 5 гээд л түрүүлэх магадлал ихэснэ.
– “Авьяас” шалгаруулалтад бүжгийн төрлөөр оролцож байгаа гэсэн. Хэний дэглэсэн ямар бүжгээр оролцох вэ?
– “Мисс Авьяас” үзүүлбэртээ Ардын жүжигчин С.Сүхбаатар гуайтай хамтран бүжгээ дэглэж байна. Бүжгийн үзүүлбэр маш гоё утга санааг агуулж байгаа. Биеийн хөдөлгөөнөөр дамжуулан үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлэхийг зорьж байна.
-Миссийн тэмцээний үеэр олон сонирхолтой шалгаруулалт байдаг. Зорилготой гоо сайхан шалгаруулалтаар дэлхийн гоо бүсгүйчүүд олон сайхан төслүүдээ танилцуулдаг байгаа. Таны хувьд ямар төслөөр энэ шалгаруулалтад оролцож байгаа вэ?
– Миссийн тэмцээний үндсэн таван шалгуураас хамгийн гол шалгуур болох хүмүүнлэгийн төслөөр түрүүлэхийг зорьж байна. Миний хувьд Монгол орны хөрсний бохирдлыг судлан бохирдол үүсгэж буй гол шалтгааны нэг гэр хорооллын модон жорлонг жил гаруй хугацаанд судалсан. Тийм учраас модон жорлонг эко жорлонгоор солих төслийг боловсруулсан. Бидний хүрээлэн буй орчин бидний дал ухамсарт нөлөөлдөг учраас хүүхдүүд эмэгтэйчүүд бид бүгдээрээ ямар орчинд өсөж торнихоос бидний ирээдүй шууд хамааралтай. Үүнд би мэргэжлийнхээ хувьд цаг алдалгүйгээр шийдэх асуудлын нэг гэж бодсон. Хөрсний бохирдлоос үүдэлтэйгээр маш олон хүүхдүүд нас барж байна. Хэрвээ дэлхийн мисст энэ төрлөөр түрүүлэх юм бол олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж авах боломжтой. Дэлхийн мисст оролцсоноор гурван тэрбум хүн үздэг учраас би өөрийнхөө дуу хоолойг хүмүүст хүргэж монголчуудыг уриалж нэгдэж чадвал эдгээр асуудлыг шийдэж чадна. Үүний нэг жишээ нь “Гурван сайхан” сумыг гуравхан сарын дотор өөрчилж чадсан. Бид бүгд өөрсдөө ухамсарлаад нэгдэж чадвал өөрчлөлт хийж чадна. Гэр хорооллын модон жорлон зөвхөн гэр хорооллттотйн айл өрхийн асуудал биш. Улаанбаатар хот тэр чигээрээ гүний худгаас ундалдаг хот. Бид нар хаана ч амьдарч байсан хөрсний бохирдлыг усны бохирдол нөлөөлж байна. Бидний ирээдүй эрүүл өсөх ёстой. Тэгж байж улс маань цэцэглэн хөгжинө.
-Нууц биш бол финалын шатанд ямар даашинз өмсөх вэ?
-Финалын шатанд өмсөх даашинзыг минь “Presuis Fashion house” урлаж өгч байгаа. Финалын шатны дизайнаа одоохондоо нууцлая. /инээв./
-Таныг архитектор мэргэжилтэй, бас мэргэжлээрээ ажилладаг гэж сонссон. Цаашид мэргэжлээрээ ажиллах уу. Ямар төвлөгөөтэй байгаа вэ?
-Дизайнер мэргэжлээр олон жил сурсан учраас түүнийхээ үр шимийг хүртэж эх орондоо энэ чиглэлээр өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэсэн бодолтой байна. Энэ мэргэжлийн онцлогийг ашиглаад хүмүүнлэгийн төслүүдэд оролцоод явна гэж бодож байна. Нэн ялангуяа хөрсний бохирдлын асуудлыг энэ тэмцээнд ороод дуусгахгүй. Цаашид ч анхаарч, бодитой хэрэгжүүлж, ажил хэрэг болгоно.
-Мисс гэж хэнийг хэлэх вэ. Мисс хүн ямар байх ёстой вэ?
– Мисс гэдэг бол бүхий л эмэгтэйчүүдийг нэрлэнэ. Дэлхийн мисс тэмцээнд “Монголын мисс” гэж эх орныхоо нэрийг дуудуулна гэдэг маш том үүрэг, бас хариуцлага. Тус тэмцээн “гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн уриан дор явагддаг. Тийм ч учраас мисс хүн гэдэг өөрт заяасан гоо сайхан төрхөөр нийгэмд олон хүмүүсийн дуу хоолойг хүргэж, тэдгээр хүмүүсийг манлайлан, чадах бүхнээр туслалцаа үзүүлдэг “сахиусан тэнгэр” байх хэрэгтэй.
– Та нэг ярилцлагадаа маш шахуу хөтөлбөртэй, зав муутай байдаг тухай дурдсан байсан. Чөлөөт цаг гарч байна уу. Гарвал юу хийдэг вэ?
– Тэмцээнд орсны дараа бүр их завгүй шахуу хуваарьтай болсон. Тэмцээний хажуугаар төслүүдээ удирдаад явж байна. Хэвийн амьдралд чөлөөт цаг гарах нь ховор байдаг. Хэрэв цаг гарвал ном унших, бясалгал, иога хийх, өөрийгөө тайвшруулах энергиэ нөхөж авах зүйлүүдэд цагаа зарцуулдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Ариун