“Эрэл”-ийн шинэ технологи агаарын бохирдлыг бууруулна

 

Агаарын бохирдол нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Тиймээс төр засаг ч гэлтгүй, олон нийт, аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулахад анхаарлаа хандуулж, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Тэдний нэг бол “Эрэл” ХХК юм. “Эрэл” ХХК барилгын салбарт Холбооны Бүгд Найрамдах Герман улсын технологийг нэвтрүүлэн 2017 оны 12 дугаар сард ашиглалтад оруулжээ.

“Эрэл”-ийн Байшин үйлдвэрлэх комбинат нь барилгын бүх төрлийн төмөр бетон, хийц эдлэлийг үйлдвэрлэдэг бөгөөд 1963 оноос эхлэн нийслэл хотын барилга, байгууламжийн 80 хувийг бүтээн байгуулж ирсэн түүхтэй. Тэгвэл энэ комбинат нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа агаарын бохирдлоос хямд аргаар салж чадах шинэ технологийг нэвтрүүлээд байгаа юм.

Эрэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат “Бид ОХУ-ын технологийг өөрчлөөд ХБНГУ-ын дэлхийн стандартад нийцсэн шинэ технологиор үйлдвэрээ иж бүрэн шинэчлэж, ашиглалтад оруулаад байна. Бидний бүтээгдэхүүний гол түүхий эд бол уулын дайрга, элс юм. Газар хөдлөлтөд тэсвэртэй, төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай, эрчим хүчний хэмнэлттэй өндөр даацтай, гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана, тааз, барилгын фасадыг хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм. Мөн энэ бүтээгдэхүүнийг ашигласнаар барилга барихад хялбар бөгөөд цаг хугацаа бага зарцуулах давуу талтай. Жишээ нь, 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барих боломжтой. Цаг хугацаа хэмнэснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4189 компанийн 100 мянга гаруй ажилчид жилийн дөрвөн улирлын турш байнгын ажлын байртай байх боломжтой болох юм” гэж шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Ер нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц бол гэр хорооллыг орон сууцжуулах явдал юм. Өөрөөр хэлбэл утаа гарч буй янданг цөөлж чадвал агаарын бохирдлоос эхлээд хөрсний бохирдлын асуудал ч шийдэгдэх боломжтой.

Гэвч өнгөрсөн жилүүдэд олон тэрбум төгрөгийг утаа бууруулах бус эсрэгээрээ нэмэгдүүлэхэд зарцуулчихсан уу гэж харагддаг.

Тэгвэл Эрэл компанийн энэхүү бүтээгдэхүүн барилга орон сууц барихад хялбарчлахаас гадна, хөрөнгө санхүүгийн тал дээр ч хэмнэлттэй гэдгийг дээр дурдлаа. Тухайлбал, Төмөр бетоноор орон сууц болон амины сууц барихад мкв-ийн үнийг 1,2 сая төгрөг гэж төлөвлөжээ. Тэгэхээр дунджаар 50мкв орон сууцны үнэ 60 сая төгрөгт багтаж байна. Энэ бол дундаж орон сууцны хамгийн боломжийн үнэ юм.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар БНСУ-аас 500 сая ам.доллар зээлэхээр болсон. Тэгвэл энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэдэг нь тодорхойгүй. Зарим эх сурвалжууд шахмал түлш болоод нүүрс боловсруулахад зарцуулна гэж мэдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл гал түлэхэд л энэ мөнгийг зарцуулах гээд байх шиг. Гал түлж л байгаа учир утаа гарах нь ойлгомжтой. Утаа гаргахгүй байх хамгийн зөв шийдэл бол орон сууц. Гэвч орон сууцны ханш хэт өндөр байгаа нь гэр хорооллыг тэлэхэд хүргэж байгаа юм.

Хэрвээ БНСУ-аас авах 500 сая ам.долларыг орон сууц барихад зарцуулбал, “Эрэл” компанийн санал болгож байгаа үнээр 40 мянган айлын орон сууцанд хамруулах боломжтой.

Нийслэлийн нийт өрхийн 57.9 хувь нь буюу 204161 нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгааг 2010 он гаргаж байж. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Тэгвэл БНСУ-аас авах зээлээр 40 мянга гаруй яндангаас утаа гаргахгүй байх боломжтой болж байна. Түүнээс нүүрс боловсруулах үйлдвэр бариад, зам тавиад, түлш зараад утаа багасна гэдэг үлгэр юм.

“Эрэл” компанийн зүгээс

“Нэгт, Газар олголтын зөвшөөрөл олговол гэр хорооллын эхний ээлжийг орон сууцанд хамруулах боломжтой.

Хоёрт, Ипотекийн зээлийг хүртээмжтэй болгох. Ингэснээр иргэд зээлд тэгш хамрагдах боломжтой. Ажилтай, ажилгүй гэж ялгах нь тусгаар улсын Засгийн газрын бодлого биш. Тиймээс иргэдээ ажилтай болгож, орон сууцанд хамруулах учиртай. Гэр хорооллын газрыг чөлөөлбөл тэнд дэд бүтэц шийдсэн орон үеийн таун хаусууд бариад явах ч боломжтой” гэсэн саналыг төр, засгийн удирдлагуудад тавьж байна.

Манай барилгын салбарынхан асуудлыг шийдлийг олж хараад байна. Одоо төр засаг л хамтраад ажиллачихвал утааг шийдэхэд хүндрэл алга л байна. Эцэст нь дүгнэхэд гал түлвэл утаа багасахгүй. Тиймээс утаа гардаг яндангийн тоог цөөрүүлэхийн тулд барилгын компаниудаа дэмжиж, иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангамаар байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …