Нэхүүн үнэр тарааж, харшил үүсгэгч шарилж өвсийг үндсээр нь сугалж байж дахин ургахгүй болгодог. Энэ ажлын манай ТҮК-ийнхан маш сайн хийж байгаа учраас нийслэлийн шарилжны харшилтангууд сэтгэл амар хотын гудмаар алхаж байгаа болов уу.
Тэгвэл төрд байгаа шарилжийг хэрхэн устгах вэ. Эсвэл хэн устгах вэ.
Төрийн албан тушаалыг лангуун дээр байгаа бараа шиг наймаалцсанаар ард иргэдийн итгэл үнэмшлийн гол хүчин зүйл болох төрийн алба шарилжаар дүүрээд байна. Дунд сургуулийн боловсролгүй, бичиг үсгийн анхан шатны мэдлэггүй нөхөд төрийг удирдах хэрэгт оролцож байгааг харахаар тэд мөнгөөр л энэ албан тушаалд очжээ гэж хардахаас аргагүйд хүргэж байна.
Төрийн байгууллага, төрийн удирдах албан тушаалтан яагаад ийм нэр хүндгүй болчихов оо? Мэргэжлээрээ олон жил ажилласан, салбараа мэддэг, чадвартай төрийн албан хаагчид олон бий. Гэвч албан тушаалыг бараа шиг наймаалцсан, наймаалцахаар ярилцсан нэг л болчимгүй үйлдлээс болоод төрийн байгууллага шарилжинд дарагдсан цэцгийн мандал мэт муухай харагдаж эхэллээ.
Тэгвэл төрд байгаа энэхүү шарилжийг яаж цэвэрлэх ёстой вэ. Шарилжийг үндсээр нь сугалвал дахин ургадаггүй. Үүний жишгээр анх төрийн албан тушаалыг наймаалцах тухай ярилцсан нөхдөөс эхэлж хариуцлага тооцох хэрэгтэй. Хариуцлагын тухай би эхэлж ярьж бичээд байгаа юм биш. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн нэр нөлөө бүхий эрхмүүд энэ тухай ярьж, анхааруулж, шийдвэр захирамжууд хүртэл гаргаж байсан. Гэвч шийдэлд хүрсэн ажил нүдэнд харагдаж, гарт баригдсангүй.
Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо хамгийн эхний ажил нь бараг 60 тэрбумынхантай хариуцлага тооцох тухай уулзалтууд байсан байх. Гэвч Ерөнхийлөгч маань эхлүүлсэн ажлаа мартаж орхиж. Харин Ерөнхийлөгчийг мартагдаж байх хооронд 60 тэрбумынхан төрийн байгууллагыг хануур хорхой шиг л шимэгчлэн идсээр байна.
Уг нь Монгол Ардын намын нэр бүхий, хашир, туршлагатай гишүүд 60 тэрбумаар төрийн албан тушаал наймаалцах тухай яриа нь эвлүүлэг биш гэдгийг мэдэгдсэн байгаа. Олон улсын байгууллагын шалгалтаар энэ бичлэгийг эвлүүлэг биш гэж мөн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Ардын нам сонгуульд ялалт байгуулж, олонх болж чадвал 60 тэрбум төгрөг босгохын төлөө төрийн удирдах албан тушаалыг мөнгөөр арилжаална гэж ярьсан нь үнэн болж таарсан. Гэхдээ сонгуулийн дараа албан тушал зарсан уу, зараагүй юу гэдэг нь огт хамаагүй. Гол нь ийм зүйл ярьж байгаа нь л тэдгээр хүмүүсийн хариуцлага хүлээх ёстой шалтгаан болоод байгаа юм.Гэтэл Ц.Сандуй НИТХ-ын даргаас огцорсноор энэ асуудлыг намжаачихлаа.
А.Ганбаатар гэж нөхөр анх ийм зүйл ярьсан. Түүнийг нь Ц.Сандуй дэмжсэн. Дэмжсэн учраас намын даргад уг асуудлыг танилцуулсан. Тэгэхээр хуулийнханд ч эрх баригчдад ч хэнтэй хариуцлага тооцох вэ гэж эрэл сурал болоод байх шаардлага алга.
Эдгээр хүмүүстэй уулзаж, хариуцлага тооцож, хэчнээн хүнд ямар ямар албан тушаалыг худалдсан бэ гэдгийг нь тогтоох хэрэгтэй байна. Төрийг худалдаж авч болох тухай ярьсан энэ л үйлдэлдээ нэр бүхий гурван эрхэм уучлал хүсч, дахин улс төрийн тавцанд гарч ирэхгүй болтлоо хариуцлага хүлээх ёстой юм. Гэтэл нэг нь албан тушаалаас буусан болж дүр үзүүлээд өнгөрлөө.
Ийм үйлдлийг ноён Ерөнхийлөгч гуай, УИХ-ын дарга гуай харсан мөртлөө нүд нь балай, чих нь дүлий явна.
Төрийн хямрал гэгчийг жинхэнэ утгаар нь үйлдвэрлэсэн этгээдэд яагаад ёс журмынх нь дагуу хариуцлага тооцож чадахгүй байгаа юм бэ. Эсвэл бүгд түүнд төлбөр төлж, тухайн албан тушаалдаа томилогдсон юм уу. Шударга ёс үгүйлэгдэж байна. Бидэнд үгүйлэгдэж буй шударга ёсыг Ерөнхийлөгч та л авч ирнэ гэж амласан. Энэ амлалтандаа хүрээч… Эсвэл ажил ихтэй 60 тэрбумынхантай хариуцлага тооцох тухай асуудлыг мартагнаад яваа юм уу. Тэгвэл Эзэн Чингис хаанд “Тангуд улс мөхөөгүй” гэдгийг өглөө бүр сануулдаг шиг ноён Ерөнхийлөгч танд “60 тэрбумынхан хариуцлага хүлээгээгүй” гэдгийг өглөө бүр сануулах ёстой юу?