Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн одон медалиар шагнагдсан алдартан гавьяатнуудын шагнал одон тэмдэгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр Нийслэлийн төр захиргааны байрны А танхимд гардуулан өглөө.
Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, цол тэмдэгээр шагнагдсан гавьяатнуудад хандаж НИТХ-ын дарга С.Амарсайхан “Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн одон медалиар шагнуулсан, хөдөлмөр бүтээлээ төр засгаараа үнэлүүлсэн та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс болон нийслэлийн төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс баяр хүргээд айлчлан ирж байгаа нохой жилдээ ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн дээдийг ерөөж, айл хотлоороо, ахан дүүсээрээ сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе” гэлээ.