МАН-ын XVIII Их хурлаараа дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, намын даргаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонголоо. Өнөөдөр Их хурлын дөрөв дэх өдөр Бага хурлаа сонгон байгуулна.
Өмнө нь 310 хүний бүрэлдэхүүнтэй байсан Бага хурлын бүрэлдэхүүнээ 369 хүнтэй болгон өргөтгөсөн бөгөөд өнөөдөр эдгээр 369-өө сонгочихвол МАН-ын ээлжит Их хурал өндөрлөх юм .
Дараа нь Бага хурлын анхдугаар хуралдаан хуралдаж, Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа сонгох юм .
Нэгэнт намын даргаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгосон тус намыг Ерөнхий нарийн бичгийн даргаараа хэнийг сонгох бол гэдэг асуудал анхаарал татаж байна.
Одоогийн байдлаар өнөөгийн генсек Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан М.Баярмагнай, НИТХ-ын төлөөлөгч, тус хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч асан М.Ганбаатар нар Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөхөөр нэр нь сонсогдож байна.
Гэхдээ одоогийн генсек Д.Амарбаясгалан нэрээ дэвшүүлэх эсэхээ хэлээгүй байгаа. Их хурлын бэлтгэл, хэдэн өдөр сунжирсан Их хурлын хуралдаан гээд Д.Амарбаясгалангийн хувьд завгүй өдрүүд үргэлжилж юун албан тушаал бодох манатай л байгаа.
Харин Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан М.Баярмагнай, НИТХ-ын төлөөлөгч, тус хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Мөнхчулуун нар МАН-ын генсект өрсөлдөнө гэдгээ шууд болон шууд бусаар илэрхийлээд байна.
МАН-ыг 100 жилийн түүхэнд нь харьцангуй залуу дарга нар удирдаж ирсэн түүх бий . Нээрээ ч тийм, анх байгуулсан нөхдүүдээс нь эхлээд дандаа залуус удирдсаар ирсэн байдаг юм.
Анхны 7-гоос эхлээд, зүүнтэн, баруунтан, Чой, Цэ гээд бүгд 20-30-аад насандаа л намаа удирдаж явсан . МАН-ын одоогийн дарга У.Хүрэлсүх гэхэд 50 ч хүрээгүй залуу. Генсект нэр дэвшигчид нь ч 30-50 насны хооронд залуус байна . Ингээд харахаар МАН-д үе солигдож байгаа нь тодорхой харагдаж байна.
Д.Амарбаясгаланг 2016 онд УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбатын оронд намын Бага хурал томилсон хэдий ч түүнд намын ялалтыг бус ялагдлыг тохох нь өнөөдөр утга учиргүй хэрэг юм.
Д.Амарбаясгалан УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр генсек нь Архангайд өрсөлдөөд явчихсан МАН-ын Төв штабыг удирдаж, АН болон бусад олон өрсөлдөгчдөөс ирүүлж байсан бүх эсэргүүцэл, сөрөг пиарын хариултыг өгч ялалтад хувь нэмрээ хамгийн ихээр оруулсан билээ.
Түүнээс өөрөө сууж байгаад ялуулчихсан аятай ярьдаг зарим нэг нөхдийг бодвол Д.Амарбаясгаланд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд “дахин” суух боломж хамгийн өндөр.
Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд суухыг хүсч байгаа бусад нөхөд хэн бэ. МАН-ын гишүүд, тэр дундаа хөдөө орон нутгийн гишүүд С.Мөнхчулуун гэгчийн ядаж зүс царайг таних уу.
Нийслэл хотын ИТХ-ын гишүүн, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч хэмээх энэ С.Мөнхчулуун гэгчийг ийм өндөр суудалд хэн хүргэсэн юм . Нийслэлийн намын хороонд бүртгэлтэй МАН-ын гишүүдээс хэд нь түүнийг таних юм. Үнэхээр танигдсан хүн юмуу.
Улс орон даяар 220 мянган гишүүнтэй намд арай л чамлалттай нэр дэвшигч биш үү . Энэ нөхрийн дүү хүн сэлэмдээд яваад байх шиг байсан. Гэтэл тоглоомон сэлэм байсан хэмээн мэдэгдсэн ийм хүн намын хамт олноо “сэлэмдэх юм биш байгаа” .
Улаанбаатар хотын хоймор болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа олны саналыг авч чадаагүй М.Баярмагнай гэгч бол зүгээр л нэрээ том өрсөлдөөнд гаргаж ирээдүйдээ бэлтгэж байгаа нэгэн байх.
Түүнээс сүүлийн хоёр, гурван жил гадаадад байсан энэ залуу тэгээд нийслэлд ч ажиллаж үзээгүй байж үндэсний хэмжээний намыг удирдлагаар хангана гэвэл хүүхэд нохойн доог гэдэг шиг инээдэмтэй хэрэг болно.
Генсект өрсөлдөхөөр сураг сонсогдож буй М.Ганбаатарыг зарим нь “По” ч гэдэг. Түүний хувьд өнгөрсөн зунаас хойш намын удирдлагуудынхаа эсрэг “улаан малгайт” хөдөлгөөн байгуулан Тусгаар тогтнолын ордны гадаа үе үе суулт хийж харагддаг байсан нөхөр.
МАН-ын генсек болох ямар “гавьяа”-тайг нь мэдэх хүн ховор л байх шиг.
Харин энэ удаа МАН 30-50 насны дарга нартай болж, илүү цэвэршээд ирэх жилүүд, тэр дундаа 100 жилээ угтвал ямар вэ.
О.Хуяг
Эх сурвалж: gereg.mn