УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ тоогоор давамгайлан улс төрийн эрх мэдлийг атгаж буй МАН-ын 28-р их хурал өнөөдөр эхэллээ. Зарим нэг улс төр судлаач “28-р их хурлаа хийх болсон гол учир нь өдгөө МАН-ыг даргалж байгаа М.Энхболдын “хутгасан бантан”, “зуурсан жонхуу”-наас салах гэсэн дотоод хувьсгал” хэмээн үзэж байгаа юм. Энэ үнэн байх магадлалтай. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ард түмний дийлэнх олонхийн итгэлийг хүлээж парламентад 65 суудал авсны дараа М.Энхболд ялсан намын дарга ерөнхий сайд болдог уламжлалыг баримтлан засгийн газрыг тэргүүлж, ерөнхий сайд болсон бол өнөөгийн заваарсан нөхцөл байдал, улс төрийн талцал, нам доторх хөгшин залуугийн хуваагдал энэ тэр үүсэхгүй байсан ч юм бил үү. Гэтэл М.Энхболд нэг жилийн дараа төрийн тэргүүн болно хэмээн “сэрүүн зүүдэлж” өндөр сэнтий рүү санаархан давхар нүүдэл хийж УИХ-ын дарга болж, ерөнхий сайдын суудалд Ж.Эрдэнэбат хэмээх нам дотроо нөлөөгүй нөхрийг тавьсан нь намын нь гишүүдэд таалагдаагүйгээр барахгүй талцан хуваагдах нөхцөл хар аяндаа үүссэн билээ. Энэ талцал тэмцлээс болж нэгхэн жилийн дараа засгийн газраа унагачихаад сууцгааж байна.
28-р их хурлын өмнө МАН-ын дарга болно хэмээн хэнхдэгээ дэлдэж байгаа хүн олон байх шиг. УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа, МАН-ын гол пи-арчин Н.Дэмбэрэл, ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат зэрэг зүсэн зүйлийн хүмүүс намын даргад нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. Өөр хүмүүс ч намын дарга болох хүсэлтэй яваагаа ил далд ярьж яваа. Гэвч энэ бол МАН ардчилалтай байгаагийн шинж биш харин энэ намд улс төрийн талцал хийрхэл, том жижиг бүлэглэлүүдийн яс хаялт, жийлт их байгаагийн шинж. Энэ намын 210 мянган гишүүн энэ их талцал тэмцлийн дундаас бараг зуун жилийн түүхтэй намаа хамгаалан авч үлдэж чадах уу гэдэг ч эргэлзээтэй байна. Энэ намын гишүүн биш эгэл жирийн олон түмэн ч гэсэн улс орны эдийн засгийн байдал хүндрэл бэрхшээлтэй ийм үед төрийн эрх баригч МАН-ынхан эв нэгдэлтэй байгаасай хэмээн хүсч байгаа. Тэгвэл МАН-ын талцал, хийрхлийг нам дарж, нэг гарт зангидах боломж байгаа юу? Яг өнөөдрийн байдлаар ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өөр энэ намыг зангидаж, чиглүүлж, хамгаалж чадах хүн алга байх шиг.
Хэрвээ МАН-ын 28-р их хурлаар У.Хүрэлсүхийг биш өөр нэгнийг намын дарга болгох аваас эдүгээ УИХ дотор 33:32 хэмээн хуваагдчихаад байгаа талцал улам гүнзгийрэхээс гадна аль нэг бүлэглэл нь шинэ нам байгуулах магадлал асар өндөр байгаа. Харин энэ нь манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд хор хөнөөлтэй. Гарцаагүй ийм аюул нүүрлэчихээд байгаа учраас МАН-ын гишүүд ерөнхий сайдын албыг хашиж буй У.Хүрэлсүхэд намын даргын эрх мэдлийг өгч, намаа бүрэн бүтэн авч үлдсэн нь өлзийтэй буй за. 2016 онд ард түмэн МАН-д итгэж, найдсандаа саналаа өгсөн, энэ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй гэж бодож байгаа бол тэдэнд үүнээс өөр сонголт байхгүй. МАН-ын төлөө амиа өгсөн ч чадна хэмээн ярьдаг ерөнхий сайд У.Хүрэлсүхэд намынхаа бүхий л эрх мэдлийг өгч бас хариуцлага үүрүүлчихээд дараа нь алдаа оноогоо түс тас дэнсэлсэн нь зөв юм. Парламентад олонх болж, төрийн эрх мэдлийг авсан намын дарга ерөнхий сайд болж байж л улс орныг залж залуурдсан нь дээр юм байна гэдгийг ойлгосон С.Баяр 2007 онд “Надад хариуцлага үүрүүлж байгаа юм бол ерөнхий сайдын албыг ч бас давхар өг” хэмээн шаардаж байсан нь албан тушаал, эрх мэдэлд шунасан хэрэг биш байлаа. Тиймээс МАН-ынхан С.Баярт итгэл хүлээлгэж эрх мэдлийг хангалттай өгсөн шигээ ерөнхий сайд У.Хүрэлсүхэд эрх мэдэл, хариуцлага хоёрыг хамтад нь өгөөд нэгдүгээрт улс эх орноо хоёрдугаарт намаа өөдлөн хөгжих зам руу түлхэх хэрэгтэй байна.
Эх сурвалж:Undesten.mn