Монголын Хэрэглэгчийн Удирдлагын академийн захирал Г.Замбага: ”Зөв хэрэглээг хэвшил болгох нь”

Монголын Хэрэглэгчийн Удирдлагын Академийн захирал Г.Замбагатай  ярилцсан ярилцлагыг хүргэе

– Танд энэ өдрийн мэнд хүргэе

– Баярлалаа, танд болон танай сайтын нийт хамт олон, хэрэглэгчиддээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

-Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

– Бүх харилцаа бол хэрэглэгч дээр тогтож байдаг. 1990 онд хэрэглэгчийн хөдөлгөөн анх үүсч байхад манай нийгмийн сэтгэл зүйд хэрэглэгч гэдэг бол зүгээр дэлгүүрийн лангуун дээрээс бараа худалдаж авч байгаа хүнийг хэлнээ гэж ойлгодог байсан бол өнөөдөр улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын маш өргөн харилцааг хамарсан ойлголт болсон. Дэлхийн 122 орны 150 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн CONSUMER INTERNATIONAL буюу CI байгууллагын бүрэн эрхэт гишүүн Монголын хэрэглэгчийн хөдөлгөөний салшгүй нэг хэсэг болох манай Монголын Хэрэглэгчийн Удирдлагын Академи нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх боловсролын үйл ажиллагаа явуулдаг.

– Ямар сургалтууд явуулдаг вэ?

– Монголын Хэрэглэгчийн Удирдлагын Академи нь Бакалаврын дараах удирдлагын мэргэшүүлэх сургалтыг Монголдоо, салбартаа тэргүүлэгч шилдэг багш нартайгаар зохион байгуулж явуулдаг. Хугацааны хувьд 45 хоногийн болон 1 жилийн гэсэн 2 анги байдаг, мэргэшлийн чиглэлийн хувьд бизнесийн салбарт ажилладаг болон ажиллах сонирхолтой хүмүүс Бизнесийн удирдлагаар мэргэшиж төгсдөг, Төрийн албанд ажилладаг, албан тушаал ахихыг хүсч байгаа болон төрийн албанд ажиллах хүсэлтэй хүмүүс Төрийн захиргааны удирдлагаар мэргэшүүлж төгсгөдөг.

-Хэрэглэгчийн эрх, ашиг гэж юуг хэлэх, түүнийг хэрхэн хамгаалдаг юм бэ?

– Хэрэглэгчид эрхийнхээ талаар ойлголт багатай, эрх нь зөрчигдөж байгааг, зөрчигдсөн эрхээ хэрхэн хамгаалуулах талаар тэр бүр мэддэггүй. Манайд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль байдаг. Энэхүү хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүд, манай Хэрэглэгчийн Академи хамтран ажилладаг. Энгийн жишээ хэлэхэд: хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-р зүйлд: Хэрэглэгч үйлдвэрлэгчийн буруугаас өөрт учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх замаар эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаална гэсэн заалт бий. Энэ хэрэглэгч чанар муудсан, гэмтсэн, хугацаа хэтэрсэн бараа, үйлчилгээг буцааж мөнгөө авах, эсвэл өөр бараагаар солих эрхтэй. Гэтэл хүмүүс за яахав өнгөрсөн зүйл ч гэдэг байдлаар үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нарыг даврааж, өөрийгөө хохироож байдаг.

-Таныг Монголдоо анх удаа хэрэглэгчийн талаар докторын ажлаа бичиж байгаа талаар сонссон. Энэ талаараа хуваалцана уу.

– Дэлхий нийт зөв хэрэглээг уриалах боллоо. Монголчууд бид, бүх хүмүүс бүгдээрээ хэрэглэгч. Хэрэглэгч бид наад зах нь дэлгүүрт ороод бараа бүтээгдэхүүний шошгийг хараад энэ бүтээгдэхүүнд өөрийнх нь биед сөрөг нөлөөлөх бодис орсон байна уу, хадгалах хугацаа, нөхцөл нь хэвийн эсэхийг уншиж, зөвийг сонгож чаддаг дадалд сурах хэрэгтэй гэх мэтчилэн амьдрах ухааны тэр дундаа хэрэглээний боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулсан юмаа. Үүнийг НҮБ-н төслөөр хэрэгжүүлсэн амьдрах ухааны сургалтаар дамжуулан Политехникийн багш, сурагчдад хүргэхэд үнэхээр хэрэгтэй, мэдүүштэй хичээл байлаа, маш их баярлалаа гэж хүлээж авсан нь надад их урам зориг өгсөн. Энэхүү санаагаа үргэлжлүүлэн дипломын ажлаа болгохын зэрэгцээ амьдрах ухаан сургалтын 13 дахь модуль ном болгон хэвлүүлж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргэх том даалгавартай, судалгааны ажлаа идэвхийлэн хийж байна даа

Танай Академи өнгөрсөн жилд 5 дахь жилийнхээ ойгоор улсын хэмжээнд 5 том Академичийг тодруулсан талаар олон сувгаар гарч байсан. Энэ талаар…

