“Пуужин харвана” гэсэн хуурамч дохио Хонолулу хотынхныг 38 минутын турш сандаргажээ

Хавайн Хонолулуд өнгөрөгч амралтын өдөр яг юу болсон талаар тухайн үед амарч байсан сэтгүүлч бүсгүй өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэрээр “Амралтаа өнгөрүүлэхээр Хавайд ирсэн би төсөөлөхийн аргагүй зүйлтэй нүүр туллаа. Уг нь бямба гаригийн намуухан өглөө намайг угтсан. Вайкикигээс холгүйхэн орших старваксаас кофе авахаар өглөө найман цагийн үед очсон. Гэвч тэнд байсан 10-аад хүний гар утсанд нэгэн зэрэг аюулын дохио ирсэн. Энэ ердийн сэрүүлэгнээс шал өөр, нэг л айдас төрүүлэм чанга, түгшүүртэй дуу чимээ байсан. Энэ дуу чимээнээс болж тэнд байсан хүмүүс нэг хэсэг цочирдож, шокын байдалд орсон харагдсан. Хүн бүр утаснаас гарах дууг унтраахаар оролдож эхлэх үед утасны дэлгэц дээр “Хавайн аралд баллистик пуужин ирж байна. Орогнох байр руу очно уу. Энэ бол сургуулилт биш” гэсэн зурвас ирсэн юм. Үүнийг уншсан иргэд айж сандралдана биз дээ.

Тэр үед надад маш олон зүйл бодогдсон. “Бурхан минь. Аюул ингээд л ирдэг гэж үү” гээд  би өөртөө хэлсэн. Юу хийх вэ, хаашаа явах вэ, Хүүхдүүдээ, нөхрөө яах билээ гээд л олон зүйл толгойд эргэлддэг юм билээ. Миний эргэн тойронд байгаа хүмүүс бүгд л ухаан балартаж, яах ийхээ мэдэхгүй тулгамдсан байлаа. Амьдрал минь дээсэн дөрөөн дээр байх шиг санагдаж, зогсоод байлгүй ямар нэг арга хэмжээ авах ёстой л гэж бодогдож байсан юм. Тэгээд кофе шопоос гарч, хар хурдаараа байрлаж байсан байр руугаа гүйсэн. Гудамжин дахь хүмүүс бүгд л сандралдан ийш, тийш гүйлдэж харагдсан. Байр руугаа гүйгээд ороход нөхөр маань “Нутгийн захиргаанд хандах хэрэгтэй” гэж хэлээд интернетээр мэдээлэл хайчихсан зогсож байсан. Энэ үед онцгой байдлын өөр нэг дохио хангинасан. Дохиог сонсоод “ингээд л үхдэг байж дээ” гэж бодогдсон юм.

Харин утасны дэлгэц рүү харахад эсрэгээрээ “Хавай мужид пуужин харвах ямар ч аюул, заналхийлэл илрээгүй. Энэ бол хуурамч дохио байна” гэсэн зурвас байсан. Бурхны аврал. Бид үхэхгүй нь гээд л гэрийнхэнтэйгээ тэврэлдсэн. Гэхдээ 38 минутын турш энэхүү шокын байдал арилаагүй. Дараа нь Хавайн Онцгой байдлын менежментийн албаны ажилтан буруу товчлуур дарснаас үүдэлтэй аюулын дохио хангинасан болохыг мэдсэн юм. Хэдийгээр хуурамч дохио байсан ч ингээд л бүх зүйл дуусдаг байжээ гэж бодогдох үед үнэхээр хэцүү байсан. Хуурамч дохио байсан нь яамай даа. Хэрвээ үнэн байсан бол би үүнийг бичээд суухгүй шүү дээ. Баллистик пуужин харвасан үед Хавайн арал 20 минутын дараа л бүрэн устах боломжтой” гэж бичжээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …