“Чонон сүлд”-ийн төгсгөлийн бүлгийг яагаад орчуулаагүй вэ?

Холбоотой Зураг

Нэг хүн доорхи асуултыг тавьжээ. “Таныг чонон сүлд романы төгсгөлийн бүлгийг орчуулаагүй гэх юм. Яагаад?” гэсэн байна. Орчуулахаар барах уу? Хятадуудын сэтгэл зүйд ихээхэн эмзэг тусдаг байж мэдэх “Оюунлаг эрэлхийлэл ба чонон сүлдийн тухай хүүрнэл” бүлэг нь манай “Гэгээ паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан дэлгэрэнгүй хувилбар дээр бүрэн эхээрээ нийтлэгдсэн байгаа.

2014 онд Хятадын Үндэсний хэвлэлийн хорооноос миний орчуулгыг үндэслэн монгол бичигт хөрвүүлсэн эх дээр ч төгсгөлийн хэсэг бүрэн бүтнээрээ ороод Амазон сүлжээгээр зарагдаж байгааг худалдан авч үзэж болно. “Чонон сүлдийн” төгсгөлийн хэсэг дээр л зохиолч Зян Рун Монголын эсрэг жинхэнэ чинжүү дотор санаагаа гаргаж бичсэн зүйлсийг нь орчуулагч бодлоготойгоор орчуулалгүй хасчихсан юм гэнэ лээ гэсэн явган яриа янз бүрийн сүлжээний энд тэнд хааяа харагдаж байдаг л даа. Саяхан хүртэл нэг шүүмж маягийн зүйл Баабар.мн дээр гарсан харагдана лээ. Шүүмж судалгаа хийж байгаа хүн ийм барим тавим баримттай зүйл байсаар байтал түүнийг олж харалгүй санаан зоргоор гуйвуулан бичнэ гэдэг маш харамсалтай хэрэг.

Би “Оюунлаг эрэлхийлэл” бүлгээс зохиолч Зян Рун гуайд өрт нь хэлж байгаад нэг л өгүүлбэр хассан. Тэр нь: “1946 онд Гоминьдан намын ажиглагчдын хяналт дор явагдсан бүх нийтийн санал асуулгын үр дүнд Хятад улс Гадаад Монголыг үүрд алджээ.” гэсэн утгатай өгүүлбэр байсан юм. Энэ номын орчуулгаар нэлээд ултай нарийн судалгаа хийе гэсэн хүн хоёр эхийг ягштал тулган харахад ганц дээрх өгүүлбэр л дутсан байх вий.

Сүүлийн үед хийх ажил толгойтой үснээс их болчихоод энэ мэт дэл сул явган ярианд тэр болгон анхаарлаа хандуулж хариу няцаалт өгөх зав чөлөө, сонирхол үнэхээр алга байгааг уншигч та ойлгоно биз дээ? Гадаадын томоохон их сургуулийн мастер хүн тийм хөнгөн гоомой шүүмж бичээд түүнийг нь “Тойм” сэтгүүлийнхэн шүүрэн аваад нийтлэж л байдаг гэсэн шүү юм бодоод өнгөрсөн. Ядаж миний овог нэрийг Я.Болдбаатар гэж бичээд 2005 онд Өвөрмонголд хэвлэгдсэн монгол орчуулгыг л үндэс болгоод баахан зүйл бичсэн нь үнэндээ бол миний орчуулгатай ямар ч холбоогүй зүйл л дээ. Мөртлөө тэр орчуулга нь Зян Рун зохиолчийн зөвшөөрөлгүй манай зарим залуусын хэллэгээр “хулхи хувилбар” юм.

Орчуулагч, хятад судлаач Д.Болдбаатар

Санал болгох мэдээ

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” номын өдөрлөг Женев хотод болов

Mонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” номын тухай уулзалт-ярилцлага Женев …