Өөрчлөгдөн хувьсаж буй өрсөлдөөний эрин үед манлайлах чадвар бүхий нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах хувь хүний манлайлах чадварыг академик боловсролтой хослуулан эзэмшсэн ирээдүйн удирдагчдыг бэлдэх эрхэм зорилготой Глобал Удирдагч Дээд Сургууль үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэсэн. Энэ үеэр тус сургуулийн Бизнесийн удирдлагын багш Ц.Энхтуяатай ярилцлаа.
-Та Глобал Удирдагч Дээд Сургуульд ажиллаж буй түүхээсээ манай уншигчидтай хуваалцана уу?
-Энэ байгууллагатаа би долоон жил ажиллаж байна. 10 жилийн ойн баярыг тохиолдуулж нийт хамт олон, оюутнууд болон төгсөгчиддөө баярын мэндийг хүргье. Мөн манай сургуулийн дэргэдэх Шинэ Зуун ахлах сургуулийн таван жилийн ой тохиож байгаа баярт үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлж байна.
-Танай сургуулийн гол онцлог юу вэ?
-Манайх бүх хичээлээ англи хэл дээр явуулдаг. Ингэснээр оюутнууд төгсөөд гадаадад гарах боломж нь илүү их болдог байгаа. Ялангуяа Тайвань, Америк, Солонгос руу явах боломж их байдаг. 10 жилийн хугацаанд 4,500 орчим оюутанг солилцооны болон 2+2 хөтөлбөрөөр гадаадад суралцуулсан. Монголын боловсролын салбарт нийтдээ 5 сая орчим долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Сүүлд Анагаахын эмч болон Англи хэлний орчуулагчаар мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байгаа. Эдийн засаг, Банк, Санхүүгийн чиглэлээр мөн оюутан төгсгөдөг. Төгсөгчид маань өнөөдөр ирсэн байна.
-Сургалтын шинэчилсэн системийг хэрэгжүүлснээр оюутнуудын мэдлэг боловсролын чанарт ямар ахиц гарч байна вэ?
-Манай сургууль сүүлийн жил гарангийн хугацаанд Харвардын сургалтыг Монголдоо нэвтрүүлж эхэлсэн. Мэргэжлийн хичээлүүдийг Англи хэл дээр үзсэн төгсөгчид гадаадын хөрөнгө оруулалттай компанид мэргэжлээрээ ажиллаж байгаа нь харагддаг. Тэдгээр компани ч манай оюутнуудыг ажилд авах дуртай байдаг. Яагаад гэвэл мэргэжилдээ сайны дээр, идэвх санаачлагатай ажилладаг олон төгсөгч бий. Цаашлаад хэлний тал дээр асуудал гардаггүй. Сурч байгаа оюутнууд ч гадаадад гарч мэдлэгээ дээшлүүлье, сургалтын өвөрмөц арга барилыг бий болгоё гэсэн зорилготой байдаг. Тиймдээ ч тэднийг удирдан сургахад ямар нэг асуудал гараад байдаггүй.
-Өөр сургалтууд явагддаг уу?
-Эчнээ, оройн анги байдаг. Бас захирлууд болон ирээдүйн менежерүүдийн сургалт байгаа. Оюутны тавьсан зорилго бидний аль хөтөлбөртэй илүү их таарч байна гэдгийг харгалзаж үздэг. Солилцооны хөтөлбөрөөр богино хугацаанд ч болов гадаад яваад ирэх боломжтой. Сүүлд нээгдсэн Анагаахын чиглэлийн сургалтаар дамжуулж Тайванийн сургуулиудтай илүү их хамтарч байна. Энэ жилээс Сувилахуйн хөтөлбөрөөр сувилагч бэлтгэж эхэлж байна. Хөдөө орон нутагт салбар сургалтуудаа явуулаад эхэлсэн.
Ярилцсанд баярлалаа