Энэ удаагийн фото мэдээ булангаараа сайхан сэтгэл, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, авьяас чадвар, хичээл хөдөлмөрийнхөө үр шимээр дэлхийн хамгийн том өөрчлөлтүүдийг хийж чадсан долоон эмэгтэйг танилцуулж байна.
Опра Винфри
Опра Винфри нь Америкийн телевизийн салбарын маш амжилттай ток шоу болох The Oprah Winfrey Show-аараа алдартай юм. Долоо хоногийн шоу нь 2006 он гэхэд 105 орны 21 сая үзэгчтэй байжээ. Винфри нь HARPO Productions компаний эзэн юм. Мөн 2011 онд тэрээр OWN (Oprah Winfrey Network) гэх өөрийн телевизийн сувагтай болжээ.Тэрээр хамгийн анхны африк гаралтай Америк тэрбумтан эмэгтэй юм. Форбес сэтгүүлийн зарласнаар тэрбээр 2009 – 2010 онд 315.000.000 ам.долларын ашигтай байсан. Түүний хөрөнгө 2,7 тэрбум доллар гэж үнэлэгддэг. Америкийн мэдээллийн салбар дахь гайхалтай нөлөөллийнхөө ачаар Опра 2010 онд Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 64-р байрт бичигджээ.Опра өөрийн амьдралын таагүй дурсамжуудыг олон нийтэд нээлттэй ярьж мөн бусдын ч зовлон, зүдгүүрийг ил болгож, хүний сэтгэлийг уудлан ярилцаж чаддаг нь түүний шоуг амжилттай болгосон юм.
Жоанна Роулинг
Жоанна Роулинг нь Харри Поттэр цувралын зохиогч бөгөөд түүний зохиолууд дэлхий дахины анхаарлыг татаж, олон шагнал хүртэж, дэлхийд 400 сая гаруй хувь борлогдсон юм. 2007 оны Sunday Times-ийн баячуудын жагсаалтанд 545 сая фунт стерлингийн эд хөрөнгөөрөө 136-р байранд орсон бол Английн 13 дахь баян эмэгтэйгээр тодорчээ. Баячуудын жагсаалт гаргадгаараа алдартай Форбес сэтгүүлээс түүнийг ном зохиож тэрбумтан болсон анхны хүн, дэлхийн хоёр дахь баян эмэгтэй, дэлхийн хамгийн баян 1062 дахь хүнээр тодорхойлсон байдаг. 2000 онд тэрбээр Воланд хүмүүнлэг, тусламжийн байгууллагыг үүсгэсэн. Энэ байгууллагын жилийн төсөв нь 5.1 сая доллар бөгөөд ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгахыг зорьдог. Мөн хүүхдүүдэд болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд тусалдаг ажээ. Роулинг нь зохиолчид төдийгүй дэлхийн олон сая хүнд мөрөөдөл, зорилгоо биелүүлэх нь ямар чухал вэ гэдгийг мэдрүүлсэн хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.
Диана гүнж
Диана гүнж нь 2002 онд BBC-ийн явуулсан санал асуулгаар түүхэн дэх Британийн нөлөө бүхий 100 эрхмийн гуравдугаарт жагсаж байжээ. Диана амьдралаа өөрийн хүүхдүүд болон буяны үйлсэд зориулж олон буяны сангийн хүчтэй дэмжигч байсан төдийгүй гэр оронгүй, ДОХ-оор өвчилсөн хүмүүс, хүүхдүүдтэй ажилладаг байсан юм. Тэрбээр дэлхий дээрх өөрийнхөө үеийн эмэгтэйчүүд дотроос хамгийн алдартай нь болж чадсан бөгөөд хатан хааны гэр бүлийн гишүүд дотор их нэр хүндтэй болж улмаар түүнийг “Хатан хааны зүрх” гэж нэрлэдэг байжээ. Дэлхийн олон хэл дээр Дианагийн тухай номнууд бичигдсэн.
II Элизабет
II Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн. Тэрбээр 16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан юм. II Элизабет 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны гэр бүлүүдээс гаралтай. Тэрбээр өөрийн эцэг Ван VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард долоон улсын хаан ширээнд заларсан. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломон Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг.
Анне Франк
Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг өсвөр насныхан төдийгүй насанд хүрэгчдийн заавал унших ёстой номын тоонд оруулдаг. Анне Франк богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин юм. Тэрбээр 15 насандаа нацист Германы хорих лагерьт нас барсан еврей охин. Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн II дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн билээ. Ирээдүйд агуу зохиолч болохыг хүсэн мөрөөдөж явсан Анне охин үргэлжийн 15 насандаа мөнхрөн үлдэж, бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэлийг нь сая сая хүүхдүүд уншиж, түүний тухай бүрэн хэмжээний хоёр кино бүтээж, мянга мянган шүтэн бишрэгчид нь энэ охины тухай эссе, сэтгэгдлээ бичсээр байна.
Беназир Бхутто
Беназир Бхутто нь лалын шашинтай орнуудаас хамгийн анх эмэгтэй ерөнхий сайдтай болсон нь Пакистан байлаа. Тэр эмэгтэй нь Беназир Бхутто байсан юм. Мөн Беназир Бхутто Пакистаны түүхэнд хамгийн залуудаа ерөнхий сайд болсон хүн юм. Беназир Бхуттогийн засгийн газар нийгэм, эдийн засгийн хүндхэн даалгаварыг амжилттай биелүүлж, Энэтхэг улстай харилцаагаа сайжруулсан байна. Тэрбээр хоёр дахь удаагаа ерөнхий сайд болохдоо ч улс орондоо зоримог шинэчлэл хийж байжээ. Беназир Бхутто Афганистаны Талибан хөдөлгөөний дэмжлэгтэйгээр хар тамхи, мансууруулах бодисийн наймааг таслан зогсоох тал дээр амжилт олж байжээ. Дэлхийд зартай террорист Осама Бен Ладен хүртэл Беназир Бхуттогийн толгойг авч ирсэн хүнд 10 сая америк доллар амлаж байлаа. Сэтгүүлчид Беназир Бхуттог Пакистаны “хар сарнай” гэж нэрлэж байв. 2008 оны арванхоёрдугаар сарын 27-нд Беназир Бхутто цуглаанд оролцож байхдаа алан хядах ажиллагааны золиос болж хүнд шархдаж улмаар амь насаа алдсан юм.
Кэтрин Хепбёрн
Кэтрин Хепбёрн Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин. 60 гаруй жил Холливүдын тэргүүлэх зэргийн эмэгтэй жүжигчин гэгдсэн Кэтрин Хепбёрн дөрвөн “Оскар”-ын эзэн бөгөөд энэ амжилтыг нь өдгөө хэн ч эвдээгүй байна. Кэтрин 1999 онд Америкийн кино институтээс гаргасан “Бүх цаг үеийн дэлгэцийн шилдэг эмэгтэй од” жагсаалтыг тэргүүлсэн. Тэрбээр тайз, дэлгэцийн урлагийн амжилтаас гадна хувь хүний байгаа байдал нь олон шинэ хэв загварыг бий болгож байсан нөлөө бүхий жүжигчин байжээ. Хамгийн энгийн жишээ гэхэд Кэтрин бүсгүйчүүд яг эрчүүдтэй адил өмд өмсөх эхлэлийг тавьсан нэгэн аж. Өмд өмсөх хэв загварыг урлагийн тайзнаа хүртэл аваачсан түүний энэ мода орчин үеийн бүсгүйчүүд өмдийг чөлөөтэй өмсөх болсон шалтгааны эх үндэс болсон гэж хэлж болно.