Саинхо Намчылак: Залуу уран бүтээлчид сониуч үе дээрээ байдаг нь надад таалагддаг

Тувагийн дуучин, зураач Саинхо Намчылак 1957 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. Авангард жазз болон классик дуучин тэрээр мөн хөөмийлдөг. 29 дуу хийж дөрвөн кинонд ажилласан тэрээр “Өглөөний бясалгал” нэртэй зургийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ. 1991 онд Австри улс руу гарсан ба одоогоор Оросод буцаж ирэн концертууд, зургийн үзэсгэлэнгүүдээ гаргаж байгаа. Тэрээр Оросын вэбсайтад ярилцлага өгчээ.

-Таны зураг зурах санаа аяга кофеноос үүдэлтэй гэдэг. Энэ талаараа хуучлахгүй юу?

-20 гаруй жилийн өмнө Германы уран бүтээлчидтэй хамт аялан тоглолт хийгээд явж байлаа. Тэр үеэр Герман бүсгүй аягатай кофе санамсаргүй асгачихсан юм. Цаасан дээр асгарсан кофег хараад зураг зурах сэдэл төрсөн дөө. Үүний дараа Хятад руу явсан. Тэнд нэг уран бүтээлч залуутай уулзсан. Тэр авангард загвараар санаагаа илэрхийлэх нь надад тохирох болохыг зөвлөсөн юм.

-Та Хятадад дөрвөн ч зургийн үзэсгэлэнгээ гаргасан. Хятадын үзэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?

-Тэд их сонирхож хүлээж авдаг. 2011 онд гурван хэмжээст хэвлэл гарсан. Үүнийг би өөрийн бүтээлдээ ашиглахыг хүссэн юм. Акрил, өнгийн будгаар зурахаас илүүтэй би заримдаа махаар зурдаг. Энэ талаар зарим Хятад хүн “Та яагаад махаар зурдаг юм бэ?” гэж гайхан асууж байсан. Тэгэхэд нь би бөөгийн уламжлалтай холбоотой болох талаар тайлбарлаж өгсөн. Би бас шоколад, кофе, цайгаар зураг зурдаг. Шоколадаар зурсан зураг худалдаж авдаг хүн байдаг шүү. Миний үзэсгэлэн гарсны дараа зарим Хятадын зураач байгалийн зургийг цайгаар зурдаг болсон тухай сонссон.

-Та өөрийнхөө бүтээлүүдийг хэр зэрэг урлагтай гэж боддог вэ?

-Би ямар нэг зүйлийн дуудлагаар л уран бүтээлүүдээ хийдэг. Энд хүчилсэн ч юмуу, хэт бодож, тунгаагаад байх зүйл байдаггүй. Ямар нэг чанадын зүйлийн илэрхийллийг зурагт буулгадаг.

– Та уран бүтээлүүдээрээ хүмүүст яг юу ойлгуулахыг хүсдэг вэ?

-Орчин үед хүмүүс оюун санааны хувьд хэт их баригдмал болоод байгаа. Уран бүтээлчид бид оюун санааны задрал руу өнгийж тэндээс мэдэрсэн зүйлсээ хүмүүст дамжуулахыг эрмэлздэг.

-Тэгвэл оюун санааны хувьд эрх чөлөөт байдлаа хэрхэн хадгалж чаддаг вэ?

-Би их хөдөлгөөнтэй хүн л дээ. Мөн хаана шинэ нээлт болж байгааг үргэлж анзаардаг. Хүн ер нь үргэлж л тэмүүлэлтэй, өөдрөг байх хэрэгтэй. Шинэ залуу уран бүтээлчидтэй би ойр харилцаатай байдаг. Тэд ямар нэг зүйлийг баримтлаагүй яг сониуч үе дээрээ байдаг нь надад таалагддаг юм. Амжилттай болсон хойноо залуу байх үеийнх шигээ шинийг эрэлхийлдэг, сониуч байхаа больсон, нэг түвшин дээрээ үлдсэн уран бүтээлчийг би нэлээд их харсан.

 

Ярилцсанд баярлалаа.

 


Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …