Аялалд дуртай хүмүүсийг Английн 81 настай, хурандаа Блэшфорд Снелл ирэх зун манай улсад хамт аялахыг санал болгожээ. Блэшфорд ирэх жилийн долдугаар сард Алтай Таван Богд руу явж, нутгийн ардад эмчилгээ үзүүлэн, хэд хэдэн агуйд очиж, ховордсон амьтад, болон ургамал судлах зорилготой аж.
Блэшфорд 23 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор 12 хүн түүний багт орохоор бүртгүүлсэн. Археологи, ургамал, амьтад болон нийгмийн ажилд сонирхолтой хүмүүс түүнтэй хамт аялах агаад Блэшфорд мөн тэдэнд морь унаж чаддаг байхыг сануулсан аж.
Тэрээр 1969 онд ШУ-ны нийгэмлэг байгуулсан байна. Нийгэмлэгээрээ дамжуулж энэ оны эхээр 18 хүний хамт Амазон мөрөн рүү аялсан. Монголд хийх аяллынхаа үеэр хэдэн бөхөн байгааг мэдэж, тэдний эрүүл мэндийн байдлыг судлах зорилготой байгаа.
Аяллын багт нь Малайз, Англи, Австралийн эмч нар байгаа ба сургуулийн хүүхдүүдэд харааны шил, ном өгөх юм. Монголын талаас орчуулагч, МУИС-ийн зарим эрдэмтэн багш нар аялалд хамтран явна.
Блэшфорд “Азийн Монгол орны онгон зэрлэг байдал сонирхлыг нь их татаж байгаа. Судлах зүйл ч ихтэй орон” хэмээсэн. Тэрээр ирэх нэгдүгээр сард Кени улс руу аялах төлөвлөгөөтэй байгаа.