Хайку, хайц шүлэгчдийн “ХЯЗГААРААС ЦААШ” бүлгийн нэрэмжит Намрын кукай буюу хайкун уралдаанд хайку сонирхогчдыг урьж байна. Кукай гэдэг нь өөрийн дэг журамтай хайкун уламжлалт уралдаан юм. Бид Монголд кукайг анх удаа дэг журмынх нь дагуу зохион байгуулж байна. Нэг оролцогч “Намар” сэдвээр бичсэн, өмнө нь ямар нэгэн хэлбэрээр нийтлэгдээгүй, нэг хайкуг илгээх бөгөөд хайкуд намар гэсэн үг орсон байх албагүй. Уралдаанд оролцох хайку нь байгаль улирлыг илэрхийлэх үг буюу киготой, урт богино урт хэлбэртэй, кирежи буюу зохиогчийн дотоод хэмнэлийг илэрхийлсэн зураас (-) буюу гурван цэг (…)-тэй, уншигчдад сэтгэн бодох, урнаар сэтгэх орон зайг үлдээсэн таавартай байх ёстой. Жишээ нь:
зөөлөн салхинд
өвсний бүжиглэх чимээ-
намрын үдэш
Батсуурийн Бүрэнбилэг
Оролцогч хайкугаа mongoliankukai@gmail.com хаяг руу илгээх бөгөөд овог нэр, оршин суугаа хотынхоо нэрийг дор нь бичиж явуулна.
Уралдааныг дүгнэх журам: Зохион байгуулагчид уралдаанд ирсэн хайкуг зохиогчын нэргүйгээр жагсаан, оролцогчдод мейлээр илгээнэ. Нэг оролцогч 6 онооны эрхтэй бөгөөд хамгийн сайн гэж үзсэн хайкунд 6 оноогоо хуваарилж өгнө. Жишээ нь:
№15- 3 оноо
№ 56- 2 оноо
№23- 1 оноо
Нэг хайкунд 3-аас дээш оноо өгөхгүй бөгөөд оролцогч өөрийнхөө хайкунд оноо өгөхгүй. Оноогоо явуулахдаа мөн овог нэр, оршин суудаг хотынхоо нэрийг бичээрэй.
Оролцогчдын явуулсан онооны нийлбэрээр хайкун дүнг гаргах ба хамгийн олон оноо авсан дарааллаар байр эзлүүлж дүгнэнэ. Уралдаанд оролцох хайкуг 2013 оны 9 сарын 21-нээс 10 сарын 02 хүртэл хугацаанд mongoliankukai@gmail.com хаягаар хүлээж авна.
Хайкуг хүлээж авсаны дараа кукай зохион байгуулагчын зүгээс мейлээр хариу илгээх ба оролцогчид хариу явуулахдаа хугацаа хожимдохгүйг хүсье.
Санал өгөх хугацаа 10 сарын 3-аас 10 сарын 15 хүртэл хугацаанд байна.
Эхний 3 байр эзэлсэн оролцогчдыг цахим сертификат, номоор шагнах бөгөөд нийт уралдаанд оролцогчдын хайкуг “Хязгаараас цааш” бүлгийн блогт нийтлэнэ. Онооны дарааллаар эхний 10 хайкуг бүлгийн цахим сэтгүүлд нийтлэнэ.
Цаашид кукайг уламжлал болгон явуулах ба оролцохыг хүссэн бүх хүнд нээлттэй.