Нэр алдарыг нь гутаасан хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх ХМБ-аас 10 сая төгрөг нэхэмжилжээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхүүдийн нэг нь Иргэний шүүхэд хандан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мөн гэм хорын хохиролд 10.0 сая төгрөгийг хэвлэл мэдээллийн байгууллагаас нэхэмжилжээ.

2017 оны УИХ-ын сонгуулиар Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өөрийн зөвлөхүүдээр өмнө нь УИХ-ын гишүүн, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, мөн урлаг, интертаймэнт,  спортын салбарт амжилт гаргасан  хүмүүсийг томилсон.

Өнгөрөгч 8 сард Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн томилгоотой холбоотойгоор  хэвлэл мэдээллийн нэгэн байгууллага “Ерөнхийлөгчид зөвлөх гэхээсээ татаж унагаж мэдэх хүмүүс” нийтлэлийг гаргаж, тус нийтлэлдээ Ерөнхийлөгчид зөвлөхөөр томилогдсон хүмүүсийн нэрийг дурьдаад тэдний  талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь гарч байсан мэдээллүүдийг сануулж, ийм хүмүүс Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон нь харамсалтай гэсэн агуулгаар асуудалд шүүмжлэлттэй хандан эрэн сурвалжлах  мэдээллийг  бэлтгэн олон нийтэд хүргэсэн байна.

Харамсалтай нь сэтгүүлчийн бичсэн энэ шүүмжлэл Ерөнхийлөгчийн зарим зөвлөхөд таалагдсангүй. Нэхэмжлэл гаргагч зөвлөхийн хувьд нэхэмжлэлдээ дурьдахдаа тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь Үндсэн хууль дэх хүний нэр төр, алдар хүндэд үндэслэлгүйгээр халдсан, мөн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь доромжилсон, гүтгэсэн хэмээн үзэж  нэр төрөө сэргээлгэх,  мөн учирсан гэх эдийн бус хохиролоо 10 сая төгрөгөөр үнэлэн  нэхэмжилжээ.

Үүнтэй холбогдуулан хэдэн тайлбар өгье. Юуны өмнө  улс төрч болно гэдэг, олны хараанд өртөнө гэдэг тухайн хүн өөрийн явдал мөр, ааш араншингаа байнга хянаж явах нь зүйтэй биз. Эс бөгөөс хэвлэлийнхэн, сэтгүүлчид үгээ, үзгээ нуухгүйгээр тэдний тухай бичиж, олон нийтэд мэдээлэл хүргэх үүргээ гүйцэтгэсээр байх болно.

Дашрамд өгүүлэхэд тус нийтлэл нь  нэхэмжлэгчийн дурьдсанчлан хэн нэгэн хүний алдар хүндийг гутаах зорилго огт агуулагдаагүй бөгөөд зөвлөхөөр томилогдсон хүмүүсийн заримтай нь холбоотой сөрөг мэдээллүүд хэвлэлээр олон гарч байсан, ийм хүмүүсийг Ерөнхийлөгч маань дэргэдээ зөвлөхөөр сонгож авч байгаа нь ямар учиртай юм бол гэх асуудлыг хөндсөн байдаг.

Монгол улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг байнга дэмжин ажиллаж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг ийнхүү түүний зөвлөхүүд нь  шүүх хяналтын байгууллагад гаргасан нэхэмжлэлээр дамжуулан дарамтлах,  их хэмжээний мөнгө нэхэмжлэх замаар айлган  сүрдүүлэхийг урьтал болгож байгаа нь харамсалтай.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зарим нь  Ерөнхийлөгчид зөвлөх чиг үүргийн ажлаасаа илүүтэйгээр  өөрийн “гутаагдсан гэх” алдар хүнддээ ихээхэн анхаарал тавьж ажилладаг юм байна  гэдгийг тэдний томилогдсноос хойшхи  3 сарын хугацаа олон нийтэд хангалттай харуулах шиг боллоо.

Ц.Мөнх


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …