Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д. Сумъяагийн багш Монгол Улсын гавъяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од болон Д. Сумъяагийн аав М. Доржсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
Х.Эрдэнэт-Од:Д.Сумъяа маань уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд Хөдөлмөрийн баатар боллоо
-Таны шавь Доржсүрэнгийн Сумъяа жүдо бөхөөс төрсөн анхны эмэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу ?
– Шавийгаа жүдо бөхөөс төрөн гарсан анхны эмэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд маш их баярлаж байна. Д. Сумъяа маань арван жил гаруй тасралтгүй бэлтгэл сургуулилалт хийсний эцэст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо.
-Хамгийн ойрын цаашдын зорилго юу байна вэ?
-Ер нь бол манай жүдо бөхийн холбооноос календарьчилсан тэмцээний хуваарь гаргадаг. Хуваарийн дагуу тэмцээндээ оролцоно доо.
-Багш хүний хувиар шавынхаа оролцсон тэмцээндээ амжилт гаргах тоолонд нь баярладаг байх л даа. Та ер нь шавыгаа дэвжээнд гарах үед нь сэтгэлзүйн талаас нь юу гэж зааж зөвлөдөг байсан бэ?
-Тамирчин хүний сэтгэлзүйн бэлтгэл нэг удаагийн зөвлөснөөр явдаггүй л дээ. Сэтгэлзүйн бэлтгэл гэдэг бол олон жилийн туршлага, бэлтгэл сургуулилалттайгаа холбож байж сэтгэлзүйн бэлтгэл хангадаг. Багшийн хувьд ямар нэгэн томоохон тэмцээнд оролцох үеийг нь тулгаж байж сэтгэлзүйн зөвлөгөө өгдөггүй. Ер нь бол бэлтгэл сургуулилалт хийх үеэрээ зөвлөгөө сайн өгдөг.
-Хэдхэн хоногийн өмнө Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод болсон Жүдо бөхийн Их дуулга тэмцээнд 2016 оны Риогийн олимпиад алтан медалийн төлөөх барилдаанд учраа таарч ялагдсан Бразилын жүдоч, олимпын аварга Рафаэла Силватай хоёр дахь удаагаа учраа таарч Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж алтан медаль хүртлээ. Тэр барилдаан хэр хүндрэлтэй барилдаан байсан вэ?
-Д.Сумъяа, Рафаэла Силва хоёр бол жүдо бөхийн гол өрсөлдөгч нар шүү дээ. 2016 оны Риогийн олимпиад Д. Сумъяа Рафаэла Силвад ялагдсан шалтгаан нь дүрмийн гажуудлын улмаас мөнгөн медаль хүртсэн. Уг нь бол Риогийн олимпоос алтан медаль хүртэх боломжтой байсан. Харин Абу Дабид болсон барилдааны хувьд бол хоёр тамирчин маань бие биенийхээ барилдааныг хэтэрхий сайн мэддэг байсан учраас Д.Сумъяа, Рафаэла Силва хоёрын барилдаан хүндхэн барилдаан болсон ч манай Д. Сумъяа ялсанд баяртай байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д. Сумъяагийн аав М. Доржсүрэн:Охиноороо бахархаж байна
-Таны охин жүдо бөхөөс төрсөн анхны эмэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу ?
-Охин минь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон төр засаг болон Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье.
–Д.Сумъяа Абу Дабигийн жүдо бөхийн Их дуулга тэмцээнд алтан медалийн төлөөх барилдаанд Риогийн олимпиад алтан медалийн төлөөх барилдаанд учраа таарсан Бразилын жүдоч, Рафаэла Силватай хоёр дахь удаагаа учраа таарч барилдаж Рафаэла Силваг ялж алтан медаль хүртсэн. Та охиныхоо аваргын төлөөх барилдааныг үзсэн үү?
– Бразилын тамирчин Рафаэла Силватай алт медалийн төлөөх барилдаанд учраа таарсан барилдааныг үзсэн. Миний охин Рафаэла Силваг ялж алтан медаль авна гэдэгт итгэлтэй байсан. Охиноороо бахархаж байна.
Г.Нараа