– Монголын 3 сая хэрэглэгчдийн төлөөллөөс судалгаа авсаны үндсэн дээрээс хэрэглэгчийн бүтээлийн Академичийг Монголын хөдөлмөрийн баатруудын холбоотой хамтран 2017.11.27–ны өдөр зохион байгуулсан. Эх сайхан орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэрээ оруулж, эгэл олон хэрэглэгч түмэндээ хүндлэгдэх онцгой бүтээлийн эзэд болсон эрхэм 5 хүмүүнд анхдагч “Академич” цолоо хүртээхээр манай удирдах зөвлөлийн гишүүд, эрдмийн зөвлөлийн гишүүд хэлэлцэн баталсан юм. Бурханч лам Г.Пүрэвбат Аглаг бүтээлийн хийд бүтээлээрээ, Жигүүр гранд группын ерөнхийлөгч Д.Баттөр, олон сайхан барилга, байгууламжийг бүтээн босгосоноос БаатарВан амралт сувиллын цогцолбор, Гранд Мед эмнэлэг нь нугасны мэс заслаараа азидаа тэргүүлсэн гэх мэт бүтээлүүдээр нь 5 эрхэмийг тодруулсаныг та бүхэн манай Монголын Хэрэглэгчийн удирдлагын Академи гэсэн фэйсбүүк пэйж хуудас болон academyconsumer.mn сайтаас дэлгэрүүлэн үзэж болно.

-Та өөрийн талаар товч яриач, …таны итгэж явдаг, эрхэмлэдэг зүйлийн талаар сонирхвол

-Би Улаанбаатар хотноо төрж, өссөн. Эцэг эх маань Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүмүүс байдаг. 2 уулаа боловсролын байгууллагад ажилладаг их буянтай хүмүүс бий. Би 10 жилийн 2-р сургуулийг төгссөн. 2005-2009 онд Монгол Дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Улмаар эдийн засгийн ухааны магистрын зэргийг тус сургуульд хамгаалж байсан. Үндсэн мэргэжил дээрээ тулгуурлан санхүүгийн багш болж боловсролын салбарт 8 дахь жилдээ багшлаж байна. Хүний амьдралд хэзээ ч мартагдахгүй дурсамж дүүрэн сайхан үеийг би хувьдаа оюутан ахуй цаг гэж бодож явдаг..Учир нь залуу насны эрч хүч хийж бүтээх хүсэл оргилсон сайхан тэмүүллээр жигүүрлэж байх нь үнэхээр сайхан байж дээ. Суралцахаас гадна олон нийтийн ажилд оролцож өөрийгөө хөгжүүлэх тал дээр идэвхитэй байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл нийгмийн идэвхитэй оюутан байсан л даа. Энэ маань ч өнөөгийн ажил амьдралд тус дэмээ өгч хүнтэй ажиллах аливаа асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нөлөөлж байдаг юм болов уу гэж бодож явдаг . Мэдээж энэ бүхэнд чиглүүлж өгсөн багш нарын минь л ач шүү дээ. Тухайн үед “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг гардаж, оны шилдэг оюутан болж явсан нь энэ бүхний үр шим байж дээ. Өнөө хэр ч Хүмүүнлэгийн ухааны их сургуульд докторантур, англи хэлний багш орчуулагчийн мэргэжлээр суралцаж төгссөн гэх зэргээр ажил ажлыг л амжууулж явна даа. Үүний эцэст би юу хэлэх гээд байна гэхээр “хүн өөрийгөө дайчилж цаг хугацааны эрхшээлд биш цаг хугацааг эрхшээн амьдарч цаг зав бүрийг хөдөлмөрлөж өнгөрөөх нь хүнд нэн ялангуяа залуу хүмүүст хэзээ нэгэн цагт сайн сайхан үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байгаарай гэж залуучууддаа захих гэсэн юм. Хүн завгүй байх тусмаа их зүйлийг амжуулдаг гэдэгт би санал нэг явдаг Энэ бол хөдөлмөр юм. Хөдөлмөрлөх гэдэг нь миний хамгийн үнэт зүйл дээ.

Сонирхдог зүйлсийн тал гэвэл спорт, урлагын сонирхол их бий. Арван жилийн сургуульд байхдаа боксын спортоор хичээллэж байлаа. Өөрийнхөө хэмжээнд хэд хэдэн тэмцээнд оролцож байсан.

-Тун сонирхолтой санагдаж байна. Яагаад боксын спортыг сонгосон юм бэ?

Боксын спорт хатуу чанга мэт харагдавч хүнд тэвчээр хатуужил, төлөв төвшин зан чанарыг эзэмшүүлж чаддаг бусдыг гэхээс илүү өөрийгөө ялах ухаан төлөвшүүлдэг философитой гайхамшигтай спортын төрөл гэж ойлгодог. Хүн бүр олимп дэлхийн аварга болохгүй нь ойлгомжтой ч хүн бүр “хүн” болоход энэ спорт их үүрэг гүйцэтгэдэг нь ойлгогдсон.

Урлагын хувьд яахав ээ өөрт байгаа “нөөцөө” ашиглаж дуулчихнаа инээв Кинонд тоглох нэг завшаан тохиолдож байсан юм байна. Сайн уу, амьдрал минь уран сайхны кинонд рокдуу, зодоонч охины дүрд тоглож байсан.

-Ярилцсанд баярлалаа,  улам их амжилтыг хүсье.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …