Америкийн мужуудын нэрсийн утга учир

Америк хэмээх их гүрэн нийтдээ бие даасан эрх мэдэл, бүхий 50 муж улсаас бүрддэгийг бид мэдэх билээ. Тэгвэл энэ муж улсуудыг нэрлэсэн нэр нь ямар утга илэрхийлдэг, мөн ямар нэр хочтой болох талаар товч тайлбарлая. Юуны өмнө Америкийн муж улсуудад оноосон нэрнүүдийн ихэнх нь этимологийн хувьд индиан гаралтай үг байдаг бөгөөд индианчууд нь олон янзын овог аймагт хуваагддаг аж. Мөн муж улс бүр өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй бөгөөд тэр шинжээрээ хочлогддог юм байна.

Алабама мужийн нэрийг Крийк индианчууд хайрласан ба “төглөөс тодрогчид” гэсэн утгатай. Энэ нутгийн индианчууд модны ургамал цуглуулан нэрж сайхан амттай ундааг хийдэг байжээ. Алабамаг “хөвөнгийн муж” гэж хочилдог. Энэ муж нь хөвөнгийн ургамлыг сөнөөгч шавьж олноороо бий болох хүртэл буюу 1800-1910 он хүртэл хөвөнг их хэмжээгээр тариалдаг байсантай холбоотой.

Аляск гэдэг нь “их газар” гэсэн утгыг илэрхийлдэг ба газар нутгийн хувьд ч АНУ-ын хамгийн том муж буюу Техасын нутгийг хоёр дахин нийлүүлсэнтэй тэнцэнэ гэж үздэг. 1867 онд Аляск мужийг оросуудаас худалдан авсан юм.

Аризона гэдэг нь Папаго индианчуудын нэрлэснээр “жижиг булгууд” гэсэн утгатай. Учир нь тус муж туйлын цөлөрхөг нутагтай байдагтай холбоотой. Аризонаг “сүрлэг хадан хавцал” гэж хочилдог нь хадан хавцал энэ нутагт олон байдагтай холбоотой. Кактус хэмээх ургамал зургаан давхар байшингийн өндөртэй тэнцэхүйц хэмжээгээр ургасан нь энэ мужийн нэг бахархал болдог. Мөн Холбооны улсад элсэх өргөдлөө 1912 оны хоёрдугаар сарын 14 буюу гэгээн Валентины өдөр өгсөн учир “Валентины муж” гэж хочилдог бол нэлээд сүүлд 48 дахь муж болон бүртгүүлсэн учир “Baby state” гэж хочилдог.

Арканзас гэдэг нь “гол дагуух хүмүүс” гэсэн утгатай байдаг нь нутгийн иргэд Арканзас голын дагуу оршин суудагтай холбоотой. “Боломжит газар” гэж хочилсны учир нь газар нутгийн хувьд их олон төрөл хэлбэрээс бүрддэг. Энэ мужид алмазны уурхай байдгаараа онцлог. Түүнчлэн ан агнахад маш тохиромжтой өвөрмөц хутгыг хийдэг учраас түүнийгээ “шүдний чигчлүүр” гэж нэрлэдэг ажээ.

Калифорни үзэсгэлэнтэй, алтаар баялаг, сайхан газар нутагтай учир “алтан муж” гэж хочлогддог. Калифорнид Хойд Америк дахь хамгийн өндөр (2495 “Фүүт) хүрхрээнүүд бүхий Ёозомит парк байдаг бол хамгийн нам дор газар болох (282 фүүт) “үхлийн хөндий” гэж нэрлэгдэх газар бий. Мөн энэ мужид дэлхийн хамгийн өндөр, том мод ургадаг гэж тэмдэглэгдсэн байна.

Колорадо хэмээх нэрийг Испаниуд улаан чулуугаар дүүрэн урсах Колорада голыг бэлгэдэж “улаанаар будсан” гэсэн нэрийг өгчээ. Тусгаар тогтнолын тунхаг бичгийг гаргасны 100 жилийн ойн үеэр тус муж холбооны улсад элссэн учир “100 жилийн ойн муж” гэж хочлохоос гадна мөнгөний орд ихтэй учир “мөнгөн муж” гэж нэрлэгддэг. Мөн Колорадогийн баруун урд хэсэгт Колорадо, Юта, Аризона, Нью Мексик гэсэн дөрвөн муж хиллэдэг учир энэ мужийг дөрвөн булан гэж нэрлэдэг.

Коннектикат мужийн нэрийг “их түрлэгт голын хажууд” гэж Мохиган индианчууд утгачлан буулгасан байна. “Үндсэн хуульт” муж гэж хочилдог нь энэ муж дахь колонийн хууль АНУ-ын Үндсэн хуулийн загвар болсонтой холбоотой.

Флорида 1513 оны ням гаригийн улаан өндөгний баяраар Испанийн булаан эзлэгч Жуан Понсе де Леон цэцэг алагласан нэгэн сайхан эрэг дээр бууж түүнийгээ “цэцэг алагласан улаан өндөг” гэж нэрлэсэн нь одоогийн Флорида муж улсын албан ёсны нэр болжээ. Жилийн ихэнх өдөр нь дулаахан, нарлаг байдаг учир “нарны туяа” гэсэн хоч авчээ. Флорида 1821 онд АНУ Испаниас Флорида мужийг худалдаж авсан юм.

Нэгэн цагт Жеоржиа муж нь Английн колони байсан учир II Жорж хааны нэрээр нэрлэгджээ. Энэ мужийг “тоор” мөн “гоббер” муж гэж хочилдог нь тоор жимсээр элбэг мөн Африкийн Ванту хэлний гоббер буюу газрын самраар баялаг муж юм.

Хавайн арлыг “Алоха” муж гэдэг. Алоха гэдэг нь “хайр” нөгөө талаас сайн байна уу, морил, баяртай гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь нэг ёсондоо нөхөрлөлийг илэрхийлж байна гэсэн үг. 1778 оны нэгдүгээр сарын 20-нд ахмад Кеймс Коок хэмээх англи эр хэний ч гарт хөндөгдөөгүй Полинези үндэстнүүдийн амьдардаг нэгэн аралд буугаад түүнийгээ “сэндвич арал” гэж нэрлэсэн нь экспедицийг санхүүжүүлсэнтэй холбоотой ажээ. Хавай гэдэг нэр нь эрт үед Номхон дөлгөөн далайн нэгэн арлын нэр болох Хавайки гэдэг нэрнээс үүдэлтэй. Хавай нь Холбооны улсын гишүүнээр 50 дахь муж болон 1959 оны наймдугаар сарын 21-нд элсчээ.

Айдахо гэдэг нь Шошоны индианчуудынхаар “нар ууланд ойртож байна” гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн үүрийн гэгээн гэж хэлдэг учир нь үүрээр нар мандахдаа өндөр уулын хярыг дамнан байж тусдаг аж. Айдахо нь том хэмжээтэй, сайхан амт бүхий төмс тариалдгаараа алдартай.

Иллинойс гэдэг нь Иллиний индианчуудынхаар “хүн”, “эр хүн” гэсэн утгатай. “Хээр тал” гэж хочлогддог нь шим тэжээлтэй хөрс бүхий тал хээрээр баялаг газартай юм. Энэ мужийн өөр нэг хоч нь “залгигч” гэж нэрлэсэн нь хил хязгаараа бүрдүүлж байсан тэр үед ирсэн жуулчдад зэгсэн дунд байх хонхор газраас ус яаж залгихыг зааж өгдөг байсантай холбоотой. Тус мужийн Чикаго хотод анх удаа тэнгэр баганадсан барилгын эхлэл болох 10 давхар байшинг анх барьж байжээ.

Охаёо гэдэг нь Сиокс индианчуудынхаар “унтамхай нэгэн” гэж орчуулагддаг. Охаёогийн газар нутгийг хамгаалан тэмцэж амиа алдсан дайчин эр Блэк Хоокийн нэрээр “Хоокийн муж” гэсэн хочийг авсан бол өөр нэг хоч нь “эрдэнэ шишийн муж” гэж нэрлэдэг.

Канзас мужийн утгыг орчуулбал “умрын салхины хүмүүс” гэсэн утгатай. Канзаст маш өндөр наранцэцэг ургадаг учраас “наранцэцэгийн муж”, “улаан буудайн муж”, “Америкийн талхны хөрөнгө” гэсэн хочтой.

Кентаки муж нь Черокий индианчуудынхаар “нуга”, “зүлэг” гэсэн утгатай. “Хөх цэцгэн муж” гэж хочилдог нь жижигхэн хөх цэцгийн дэлбээ талаар нэг тархсан байдагтай холбоотой. Кентаки мужид дэлхий дээр хамгийн уртад тооцогдох хэдэн зуун км газар доогуур урт үргэлжилсэн Мамоф хэмээх агуй байдаг.

Луйзиана 1600-гаад оны үед Францын нэгэн судлаач Луйзана мужийг нээн илрүүлж түүнийгээ тухайн үеийн Францын хаан ХIV Луйсаар нэрлэжээ. 1803 онд Америкчууд Луйзианаг Францаас худалдан авсан байна. Чихрийн нишинги их ургадаг учраас “чихрийн муж” гэж хочлогддог.

Мэриланд 1632 онд Английн хатан хаан Хенрита Мария гүн Балтиморт Мэрилэндийн газар нутгийг шагнал болгон өгсөн юм. Мэрилэндийн цэргүүд эрэлхэг зоригтойгоороо алдартай тул Жорж Вашингтон Мэрилэндчүүдийг “хуучин бууны хугархай” гэж хочилсон байна.

Масачуссетс муж нь “их толгодын дэргэд” гэж орчуулагддаг. Анхны оршин суугчид болох Пилгримчүүд, Пуританууд анх энэ мужид ирж суурьшсан учир “хуучин колони” гэсэн хочтой. Мөн “жигнэсэн шош” гэж хочлогддог нь бямба гариг болгон шош жигнэж иддэг байсан Пуританчуудын шашны уламжлалтай холбоотой.

Мичиган гэдэг нь Алгонкийн индиануудынхаар “их ус” гэсэн утгыг илэрхийлдэг. Чухам энэ газар л дөрвөн том их нуур хоорондоо огтлолцдог болохоор “их нууруудын муж”, “усны гайхамшиг” гэж хочлогддог. Мөн “моторт хот” гэгддэг нь энэ мужид анх удаа 1900-гаад оны үед Детройт хотноо алдарт Форд машиныг анхлан үйлдвэрлэсэнтэй холбоотой.

Миннесота гэдэг нь Сиокс индианчуудынхаар “тэнгэрт туяарсан ус” гэсэн утгатай. Миннесотаг “гофер муж” гэдэг нь энэ нутагт гофер гэж нэрлэгддэг судалтай хэрэм ихээр тархсантай холбоотой. 1800-гаад оны сүүл үеэс Герман, Норвеги, Шведийн олон цагаач энэ мужид суурьшиж улаан буудай ихээр тариалж фермжүүлж эхэлсэн нь “талх маслоны нутаг” гэсэн хочийг хүртэхэд хүргэжээ .

Миссисипи нь индианаар “их ус” гэсэн утгатай. “Замбага цэцгийн муж” гэж дуудахаас гадна Миссисипи голд мууран загас хэмээх муур шиг сахалтай нэгэн төрлийн загас шаварт хөлбөрөн амьдардаг тул “шаварт мууран загасны муж” гэж нэрлэгддэг.

Миссури муж нь голынхоо нэрээр нэрлэгдсэн байх агаад “урт каноэ загасны хүмүүс” гэсэн утгыг илтгэдэг. “Надад нутгаа үзүүлээч” гэсэн өвөрмөц хочийг авсан явдал нь Конгресс дахь ардчилсан намын гишүүн Уйлям Вандивер конгрессын хурал дээр би бол эрдэнэ шиш, хөвөн даавуу ихээр ургадаг баян мужаас ирсэн хэмээн бардмаар хэлсэн явдал нь энэ хочийг зүүхэд хүргэжээ.

Монтана чулуурхаг уул болон тал хээр хосолсон Монтана мужийн нэр нь “уул” гэсэн испани үг юм. Газар нутгийн хэмжээгээрээ Аляск, Техас, Калифорнийн дараагаар орох Америкийн дөрөв дэх том муж бөгөөд газрын дор их баялагтай учир “үүц буюу эрдэнэсийн муж” гэсэн хочтой.

Небраска гэдэг нь Ото индианчуудынхаар “дан ус” гэсэн утгатай. Эдүгээ хүртэл эрдэнэ шиш нь энэ мужийн гол ургац учир “эрдэнэ шиш” гэсэн хочтой.

Невада гэдэг нь “цасанд хучигдсан” гэсэн утгатай испани үг бөгөөд энэ мужийн ихэнх хэсгээр цайвар ногоон өнгийн дов сондуул цэг мэт тархсан байдаг тул “зэвхий ногоон” гэсэн хочтойгоос гадна “мөнгөн муж”, мөн иргэний дайны үед 1864 оны 10 сарын 31-ний өдөр Холбооны улсад элссэн тул “дайнаар төрсөн муж” гэж хэлэгддэг.

Нью-Жерси Ла Маншийн хоолой дахь Жерси арлын амбан захирагч Жорж Картерет Нью Жерсийн газар нутгийг Америкт бэлэг болгон өгсөн учир энэ нэрээрээ нэрлэгдэх болжээ. “Цэцэрлэгт муж” гэж хочилдог нь ногооны талбай, жимсний цэцэрлэг их байдагтай холбоотой ажээ.

 

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …