МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө Эх орончдын өдөр, МАН-ын 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.Энэ үеэр таны дэвшүүлсэн мэндчилгээнээс МАН бол Азидаа анхны нам юм байна гэж ойлгосон. Зөв үү?
-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчид, МАН-ын гишүүд, дэмжигчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе.Асуултын хувьд гэвэл, Азид биш Төв Азидаа анхны нам гэдгийг би мэндчилгээндээ дурьдсан л даа.Энэтхэгийн Үндэсний конгресс нам 1885 онд байгуулагдсан гэдэг.Магадгүй, Азидаа анхны нам нь тэр байх.
МАН-ын хувьд бол Төв Азидаа анхныхад тооцогдоно.Консулын дэнжийн болон Хүрээний гэсэн хоёр нууц бүлгэм байсан.Тэдгээр бүлгэмийнхэн нэг зорилготойгоо мэдэж ойлголцсоноор 1920 оны зургаадугаар сарын 25-нд нууц хуралдаан хийж, Монгол Ардын Нам хэмээх улс төрийн байгууллага байгуулсан гэж түүхэнд бичсэн байдаг. Үүнээс хойш гадаад улс орнуудад хандсан бичиг, дотооддоо хандсан зарлал тунхаг гээд бүх л баримт бичигт “Монгол Ардын Нам” гэсэн нэрийг хэрэглэсэн байдаг юм билээ.
Харин 1921 оны гуравдугаар сарын 1 бол МАН байгуулагдсаныг албан ёсоор баталгаажуулсан өдөр. 1921 оны гуравдугаар сарын 1-3-ны хооронд гурван өдрийн турш Дээд Шивээд хуралдсан Анхдугаар их хурлын хоёр дахь өдөр “Ардын журамт цэргийн хэргийг захирах газар”-ыг байгуулж, жанжнаар нь Д.Сүхбаатарыг томилсон бол гурав дахь өдрийн хуралдаанаар Намын төв хороог С.Данзан, Д.Лосол, Ц.Дамбадорж нарын гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Намын даргаар Солийн Данзанг сонгосон талаар түүхэнд бичиж үлдээсэн байдаг.
Мөн энэ хурлаас намын мөрийн хөтөлбөрийг баталж, Монголын ард түмэнд хандсан тунхаг бичиг гаргасан.Намын бүтэц зохион байгуулалт, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталсан Их хурал эхэлсэн өдрийг МАН-ын байгуулагдсан өдөр гэж тооцож ирсэн юм.
-Та түүх сайн мэдэх юм аа?
-Эгнээнд нь багтаж, удирдалцаж яваа намынхаа түүхийг өөрийн хэмжээнд мэдэлгүй яахав.Монголын түүх, намын түүхийн хэдэн боть ном бий.Цаг зав гарсан үед эргүүлж харна аа, харна.
-“МАН-ын түүх бол эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм” гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая илтгэлдээ дурьдана лээ?
-Ардын хувьсгалын өмнөх Монголын байдлыг гаднынхан дүгнэж бичихдээ бараг л мөхөж буй улс үндэстэн гэсэн байдгийг бодвол та уншсан байх. Таны асуусан намын дарга У.Хүрэлсүхийн илтгэлээс ганц нэг тоо баримт хэлэхэд, Монгол Улс 1918 онд 542 мянган хүн амтай байсан бол өнөөдөр гурван сая 200 мянгад хүрч, зургаа дахин өссөн байна.
Монгол хүний дундаж наслалт хэд байсныг мэдэх үү, 35 гэж бичсэн байдаг юм шүү дээ.Харин өнөөдөр хоёр дахин нэмэгджээ. Шинэ үйлдвэр завод, хот суурин, орчин үеийн сургууль цэцэрлэг, техникийн ололт дэвшил… Энэ бүгдийг манай нам улс орныг удирдахдаа бий болгосныг хэн ч үгүйсгэж чадахгүй.
-“Намынхаа зөвхөн амжилтыг өмчлөөд алдааг нь мартдаг. Хэлмэгдүүлэлтийн төлөө ядаж уучлалт гуйчихгүй юм” гэсэн шүүмжлэл МАН-ын удирдлагыг их чиглэдэг. Сая ч тойрсонгүй. Сошиалд иймэрхүү агуулгатай зүйл харагдаж байсан?
-Гавьяаг нь өмчлөөд гайг нь мартагнуулаад байгаа юм байхгүй ээ.Амжилт, алдаа аль аль нь Монголын ч, МАН-ын ч түүх.Коминтерний шууд оролцоо заавраар өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгийг Монголын ард түмэн амссан.МАН ч олон мянган гишүүнээ хэлмэгдүүлэлтэд алдсан.Түүхийн энэ гашуун алдааг таслан зогсоож чадаагүй, хүчин мөхсөдсөнийхөө төлөө манай намын үе үеийн удирдлага ард түмнээсээ, хэлмэгдсэн хүмүүс, тэдний үр хойчоос уучлал гуйж байсан.
Тухайлбал, 2011 онд намын 90 жилийн ойгоор МАН-ын дарга С.Батболд эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч байсныг хүмүүс санаж байгаа байх. Уучлал гуйлаа гээд урьдах гашуун түүх алга болчихгүй. Гэхдээ улс төрийн намуудад ийм ёс зүй байх ёстой. Улстөрчид ч ялгаагүй. Алдаа гаргавал уучлал гуйдаг, хариуцлагаа хүлээдэг байх нь шударга ёсонд ч, хүний ёсонд ч нийцнэ.Улс орноо сүйрүүлж, дампуурал зарлах хэмжээнд авааччихаад уучлал гуйхын оронд улс төр хийж, олон нийтийг бужигнуулаад байж болохгүй шүү дээ.
-Та Ардчилсан намынхныг хэлж байна уу?
-Ганцхан жишээ л дээ.Өмнөх дөрвөн жил эрх барьсан, хамтралцсан намууд өнөөдөр энхийн цагаан тагтаа шиг л бүхнийг шүүмжлээд явааг хараад Монголын улстөрчид, намууд шинэчлэгдэх шаардлагатай болжээ гэж боддог.Ардчилсан намд итгэл хүлээлгээд ард түмэн сонгодог.Өнөөдүүл нь гарч ирээд дөрвөн жил самарчихаад яваад өгдөг.
Тэрнийг нь МАН гарч ирж засдаг жишиг тогтох гээд байгаа юм уу, хоёр ч удаа ийм зүйл боллоо шүү дээ.Эдийн засаг нь 17 хувийн өсөлттэй байсан улс орныг хүлээж авсан мөртлөө дөрвөн жилийн дараа элгээр нь хэвтүүлчихээд өгсөн улс өнөөдөр “Амьдрал болохоо байлаа, Ардын нам болохгүй байна” гэж яриад байна. Бүр иргэдийг элдэв тэмцэлд уриалж, түрүүчээсээ жагсаал цуглаан зохион байгуулж байна. Ямар ч их мөнгөтэй юм.
Эрх барьж байгаа, 65 гишүүнтэй хэрнээ л манай нам үйл ажиллагаагаа хэвийн явуулах гэж санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байхад сөрөг хүчин мөнгөөр жагсаал зохион байгуулаад, намын хороод, үүрүүдээрээ дамжуулж мөнгө төгрөг тараагаад л байгаа дуулддаг. Их л бийлэгжүү харагдаад байгаа шүү. Бид ч гэсэн ингээд л өрсөлдөгч намууд руугаа үг шидээд шүүмжлээд байвал чадна. Тэд маань өнгөрсөн хугацаанд ярих хэлэх юм сайн гаргаж өгсөн болохоор бүр ч илүү чадах байх. /инээв/
“Дэлхий дээр Монгол гэж ганцхан улс бий. МАН-ын юм уу, Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй” хэмээн У.Хүрэлсүх дарга илтгэлдээ сануулсан. Улс орныхоо эрх ашгийг эхэнд нь тавья, эдний намын хийсэн ажил учраас муу, өөр намынхны санаачилсан хууль учраас муухай гэдэг байдлаар юм бүхэнд талцаж хуваагдсан байр сууринаас хандахаа больё гэж манай намын зүгээс уриалж байгаа юм. Өнөөдөр дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байна.Нэг нь эхлээд ингэж уриалаад, бусдыгаа шинэ соёл, шинэчлэлд дуудахгүй бол намуудад хуваагдсан Монгол Улс болчих гээд байгааг нуух хэрэггүй. “Монгол Улс хөгжихгүй, иргэд нь ядруухан амьдраад байгаагийн шалтгаан бол нийт монголчуудын алдаа гэхээсээ, сүүлийн 20 гаруй жилд улсаа удирдсан улстөрчид бидний хариуцлагагүй, улс төрийн намууд, харалган бодлоготой, эв нэгдэлгүй, эх орноо гэсэн сэтгэл дутсаных юм” гэж МАН-ын дарга хэлсэн. Үүнтэй би санал нэг байна.Улс төрийн намуудын өнөөгийн байдлыг өөрчлөхгүйгээр цааш явахад хэцүү боллоо.Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх үүрэгтэй намууд маань өөрсдөө хөгжлийн дөнгө болчихоод байна.
-Тэгвэл намуудыг яаж шинэчлэх ёстой юм бэ?
-Юуны өмнө бид дэлхий дахины улс төрийн намуудын хөгжлийн хандлагыг дагах ёстой. XXI зууны дэлхийн хөгжлийн чиг хандлага, мэдээллийн технологи нь улс төрийн намуудын хуучин бүтэц, арга барилыг нэлээд өөрчилж байх шиг байна. Бид хамтын ажиллагаатай ХБНГУ, Их Британи зэрэг Европын улсын намын удирдлагуудтай уулзаж туршлага солилцдог. Энэ явцад зөвхөн манай намуудад төдийгүй дэлхийн хөгжингүй улсуудын намуудад ч адилхан учирч буй бэрхшээл гэх юм уу сорилт тулгарч байгааг анзаарч байна. Энэ бол иргэд улс төрөөс хүнийсэх, улс төрийн намд итгэх итгэл буурч байгаа явдал юм.
Ялангуяа Европын томоохон намууд болох Германы Социал демократ нам, Их Британий Лейборист намын гишүүнчлэл буурч байна. Мөн сошиал сүлжээний нөлөөгөөр иргэдийн дунд үндсэрхэг хандлага, туйлшрах үзэл газар авч байна гэж Германы улстөрчид үзэж байгаа нь Монголд ч мөн тодорхой хэмжээнд илэрч байгаа юм. Тийм учраас дэлхийн намууд сонгогчидтой харилцаа холбоо тогтоох, үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэх арга хэмжээ авч байна.
Мөн манай намуудад тулгамдаж буй нэг асуудал бол санхүүжилт. Энэ талаар дэлхийн бусад улс ямар зохицуулалт хийдэг, манай намууд яаж санхүүжилтээ ил тод, хэсэг бүлгийн нөлөөнөөс ангид болгох вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Ингэхдээ мэдээж бусад улсын жишгийг шууд хуулбарлах биш, Монголын нөхцөлд нутагшуулах боломжтой туршлага, жишгийг авч хэрэглэх нь зөв байх. Эхлээд намууд дотооддоо шинэчлэгдээд, дараа нь хамтын ажиллагаандаа ч шинэ салхи оруулах хэрэгтэй юм шиг. Тухайлбал, намууд хамтарч ажиллана гэхээр л хуйвалддаг, наймаалцдаг гэсэн ойлголт нийгэмд тогтсон байна. Улстөрчид нь ч хамтаръя, уулзъя, ярилцъя гэхээрээ нэг иймэрхүү сэтгэлгээтэй л орж ирэх. Тиймээс эхлээд энэ хандлагаа өөрчилье, “Намууд хамтран ажиллана гэдэг бол эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх юм шүү” л гэж хэлээд, уриалаад байгаа юм.
-Намын дотооддоо ямар шинэчлэл үгүйлэгдэж байна вэ?
-МАН-ыг хаалттай, удаан, ил тод биш гэж олон нийт шүүмжилдэг. Үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ухаалаг, хурдтай болохоос л эхэлнэ дээ. Наад зах нь намын төв байр буюу Тусгаар тогтнолын ордон зөвхөн сонгуулиар биш байнга л намын гишүүд дэмжигчид, иргэд олон нийт бужигнаж байдаг газар болно. Залуучууд орж гардаг, нэг давхарт нь суугаад уулзаж ярилцдаг, хичээл номоо ч хийдэг тийм орчныг бүрдүүлье гэж бодож байна. Гишүүдийн бүртгэлээ ч цэгцэлж, шинэчлээд авъя. Энэ чиглэлд ажлаа эхлээд явж байна. Манай нам эрх барьж буй нам. Тийм болохоор төрийн бодлого шийдвэр гаргахдаа иргэдийн санаа бодлыг сонсдог, тусгадаг байягэж зорьж байна. Энэ сарын дундаас эхлээд би хөдөө орон нутгаар явна. Энэ жилдээ багтаад бид бүх аймаг, сумаар очиж, намын анхан шатны байгууллагынхантайгаа уулзана.Намын дарга ч мөн ирэх сараас хөдөө орон нутагт ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жилийг бид намын анхан шатны байгууллагуудаа идэвхжүүлэх жил болгон зарласан. Аль болох иргэддээ хүрч, тэднийхээ үгийг сонсдог байхыг хичээж байна.
Бид 2020 онд шинэ сонгогчидтой нүүр тулна. 2000, 2001, 2002 онд төрсөн хүүхдүүд 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгөх гэж байна. Тэд Ардын хувьсгалыг болон манай намын бусад түүхэн гавьяа зүтгэлийг мэдэхгүй. Тэр ч байтугай 1990 оноос эхэлсэн ардчилсан өөрчлөлтийн учир утгыг ч төдийлөн сайн мэдэхгүй нийгмийн бүлэг. Тийм учраас МАН-д ч тэр, Ардчилсан намд ч тэр энэ шинэ сонгогчдыг татах ямар бодлого, хөтөлбөр явуулах вэ гэдэг асуудал тулгарна. Энэ шинэ сонгогчид дээр нэмэгдээд 1980-аад оноос хойш төрсөн “millennials” гэж дэлхий дахинд нэрлэгдээд байгаа “шинэ үеийнхэн” орж ирж байгаа.
Өнгөрсөн сонгуулиудын дүнг харахад сонгуулийн идэвх хамгийн доогуур насныхан бол 35 хүртэлх насныхан буюу “шинэ үеийнхэн” байдаг. Тэгвэл улс төрийн намууд яаж энэ шинэ үеийнхнийг татах вэ.Монголын ирээдүйг авч явах энэ шинэ сонгогчид, залуу үе маань юуг хүсэн хүлээж байна. Тэдний маань үнэт зүйл, хандлага юу байна гэдгийг бид судалж хөгжлийн бодлогодоо тусгах хэрэгтэй болж байна. Намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж яваа хүний хувьд гарч ирж буй шинэ үе, залуучуудад намаа таниулах, болж өгвөл үйл ажиллагаандаа оролцуулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэйг анзаарч байна. Намын анхан шатны байгууллага, намын үүрүүдэд залуу гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхээс эхлээд бодож төлөвлөж байгаа, хийх ёстой ажил их байна, хийнэ дээ.
-“Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд төлбөр төлөх шийдвэрийг Арбитрын шүүх гаргалаа. Өмнө нь бол Ш.Батхүү гэж хүн “Эрдэнэт” үйлдвэр болон зарим албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, баталгаа болгон зээл авсан гэж ойлгож байсан.Гэвч Стандарт банкнаас авсан зээл “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар дамжин, “Жаст” компани руу гарсан нь тодорхой болж байх шиг байна. Энэ асуудал МАН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа нь тодорхой.
-Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоогоод, хуулийн дагуу асуудлаа шийдээсэй л гэсэн байр суурьтай байгаа. Манай нам олон зуун мянган гишүүнтэй. Тэдний дотор сайн нь ч, муу нь ч бий. Айл гэрт хүртэл хүүхдүүд нь янз бүр л байдаг биз дээ. Түүнтэй адил зүйл. МАН-ын нэг гишүүн хэл аманд орооцолдож, хэрэг төвөгт холбогдлоо гэхэд намын нэр хүндэд сайнаар тусахгүй нь лав. Тэглээ гээд МАН хууль зөрчсөн, асуудалд орсон хүмүүсийг өмөөрч хаацайлахгүй. Ардын нам Монгол Улсын ууган нам. Бас эрх барьж буй нам. Тиймээс илүү хариуцлагатай, илүү ёс зүйтэй байж, бусад намд сайны манлайлал болох ёстой. У.Хүрэлсүх дарга Эх орончдын өдөр тавьсан илтгэлдээ энэ тухай тодорхой хэлсэн. Өмнө нь албан тушаалтнууд хэрэг төвөгт нэр холбогдоход “Намын нэр хүнд унана гэсэн байдлаар буруугүй гэж ойлгуулах гэж хичээдэг, өмгөөлж хамгаалах гэж оролддог” байдал бүх л намд анзаарагддаг байсан. Ардчилсан намд, МАХН-д ийм байдал бүр илүү ч анзаарагдаж ирсэн.
Хэрэгт шалгагдаад ирэнгүүтээ Ардчилсан намд элсээд авралд нь багтчихдаг, шүүхээс ял өгчихөөд байхад намынхан нь өмгөөлж хамгаалаад, ийм зорилготой их бага тэмцэл, хэвлэлийн хурал хийхээс өөр ажилгүй байсан цаг саяхных шүү дээ. Үүнийгээ намууд одоо больё. Алийн болгон хууль зөрчиж, хуудуутай зүйлд орооцолдчихоод намын нэр дор нуугдах юм бэ. Хууль зөрчсөн, сахилга хариуцлага алдсан бол манай нам лав намын гишүүн гэж онцгойлон өмгөөлж хамгаалахгүй.Үүнийг намаас итгэл хүлээж албан тушаалд томилогдсон, ажилтай албатай болсон нөхөд сайн ойлгох хэрэгтэй.Гэхдээ нөгөө талдаа бас шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй байхад нь сошиалын мэдээгээр дүгнэж буруутгадаг, нийгмээрээ яллаж дэвсэлдэг байдлаа ч өөрчилмөөр байна.Эрдэнэтийн хувьд нийгэмд яриад байгаачлан 51, 49 хувь гэсэн зүйл байхгүй шүү дээ.
Нэг Монгол байдаг гэдэг шиг нэг л “Эрдэнэт” бий. Стандарт банктай холбоотой асуудал дээр ч, 49 хувийг авсан асуудал дээр ч хууль бус зүйл болжээ л гэж би харж байгаа. 49 хувийг Монголд авчирсан нь сайн. Гэхдээ Худалдаа хөгжлийн банк нэг хүнд өөрийнхөө дүрмийн сангаас ч хэтэрсэн хэмжээний зээл олгосноос эхлээд авах процестоо хууль зөрчсөн, илт луйврын шинжтэй өч төчнөөн асуудал бий. Тэр бүгдийг шалгаж тогтоогоод, хуулийн дагуу шийдээд явах нь л зөв. Хүний өөрийн, танай манай нам гэж өөр хандах хэрэггүй. Ер нь тэгээд иймэрхүү асуудалд хууль шүүхийн байгууллагынхан шударга, шуурхай ажилладаг баймаар байгаа юм. Хуулийн байгууллагуудыг шударга байлгах тал дээр Ерөнхийлөгч илүү анхаарах ёстой юм шиг санагддаг.
-Намын эв нэгдлийн талаар таниас асуумаар байна. УИХ дахь намын бүлгийн гишүүд дотроо хуваагдаж хуралдах дээрээ тултал нам дотор үл ойлголцох байдал үүссэн. Одоо энэ хагарал арилсан уу?
-Арилахгүй гээд яах билээ. Арилах ёстой. Арилгах ч ёстой. Намын XXVIII Их хурлаар асуудлаа сайн ярьж авсан. Одоо нэг зүгт хараад, хамтдаа зүтгэх цаг. Намынхаа 100 жилийн ойг хийсэн ажилтай, хэлэх үгтэй, өөрөөр хэлбэл ялалттай угтах ёстой биз дээ. Хэрвээ тэгж бодож л байгаа бол үлдсэн бага хугацаанд эв нэгдэлтэй, бодлого шийдэлтэй, зоригтой хурдтай ажиллахаас өөр арга бидэнд байхгүй. Би нэг зүйлийг зориуд хэлье гэж бодлоо. Намыг сайн сайхан байлгах, эв нэгдлийг хангах зөвхөн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн ажил биш ээ. Намын нийт гишүүдийн санаа тавих, оролцох асуудал.
Ялангуяа УИХ-ын гишүүд маань илүү идэвх, манлайлалтай байх хэрэгтэй. Намаас нэр дэвшиж, итгэл хүлээж албан тушаалд томилогдчихоод намаа мартчихдаг байж таарахгүй биз дээ. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын гишүүд дотор маань намынхаа ажилд идэвхтэй оролцдог хэсэг байхад огт ирдэггүй, дэмждэггүй нөхөд бас бий. УИХ-ын гишүүд, шат шатны Иргэдийн хурлын төлөөлөгчдийн намын ажлын оролцоог нам дээр бүртгэж, тодорхой аргачлалаар тооцож, дүгнэж байна.
Дөрвөн жил намтай холбоогүй, дөлж зугтах шахам байснаа сонгууль ойртохоор инээгээд хүрээд ирэх бол муухай зан. Намын эв нэгдлийн тал дээр нэмээд хэлэхэд, энэ намыг удирдаж, удирдалцаж байсан, энэ намаас албан тушаалд томилогдсон хүмүүс бүр ч илүү санаа тавьж, гар бие оролцох ёстой. Туулж ирсэн намтар түүхээ бодсон ч, жудаг зангаргаа бодсон ч тэд маань илүү нөлөөтэй, оролцоотой байхаас болохгүй.
-УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Улс төрийн намын тухай хуулийн талаар МАН ямар байр суурьтай байна вэ?
-Дээр ярьсан намуудын зөв хамтын ажиллагаа одоо эндээс эхлэх хэрэгтэй. Намууд өнгөрсөн 28 жилд өөрсдийн бодит байдлаасаа дүгнэлт хийгээд, тогтолцоондоо байгаа гажуудлаа энэ хуулийн шинэчлэлээр засаад авъя л даа. Тиймээс бүх нам энд идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын тухайд бодлоо хэлэхэд, намуудыг илүү хариуцлагатай, үзэл баримтлал, үнэт зүйлдээ тулгуурласан бодлого явуулдаг, санхүүгийн хувьд хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид болгох чиглэлээр нааштай өөрчлөлтүүд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Товчхондоо, улс төрийн намууд гудамжны тэмцэгч, нийгмээ хагаралд уриалан дуудагч, хөгжлийг гацаагч нам бус бодлогын нам болох ёстой.
-Намууд бодлогын нам болох ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Улс үндэстнүүд хөгжиж дэвшихийн тулд өөрийн стратеги, бодлогоо боловсруулж байж гэмээ нь амжилтанд хүрдгийг түүх нотолж байна. МАН ч үндэслэл судалгаатай тодорхой зорилт, бодлого дэвшүүлж ажилласны үр дүнд XX зууны Монголыг бий болгосон. Харамсалтай нь бид шилжилтийн гэх энэ үед бодлого гаргадаг суурь бүтэц механизмаа шинэ нийгэмдээ зохицуулан авч үлдэж чадсангүй. Аль ч улс төрийн хүчин өнөө маргаашийн аар саар улс төрдөө хий эргээд хүчээ барж байгаа. Энэ доголдол өнөөдөр нэгэнт ил тод болсныг олон нийт ярьж шүүмжилж байна. Үүнийг мэдэрч, хийж, зохион байгуулж байж XXI зуунд бид амжилт олно, хөгжинө, МАН улс төрийн манлайллаа хэрэгжүүлж чадна.
Дэлхийн улсуудын намын хөгжлийн чиг хандлагыг харахад нам бол хөгжлийн бодлого боловсруулагч институт гэдэг чиглэл рүү явж байна. Улс төрийн намууд дэргэдээ Тинк танк төвүүдийг ажиллуулж, эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдийн өндөр төвшинд боловсруулсан стратеги, хөтөлбөрүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Үзэл баримтлал үнэт зүйлсээ олон нийтэд сурталчилж, иргэдийн улс төрийн боловсролд ихээхэн анхаардаг болж байна. Энэ бүх үйл явцын үр дүнд улс төрийн нам бодлогын нам буюу бодлого боловсруулагч институт болж байгаа юм.
МАН-ын хувьд өнөө маргаашийн ашиг хонжоо, сонгуулийг баримжаалсан бус судалгаанд суурилсан, алсын хараатай, ирээдүйд чиглэсэн хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийг эрмэлзэж ирсэн. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлнэ. Энэ чиглэлээр МАН бусад намтай харьцуулахад ихээхэн ажил хийж ирсэн, Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдээ боловсруулан хэрэгжүүлж буй анхны улс төрийн нам бол МАН. Харин хэрэгжилтийг үнэлэх, хариуцлага тооцох тал дээр учир дутагдалтай байсаар байна.
МАН бодлого боловсруулах чадвараа сайжруулахын тулд гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, намын судалгаа шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх, технологийн амжилтыг намын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Цаашдаа XXI зууны нээлттэй, ухаалаг нам болно гэж зорьж байгаа.
Ганцхан МАН шинэчлэгдээд зогсохгүй бусдыгаа ч шинэчлэгдээсэй гэж хүсч уриалж, улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар гишүүд, эрдэмтэн судлаачид, бусад улс төрийн намуудтай цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг ч хийж эхлээд байна. Улс төрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйлсээрээ өрсөлддөг, тэндээ тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг, олныг татдаг тэр жишиг рүү явъя. Түүнээс биш либераль бодлоготой нам гэж зарлачихаад олон нийтийг татахын тулд суурь зарчмаасаа тэс өөр амлалт өгөөд явж болохгүй.