МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай холбооны ээлжит их хурал болно. Төлөөлөгчид ирсэн үү?
-МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоод дөрвөн жил боллоо. ХХI их хурлаас үйлдвэрчний эвлэлийн гишүүд, төлөөлөгчдийн сонгогчдын саналаар сонгогдсон. Энэ хугацаанд бидний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд, гишүүдэд хүргэж ажилласан хэвэлэлийнхэнд талархаж байна.
Маргааш ээлжит ХХII их хурал албан ёсоор эхэлнэ. Мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоо, аймаг, нийслэл 22 холбооны 36 салбар байгууллага, 2300 орчим Үйлдвэрчний эвлэлийн хороодын гишүүдийн төлөөлөл Их хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн.
– Нэр дэвшигчдийг бүртгэсэн. Гэтэл элдэв мэдээлэл гарсаар?
-Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн 17.30 цагт МҮЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон. МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн журам, ҮЭХ-ны дүрмийн дагуу гурван нэр дэвшигч албан ёсоор бүртгүүллээ. Нэр дэвшүүлээд ажлын нэг өдөр болж байхад МҮЭХ-ны рейтингийн судалгааг өдөр тутмын зарим сониноор гаргасан байна. Ямар хүрээнд хаанаас гаргасан гэдгийг мэдэхгүй. Холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн сонгох эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байгаа. Нэр дэвшигчийн эрхийн дагуу албан ёсоор мэдэгдэл хийж байна.
-Нэр дэвшигчдийн рейтингийг гаргасан байсан?
-Тийм. Энэ судалгаагаар бол би хамгийн сүүлд байна билээ. Ямар шалгуур, судалгааны үр дүнд гарав гэдгийг эл судалгааны байгууллагууд ирүүлэх байх. Олон нийтийн судалгаа авах, түгээх журам байдаг. Энэ журмыг илт зөрчсөн судалгаа. Үйлдвэрчний эвлэлийн их хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдахыг завдсан үйлдэл гэж нэр дэвшигчийн хувьд харж байна. Анхаарлыг нь өөр зүгт хандуулах гэсэн явуулга. Амралтын өдрүүд, Даваа гарагт нэр дэвшигч, ҮЭ-ийн байгууллагын нэр хүндийг унагах чиглэлээр сошиалаар албан бус мэдээллүүд явууллаа.
-60 тэрбумын асуудалд таныг холбоотой гэсэн байсан?
-Манай байгууллагад, бидэнд огт хамаагүй асуудал, 60 тэрбум чинь. ҮЭХ-г холбоотой мэтээр нэр дэвшигчийг оролцсон байдлаар арга ядсан зүйл хийх хэрэггүй.
-Их хурлын Төлөөлөгчдөө дайлж, цайлж “хайрцагласан” юм уу?
-Төлөөлөгчдөө хайрцагласан, зохион байгуулалттайгаар дайлж, цайлсан, архидуулсан гэж олон нийтийн сүлжээгээр бичсэн. Үүнийг манай төлөөлөгчид их эмзэглэж хүлээж авсан. Намайг албан ёсны байр суурь илэрхийлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавилаа.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийсэн тэмцлийн үйл ажиллагааг хараар будаж, сааруулах гэсэн оролдлого явсан. Өмнө нь яагаад албан ёсоор олон нийтэд хандаагүй вэ гэвэл ҮЭ-ийн гишүүдийнхээ эв нэгдлийг эрхэмлэж байсантай холбоотой. Бодит бус мэдээллийн араас өдөр бүр хөөцөлдөж тайлбарлах хэрэггүй гэж үзсэн. Их хурлынхаа өмнө албан ёсоор байр сууриа илэрхийлж байгаа юм.
-Нэр дэвшсэн Мягмарын ард улстөрийн зорилго бүхий хүмүүс байна гэсэн яриа гарлаа?
-МҮЭХ-ноос цаг хугацаа алдаж хууль хяналтын байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан нь үнэн. Энэ гүтгэлгийг зогсох болов уу гэж харсантай ч холбоотой. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан. Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчээр ажилласан Мягмар, манайд ажиллаж байсан Гэрэлмаа нарын талаар би хувьдаа ташаа мэдээлэл өгч байгаагүй. Тэдний ард хэн байгааг мэдэхгүй.
-УИХ-ын гишүүн Баасанхүү таныг шалгуулахаар АТГ-д хандсан шүү дээ?
-Манайд нягтлан бодогчоор ажиллаж байсан Гэрэлмаагийн өгсөн мэдээлэл гарсан өдөр тутмын сонинг Баасанхүү гишүүн АТГ-т аваачиж өгсөн юм билээ. МҮЭХ-ны санхүүгийн асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгч АТГ-т очиж зохих тайлбаруудыг өгсөн.
-Та санхүүгийн асуудалд холбоогүй, хамаагүй гэсэн үг үү?
-МҮЭХ-ны Ерөнхийлөгч санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах эрхгүй хуулийн этгээд. Үйлдвэрчний эвлэлүүдийн эв нэгдлийг хамгаалж, МҮЭХ-г гадаад, дотоодод төлөөлдөг. Боловсрол, сургалтын үйл ажиллагааг удирдаж, бодлого зангиддаг. Ийм албан тушаал. Надад хамааралгүй зүйлийг авчирч нааж байгаа нь дүрэм зөрчиж байгаа юм.
-Таныг АТГ-ынхан баривчилсан гэсэн?
– 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцоод гарч ирэхэд ийм яриа тарчихсан байсан. Өглөөний 06.00 цагт АТГ-ынхан Амгаланбаатарыг баривчилж саатуулжээ гээд. Тэр өдрүүдэд би ажлаа хэвийн үргэлжлүүлээд явж байсан.
– Багш нар ажил хаяна гэдэг хэвээрээ юу?
-Багш нар хэлэлцээрийн үр дүнг хангалттай биш гэж үзсэн. Ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэсэн багш нарын бие даасан үйл ажиллагааг МҮЭХ дэмжинэ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ныхон маань Их хурлаа хүндэтгэж ажил хаях хугацаагаа хойшуулсанд талархаж байна. 2018 оны төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор хэлэлцэж батлах ёстой. Энэ хооронд асуудлыг эргэж харах бололцоо бий. Тиймээс ажил хаялтад хүрэхгүй боловуу. Битгий хүрээсэй. Ажил хаях сайн зүйл биш. Гэхдээ эрхээ хамгаалахад хэрэглэх л ёстой арга.
– Дахин асуухад нягтлан бодогчоор ажиллаж байсан Гэрэлмаагийн гаргаж тавьсан санхүүгийн зөрчлүүдтэй Та холбоогүй юу?
-2013 онд 21 дүгээр их хурлын өмнө энэ асуудлаар бас хуулийнхан шалгасан. Ер нь, Их хурал болохоос сарын өмнө үүнийг гаргаж тавьдаг юм.
А.Эрдэнэ
Эх сурвалж: zindaa.mn