Дэлхийн хоёрдугаар дайн дуусах дөхөж, фашист герман ялагдах нь тодорхой болсон үед АНУ/Английн цэргүүд хамтран германы нисэх хүчин Люфтваффын авч цуглуулсан гэрэл зургийн архивыг хайж олох зорилгоор маш нууц “Dick Tracy” нэртэй тусгай ажиллагаа явуулжээ. Тухайн үед герман улс технологийн хувьд илт давуу байсан нь олон зүйл дээр харагддаг. Түүний нэг нь нисэх онгоцноос гэрэл зураг буулгах арга техник, зургийн аппарат, дуран, зураг боловсруулах процесс байсан ба энэ чиглэлд тун өндөр түвшинд хүрч хөгжсөн байлаа.
Байлдааны ажиллагааг төлөвлөх, удирдаж явуулахад тухайн газар орныг бодит байдлаар нь харуулсан агаарын зурагнууд үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм. Тийм учраас германчуудын гэрэл зургийн архивыг зөвлөлтүүд олохоос түрүүлж олох явдал нь маш чухал байв. Дайны үед зөвлөлт, америк, английн цэргийнхэн агаарын тагнуул хийж, зураг авч, бичлэг хийдэг байсан хэдий ч германчууд тэдний хажууд жинхэнэ мэргэжлийн болоод тун шаргуу ажилладгаараа ялгарч байжээ. Германчууд маш олон тагнуул/байлдааны нислэг үйлдэж, олон мянган зураг авч, бичлэг хийсний ихэнхийг нь зүүн фронт буюу зөвлөлтийн нийт нутаг дэвсгэрийн дөрөвний гуравтай тэнцэх хэмжээний газрын зургийг хальсанд буулгасан байдаг. Чухам үнэ цэнэтэй зүйл бэлэн байгаа учраас л барууныхан олзуурхаж онцгой ач холбогдол өгч тусгай баг гарган хайлгаад байсан хэрэг.
Ямартай ч “Dick Tracy” ажиллагааны тусгай бүлэг маш шуурхай ажилласны үр дүнд германы фото зургийн архивыг Австри, Германы хил дээрх Бад Рейченхолл гэдэг нэртэй жижиг тосгоны малын саравчинд өвсөн дотор нуусан байсныг олсон байдаг. Тэнд олон арван төмөр хайрцгуудад 800 мянга гаруй агаарын зургийг нямбайлан хийсэн байлаа. Эдгээр зургуудыг Берлин дэхь Люфтваффын төв штабт байрлаж байсан гэрэл зургийн алба голлон 1940-1944 онуудад авсан ба зарим зурагнуудыг 1938 оноос өмнө авчээ.
Ерөнхийдөө америк, англичуудын гарт германчуудын авсан хойд зүгт Норвеги хүртэл, өмнөд зүгт африкийн төв Судан хүртэл, зүүн зүгт Сибирь, баруун зүгт Иранаас Марроко хүртэл газар нутгийг багтаасан ойролцоогоор 1,4 сая ширхэг фото зураг оржээ. Маш их цаг хугацаа, хөрөнгө, цэргийн амь нас, хүч хөдөлмөр, зориг, тэвчээр шаардсан ажлыг ингээд үнэгүй олоод авдаг. Энэ бүх материалыг 8 үндсэн хэсэгт хуваадаг ба “GX” ангилалд багтдаг 1,209,520 зураг, 57,600 ширхэг бичлэгийн хальсийг АНУ-ын Мариланд дахь Үндэсний архивын газарт хадгалж байна. Энэ бүх материалыг америк/английн тагнуулыг байгууллагууд судлаж дуусгахад 20 жилийн хугацаа шаардсан гэдэг. 1978 онд эдгээр зурагнуудыг нууцын жагсаалтаас гаргасан байна. Мэдээж Америкийн тагнуулын албад ЗХУ-ыг судлах ажилдаа энэхүү зурагнуудыг маш сайн ашиглаж байв. Тухайлбал Москва хотын бүрэн хэмжээний газрын зургийг гаргахдаа германы фото зурагнуудыг ашигласан гэнэ.
Р. Энхболд