Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах. Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих зэрэг анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц л хангалттай хэмжээний ус, жимсний шүүс уулгах хэрэгтэй. Мөн хөхөөрөө хооллодог бол хөхийг сайн хөхүүл. Тэгвэл ханиад хүндрэхгүйгээр амархан эдгэрэх талтай. Заримдаа бага насны хүүхдүүд шингэн зүйл уух дургүй байдаг. Тэгвэл та жимсний шүүсийг зайрмаг хэлбэрт оруулан хөлдөөж өгч болно. Хүйтэн зүйл идээд хоолой нь өвдөнө гэж бүү айгаарай. Хоолой өвдсөн үед харин ч хүйтэн зүйл идэх нь тустай байдаг шүү. Мөн сармистай шөл, тахианы шөл зэргийг өгөх нь сайн байдаг.
Гэрийн нөхцөлд хийж болох аюулгүй, амархан, үр дүнтэй эмчилгээг та бүхэнд санал болгож байна.
1. Зөгийн бал – Зөгийн бал нь хоолойн өвчнийг намдааж ханиалгыг зөөллөх үйлчилгээтэй. Ялангуяа хүүхэд шөнө ханиалгахыг намдаахад ханиалга дарах эмнээс илүү үр дүнтэй нь судалгаагаар тогтоогджээ. Халуун бүлээн усанд уусгаж, мөн халбаган дээр бага зэрэг бүлээсгээд өгч болно. Усанд уусгаж өгөхдөө дээр нь бага зэрэг нимбэгийн шүүс дусаавал илүү амттай, үр дүнтэй болно. Гэхдээ 1 наснаас доош хүүхдэд зөгийн бал өгч болохгүйг анхаараарай.
2. Хамрыг нусгүй цэвэрхэн байлгах – Ихэнх хүүхдүүд 2 нас хүрээд өөрөө нусаа нийж сурдаг. Хүүхдийнхээ хамар салстыг цэвэрхэн, нусгүй байлгаснаар амьгалахад хялбар болж халдвар хүндрэхээс сэргийлдэг. Нялх хүүхдийн нусыг цэвэрлэхдээ хамар дээр нь вазелин түрхэн доош харуулан хэсэг хэвтүүлж байгаад соруулаар соруулж авах нь илүү үр дүнтэй байдаг.
3. Гаатай гавар – 3 сартай болон түүнээс дээш насны хүүхдэд зориулсан гаатай гавар байдаг. Энэ нь ханиаданд ямар нэгэн тусгүй ч хүүхдийг шөнө сайн амарч унтахад тустай байдаг. Гэхдээ хэтрүүлэн түрхэж болохгүй. Хамрын хавьцаа бага зэрэг үнэртэхээр түрхэхэд л болно.
4. Давстай усаар хоолойгоо зайлах (4 дээш нас)- Энэ бол хоолойн өвчнийг анагаах уламжлалт арга юм. 1 цайны халбага давсыг бүлээн усанд уусгаж, мөн дээр нь хэдэн дусал нимбэгийн шүүс дусааж болно. Өдөрт 3-4 удаан зайлах хэрэгтэй. Хүүхэд хоолойгоо зайлж сайн сураагүй бол эхлээд давсгүй усаар дасгал хийж болно.
5. Толгойн дор нь өндөр дэр тавьж өгөх – Энэ нь хүүхдийг унтаж байх үед чөлөөтэй амьгалах боломжтой болгоно. Нялх хүүхдийг машины хүүхдийн суудал эсвэл тэргэн дотор унтуулж болно. Мөн нялх хүүхдийн нус болон цэрний ялгарал их байвал доош нь харуулж унтуулах нь илүү аюулгүй байх болно.
6. Сайн унтаж амрах – Ханиадтай үед хүүхдийн өдрийн унтлагын цагийг алгасаж ер болохгүй. Аль болох илүү цагаар унтуулахыг хичээ. Мөн хүүхдийг амархан ядраах тоглоомноос татгалзах хэрэгтэй. Орон дотроо тоглож болох тоглоомоор тоглуулж болно. Жишээ нь: эвлүүлдэг тоглоом, зургийн ном гэх мэт.
7. Агаарыг чийгтэй байлгах – Гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, агаар сайтай үед цонхоо ойлгож агаар оруулах хэрэгтэй. Мөн агаар чийгшүүлэгч хэрэглэж болно. Тэгэхдээ агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгч байхгүй бол чийгтэй даавуу өлгөх, ус буцалгах зэрэг аргаар агаарыг чийгшүүлж болно. Хүүхдээ ууртай угаалгын өрөөнд усанд оруулвал мөн сайн. Ваннтай усандаа бага зэрэг гааны тос дусаавал хүүхдэд илүү тааламжтай байх болно.
8. Хангалттай хэмжээний шингэн уулгах (6 сараас дээш)- Хүүхэд ханиадтай үедээ шингэн их алддаг. Хангалттай хэмжээний ус, шингэн зүйл уулгаснаар цэр ховхролтыг түргэсгэж, шингэний дутагдалд орохоос хамгаална. Аль болох сонирхолтой, амттай байхаар шингэн зүйлийг өгвөл хүүхэд дуртай байх болно. Жишээ нь: жимсний шүүсээр хийсэн зайрмаг, жимсний шүүс гэх мэт. 6-с доош сартай хүүхдэд хөхийг нь аль болох олон удаа хөхүүл.
9. Сармистай шөл, тахианы шөл болон бүлээн шингэн зүйл уулгах (6 сараас дээш) – Мэдээж эхлээд хүүхэд сармисанд харшилтай эсэхийг мэдэх хэрэгтэй. Бага багаар уулгаж эхэл. Тахианы шөл халууныг бууруулж, ханиад томууны зовиуруудыг багасгадаг нь судалгаагаар тогтоогджээ. Сармистай шөл нь ханиад хүндрэхээс сэргийлнэ. 2-с дээш насны хүүхдэд балжингарамтай бүлээн цай уулгаж болно. Хүүхдэд ердийн цай их уулгаж болохгүйг анхаарай.
Эх сурвалж: suvilgaa.to.gov.mn