“Тэргүүний жагсаалч анги” шалгарлаа

p17rfqcopk1tr9rhmugh1h2m1ijr1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу НЗДТГ, Батлан хамгаалахын яам, Цэргийн хүчний Жанжин штабаас уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллалаа.  “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулсан бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болж, 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас шилдэг 9 анги буюу Зэвсэгт хүчний  013, 029,  032, 084, 120, 150, 326 дугаар,  дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгарсан юм.  Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн цэргийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээ бөгөөд шилдгийн шилдгүүдийг тодруулах 2-р шатны шалгаруулалт 05 сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. 4 сарын турш үргэлжилсэн уралдааны шилдгүүдээр “Тэргүүн байрт Хурандаа Л.Батболд захирагчтай Зэвсэгт хүчний 032-р анги, Хоёрдугаар байрт Хурандаа Л.Гансэлэм захирагчтай Зэвсэгт хүчний 150-р анги, Гутгаар байрт Хурандаа Б.Дамба захирагчтай Зэвсэгт хүчний 084-р анги, Тусгай байрт  Хурандаа Х.Баньд захирагчтай Зэвсэгт хүчний 120-р анги”-ийн бие бүрэлдэхүүн тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар “Монгол цэргийн жавхаа” уралдаанд анги бүрэлдэхүүний амжилттай удирдан зохион байгуулж оролцон 1, 2, 3-р байранд шалгарсан захирагч нарыг  2 өрөө орон сууцаар шагнаж, байрны түлхүүрийг нь  гардуулсан юм.  Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө “Монгол цэргийн жавхаа” уралдааныг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ жил анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү уралдаан нь хугацаат цэргийн албанд алба хааж халагдаж буй монгол эр цэргүүддээ хүндэтгэл үзүүлж, тэдний эх орондоо оруулсан хувь нэмрийг бахархах зорилготой бөгөөд улс эх орныхоо тусгаар тогтнол, жагсаалын цэргийн сүр жавхланг бахархалтайгаар харуулсан жагсаалын цэргийн нийт анги бүрэлдэхүүнд  нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.  Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдахад таатай байна. Монгол цэргийн яруу алдар бадартугай” гэж онцлон хэллээ. Мөн Сүхбаатарын талбай дээр хүрэлцэн ирж, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг үзсэн нийслэлчүүд “Монгол цэрэг эрчүүдээрээ үнэхээр их бахархаж, огшиж байна” гэж сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.  “Монгол цэргийн жавхаа” уралдааны 2-р хэсэг 05 сарын 26-ны 20.00 цагаас Сүхбаатарын талбайд “Үдшийн цэнгүүн“-ээр үргэлжилнэ. Цэнгүүнд Цэргийн Дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн уран бүтээлээ толилуулж, ёслолын буудлага буудна. Цэнгүүнд хүрэлцэн ирсэн иргэд автомашинаа Хангарьд ордон, Гадаад харилцааны яам, Улсын Драмын Эрдмийн театр зэрэг автомашины зогсоолд үнэ төлбөргүй тавихаар зохицуулалт хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …